Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 103/2018/01630/и |
Дугаар | 001/ХТ2018/01630 |
Огноо | 2018-11-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/01630
Д.Мгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШЗ2018/00080 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1162 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Ч.Н
Хариуцагч: О.Б нарт холбогдох
Үндсэн нэхэмжлэл: 97.520.000 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэл: Үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, албадан гаргуулах
Хариуцагч Ч.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Ч.Н, О.Б, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 1991 онд Ч.Алтантүлхүүртэй гэр бүл болж, охин А.Нансалмаа, хүү А.Мөнхсүлд нар төрсөн. 1999-2003 оны хооронд гэр бүлийн хамт Солонгос улсад ажиллаж, сардаа дунджаар 1,3 сая воны цалин авдаг байсан. Ч.Алтантүлхүүр бид хоёр цалингаа нөхрийн эгч Ч.Нод шилжүүлдэг байсан бөгөөд тухай үеийн Монголбанкны ханшаар нийт 45-50,000 гаруй ам.доллар илгээсэн. 2003 онд эгчид нь хадгалуулсан мөнгөөрөө байр авах гэтэл үрсэн байсан. “...хүлээж бай удахгүй байр авч өгнө...” гэсээр өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 2-41 тоот байрандаа амьдруулсан. Уг байр дүү н.Оргиохүүгийн нэр дээр авсан байр байсан. Хариуцагчаас 40,000 доллар буюу 97,520,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Ч.Н гаргасан хариу тайлбартаа: Бидний гал голомтонд Д.М амьдарч байгаа бөгөөд энэ байр түүнд хамааралгүй юм. Бид энэ байрыг 2020 он хүртэл банкны барьцаанд тавьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа орон сууцыг битүүмжилж, хураах арга хэмжээ авах гэх үед бид бололцоогоороо хойшлуулж байна. Миний дүү Ч.Алтантүлхүүр сүүлийн 4 жил түрээсийн байранд амьдарч байгаа. Ч.Алтантүлхүүр, Д.М нарыг Солонгос улсад 3 жил болоход охин А.Нансалмааг бид гэртээ авч үлдэн, энэ хоёрын явах зардал, визний төлбөр, зуучлалын хөлс гээд бүх төлбөрийг төлсөн. Тэд Солонгос улсаас илгээмжээр ачаа, зарим үед ам.доллар явуулж байсан. Энэ нь өөрсдөө ирээд авах зорилготой явуулсан ачаа, охиндоо болон манай хүүхдүүд, дүү нартаа илгээсэн илгээмж байсан. 2003 онд Монголд ирэхэд нь явуулсан 10 гаруй чемодантай зүйлийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн. Ч.Алтантүлхүүр, Ч.Мядагмаа нартай өр төлбөрийн асуудал байхгүй. Энэ хоёр Солонгос улсад ажиллаж байгаад 2003 онд Д.Мгийн ээжийн бие муудаад гэнэт Монголд ирсэн даруйдаа ээжийн бие муудаагүй бол бид нар ирэхгүй байсан, цуглуулсан мөнгөгүй болоод ирлээ гээд ирсэн. Ч.Алтантүлхүүрээс надад ирүүлсэн мөнгө бол надаас зээлж авсан мөнгө, миний явуулсан Орифлеймийн барааны мөнгө байсан. Би өөрийн авах ёстой юмыг авсан, илүү юм аваагүй. Тэр үед бид боломжийн амьдралтай, хүний хадгалуулсан мөнгийг ашиглахаар хүнд байдалд байгаагүй. Солонгос улсаас ирсний дараа дүү Ч.Алтантүлхүүр бид хоёр ярилцаад би 35сая төгрөгийн зээл аваад бар, ресторан тохижуулаад ажиллуулж эхэлсэн. 3 жил орчим ажиллуулаад Багануурт ирэх шаардлага гарсан учраас бар, ресторанаа Ч.Алтантүлхүүр, Д.М нарт орхиод, амьдарч байсан байраа үлдээсэн. Энэ хоёр бар, ресторанаа ажиллуулж чадахгүй 20сая төгрөгөөр зарсан. Ч.Алтантүлхүүр, Д.Мгаас салаад 7 жил болсон, өөр хүнтэй суусан. Тэр Солонгос улсаас ирээд надаас мөнгө, байр авна гэж хэлээгүй. Ч.Алтантүлхүүрээс явуулсан мөнгөнд Д.Мгийн мөнгө байсан талаар мэдэхгүй. Хэрвээ тийм бол Ч.Алтантүлхүүрээс нэхэмжлэх хэрэгтэй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч О.Б гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Мд мөнгө төгрөгийн ямар нэгэн тооцоогүй болно. Д.М надтай садан төрлийн холбоо байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч О.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний эцэг Ш.Очир 1987 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 41 тоот 3 өрөө орон сууцыг надад өвлүүлсэн. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998-03-17-ны өдрийн 6 тоот тогтоолоор уг орон сууцыг хувьчилж авсан. Байрны хамтран өмчлөгчөөр эхнэр Ч.Н, охин Б.Мөнх-Учрал, Б.Мөнх-Энэрэл нарыг бүртгүүлсэн. 2003 онд эхнэрийн дүү Ч.Алтантүлхүүр Солонгос улсаас ирээд эхнэр Д.М, охин А.Нансалмаа нарын хамт бидэнтэй цуг амьдрах болсон. Ингээд бид 2006 оноос Багануур дүүрэгт амьдрах болж байрандаа эхнэрийн аав, Ч.Алтантүлхүүрийг гэр бүлийнх нь хамт үлдээсэн. Би тухайн үед эхнэрээ бодож ийм шийдвэр гаргасан. Одоо энэ байранд Д.М хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Эхнэрийн аав, дүү Ч.Алтантүлхүүр нар энд амьдрахаа больсон. 2003 оноос хойш түрээс төлөлгүй амьдарч байсан.Иймд Д.Мг албадан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ч.Алтантүлхүүр бид хоёр Солонгос улсад ажиллаж байхдаа авсан цалингаа Ч.Н, О.Б нарт хадгалуулах зорилгоор шилжүүлж байсныг хариуцагч нар нь үрэгдүүлсэн.Тийм учир байр авч өгөхөөр амлаж биднийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 41 тоот өөрсдийн байрандаа амьдрах санал тавьж, бид өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна. Бидний байр авах зорилгоор хадгалуулсан мөнгийг үрж, байрандаа амьдруулах санал тавьсан байж одоо байрнаас албадан гаргуулна гэж байгааг зөвшөөрөхгүй. Мөнгөтэй, байрны бололцоотой болтлоо энэ байранд байж бай гэсэн.Энэ хүмүүсийг байр авч өгтөл энэ байрнаас гарах боломжгүй. Ч.Алтантүлхүүр хүүхдүүдээ харж ханддаггүй, миний хоёр хүүхдийг орох оронтой болгосон цагт гарна, тэрнээс нааш гарахгүй гэжээ.
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШЗ2018/00080 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Д.Мгийн нэхэмжлэлтэй, Ч.Н, О.Б нарт холбогдох 97,520,000 төгрөг тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 2-41 тоот 3 өрөө орон сууцыг Д.Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцнаас албадан гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Д.Мд, О.Боос төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Мгаас 70,200 төгрөг гаргуулж О.Бод олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1162 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШЗ2018/00080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ноос 7120 ам.доллар буюу 17,327,659 төгрөгийг гаргуулж, Д.Мд олгож, нэхэмжлэлээс 80,192,341 төгрөг болон О.Бод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “олгосугай” гэснийг “олгож, Ч.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 244 588 төгрөгийг гаргуулж, Д.Мд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Ч.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалаар хариуцагчаас 17,327,569 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж тооцооллыг ойлгомжгүй байдлаар гаргаж шийдвэрлэсэн. Талуудын маргаж байгаа үйл баримт нь 1999 оноос 2003 оны хооронд болсон байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж олсон цалин хөлс, бусад орлогыг хариуцагч нараас нэхэмжилсэн байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжилсэн төлбөрийг Ч.Алтантүлхүүр шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн төлбөрийн аль хэсгийг гэр бүлийн дундын өмч хөрөнгө, бусад хэсэг гэх зэрэг бодит талаас нь дүгнэлгүйгээр шүүх хийсвэр дүгнэлт гаргасан. Мөн 7,120 ам.долларын төлбөрийг нэхэмжлэх эрхийг яаж тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзэлгүй шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хэрэв давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр Иргэний хуулийн 106.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй бол хөөн хэлэлцэх хугацаа мөн хуульд заасан үндэслэлээр дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.М 2018-01-10-ны өдөр Ч.Н, О.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 40,000 ам.доллар буюу 97,520,000 төгрөг шаардсан /хх 1/-г хариуцагч нар зөвшөөрөөгүй маргажээ. /хх 43/
О.Б 2018-02-05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, 34б байрны 41 тоот 3 өрөө орон сууцыг Д.Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг /хх 45/ хүссэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан Ч.Нын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Д.М хариуцагчаас мөнгө шаардахдаа “...Солонгос улсад нөхөр Ч.Алтантүлхүүрийн хамт ажиллаж байхдаа хариуцагч нарт мөнгө шилжүүлж байсан бөгөөд уг мөнгийг буцаан гаргуулна...” гэсэн үндэслэл заажээ.
Зохигч нар мөнгө шилжүүлж байсан, уг мөнгийг Ч.Н хүлээн авч байсан талаар маргаагүй ч нэхэмжлэгч уг мөнгийг “...хадгалуулсан...” гэсэн үндэслэлээр буцаан шаардсан бол Ч.Н нь “... надад өгөх ёстой байсан мөнгөө төлсөн...” гэж маргажээ.
Ч.Алтантүлхүүр, Д.М нар 1991-12-19-ний өдөр гэр бүл болсон мөн Бүгд Найрамдах Солонгос улсад хамт ажиллаж байхдаа Ч.Нод мөнгө шилжүүлэн өгч байсан талаар маргаагүй тул энэ үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн нь буруу биш байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг Д.М, Ч.Алтантүлхүүр нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Ч.Н Д.Мгаас мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрхтэйг нотлох баримт байхгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Ч.Нын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1162 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Ч.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-26-ны өдрийн 103/ШЗ2018/00798 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ