Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 06

 

 

Х.Эт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар, 

шүүгдэгч Х.Э,

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Х.Эт холбогдох эрүүгийн 201717000096 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг түр оршин суух, ял шийтгэлгүй, Х.Э 

Х.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Сүхбаатар аймгийн 

Баруун-Урт сумын 6 дугаар багт байрлах “Э” зочид буудалд С.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр С.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Прокуророос Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаар захирамжаар: 

Тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа хохирогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан, мөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, хүсэлтийг шүүх хүлээн авах үндэстэй. Үүнд:

 

“Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/11 дүгээр тогтоолыг хохирогч С.Бад танилцуулсан гэх боловч хэзээ танилцуулсан нь тодорхойгүй, огноогүй, мөн гардуулсан баримт хэрэгт байхгүй.

Энэ тогтоолд “... тогтоолыг хүлээн авч танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, хууль буруу хэрэглэсэн. 

Энэ тогтоолд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад буюу тогтоол гарснаас хойш 5 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хохирогч С.Ба энэ тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хэргийг шүүхэд ирүүлсний дараа гаргасан.

Прокуророос Х.Эм, С.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй атлаа, хэрэгт гэрч С.Бдоос гаргаж өгсөн саарал өнгийн 80 минут/700 МВ багтаамжтай, дуу, дүрсний бичлэг бүхий хатуу дискийг эд мөрийн баримтаар хураан аваад, хүний эрхэнд халдаж бичлэг хийсэн гэж үзэж маргаж байгаа нь ойлгомжгүй, үүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй.

Х.Э, Х.Эм, С.Г нар хохирогч С.Бын эгч С.Бо, С.Бд нарт мөнгө өгөх талаар ярьсан асуудал, мөн хохирогч С.Ба, шүүгдэгч Х.Э нарын хувийн байдал, хоорондын харилцааг хэрэгт нэр дурдагдах Хулан болон бусад хүмүүсээс асууж тодруулах шаардлагатай, дээр дурдсан зөрчлүүд болон нэмж хийлгэх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. 

 

Прокурор эсэргүүцэл, тайлбартаа: ... Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг оролцогч нарт танилцуулж, гарын үсэг зуруулсан. Хохирогч гарын үсэг зурахдаа огноо тавиагүй, гомдол гаргаагүйг хохирогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. Хохирогчийн өмгөөлөгчид утсаар мэдэгдэхэд танилцахгүй, шүүх дээр очсоны дараа хэрэгтэй танилцана гэсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.” гэж заасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн. Оролцогчийн гомдол гаргахыг хүлээн хэргийг хэрхэхийг зохицуулсан зохицуулалт энэ хуульд байхгүй. Хохирогчид гомдол гаргах журмыг тайлбарлан өгч, тогтоолд гарын үсэг зуруулсан. 

Шүүгч Х.Эм, С.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрх бүхий албан тушаалтан биш. 

Гэрч С.Бдын гар утсаар хийсэн гэх бичлэг нь дангаар Х.Эм, С.Г нарыг С.Бын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэж үзэх үндэслэл болохгүй. 

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй атал яллагдагч Х.Эт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг зөрчсөн. Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаах үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй, шүүх хуралдаанаас шийтгэх, цагаатгах тогтоол гаргах журмыг зөрчсөн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаад тогтоогдоогүй асуудлыг шалгуулахаар прокурорт буцаасан. Яллагдагч нар хохирогч С.Багийн ах, эгч нарт мөнгө өгөх талаар ярьсан гэх боловч энэ нь тогтоогдоогүй. Хохирогч, шүүгдэгч хоёр  хувийн  харилцаатай  байсан  эсэх  нь  хэрэгт  нөлөөлөхгүй,  Хулан  гэх  хүнийг 

асууж тодруулах талаар зааж өгсөн нь учир дутагдалтай байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Х.Эт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Шүүгдэгч Х.Эт холбогдох хэргийг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Эт  холбогдох, эрүүгийн 201717000096 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Эт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь   шүүхийн   шийдвэрт   нөлөөлсөн,  эсхүл   нөлөөлж   болохуйц  нөхцөл  байдал 

тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн 

дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД         Б. ДЭНСМАА

С.ОЮУНТУНГАЛАГ