Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэнгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э”ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар,

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: “XV-014032 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах,

“Э”ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт,

“Э”ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар

 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, Э.Б, Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2020/0463/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “Э”ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “XV-014032 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар даалгуулах, “Э”ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт, “Э”ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Э”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “2.1. ХV-014032 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах шаардлагын тухайд:

 

2.1.1. Хариуцагчаас "... төсөвт нөхөн олговор тусгах талаар чиглэл өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид нөхөн олговор олгохгүй хариуг албан бичгээр өгсөн.

2.1.2 Харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлын үндэслэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөөр тайлбарлаж, улмаар шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд ойн сан бүхий газартай давхцан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон 9993.59 га талбайд нөхөх олговор авах хүсэлтээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журамд заасан баримтыг бүрдүүлэн 90 хоногийн дотор гаргаагүй болох нь тогтоогдож байна...” гэжээ.

“Э”ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсэг нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол гарснаар “ойн сан бүхий газар”-тай давхацсан. үүнтэй холбогдуулан нөхөх олговор авах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нөхөх олговрын хүсэлт гаргасан 9993,59 га талбай нь ойн сан бүхий газартай давхцалтай талаар хэргийн оролцогчид маргадаггүй.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4-д “Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгү” 3.4.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж заасан.

Шүүхийн шийдвэрт дурдсанчлан нэхэмжлэгч компаниас "... ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй ...” нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа биш. Өөрөөр хэлбэл энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах нь хууль, шударга ёсонд нийцэхгүй.

 

Учир нь, хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ "... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад тус тус даалгасан. Уг журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох Зууны Мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрийн 239, 240 дугааруудад Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргана” гэсэн заалтын дагуу хууль, журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй.” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газар нь ойн сан бүхий газартай Засгийн газрын 2012 оны 6 дугаар сард гарсан тогтоолын улмаас давхацсан буюу хариуцагчийн тайлбарт дурдсан "2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонинуудад нийтэлсэннь нэхэмжлэгч “Э”ХХК-д ямар ч хамааралгүй байна.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн тайлбарт дурдагдсан зар хэвлэгдсэн, нийтлэгдсэн эсэх талаар баримт гаргуулсан бөгөөд сонины редакцуудаас “Э”ХХК-ийн нэр давхцалтай компаниудын нэрийн жагсаалтад байгаагүй, хэвлэгдээгүй талаар хариу ирүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл сонинд зар нийтлүүлсэн хугацаа нь “Э”ХХК-ийн газрын давхцал үүсэхээс цаг хугацааны хувьд өмнө байхад шүүгч хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл явдал, нөхцөл байдлыг зохих ёсоор үнэлээгүй, цаг хугацааны зөрүүтэй байдал байхад логик дүгнэлт хийж чадаагүйгээс хэзээнээс 90 хоногийг тооцох талаар ч дурдахгүйгээр зөвхөн хугацаандаа хүсэлт гаргаагүй гэж нэхэмжлэгчид бурууг оноосон нь шударга бус байна.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдааны явцад тайлбарласанчлан нөхөх олговор олгох журмын 3.4.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” бол нөхөх олговор олгохгүй байхаар зохицуулсан, энэ журамд заасан “давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлэх” үүрэг нь "хариуцагч”-н үүрэг юм.

2.1.3. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хайгуулын талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцаагүй тул давхцаагүй хэсэгтээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана. гэж заасны дагуу өргөдөл гаргаж үйл ажиллагаа явуулах боломжтой байжээ...” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэхүү зохицуулалтад “Э”ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагад дурдагдсан нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэх харилцаа хамаарахгүй байхаар мөн хуулийн 4-д “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасныг шүүгч харгалзаж үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2.1.4. Шүүх шийдвэртээ "... Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6-4326 дугаар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-4681 дүгээр, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5204 дүгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүлээн авсан хүмүүс тус компанид ажилладаггүй, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай давхцалтайг мэдээгүй гэх боловч энэ нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзлээ...” гэсэн нь дээр дурдсанчлан давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийг үүргээс нь чөлөөлж байгаагаас ялгаагүй байна.

Нөгөө талаараа хариуцагч байгууллага аливаа мэдэгдэл, албан бичгүүдээ хүргэх ёстой хүн, хуулийн этгээддээ гардуулаагүй, мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасныг тус тус зөрчсөн буюу “Э”ХХК-ийн эрх, ашиг сонирхолд халдсан байхад шүүх хариуцагчийн буруутай үйл ажиллагааг хаацайлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно.” гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахдаа танай компани мэдэгдэл авчихсан байдаг...” хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласантай холбоотой “мэдэгдсэн” үйлдэл нь бодит байдал дээр “Э”ХХК-д чиглээгүй талаар нэхэмжлэгч талаас мөн тайлбар өгч, хэрэгт энэхүү мэдэгдэл хүлээн авсан хүмүүс нь нэхэмжлэгч “Э”ХХК-д ажилладаггүй болох талаар баримтыг хэрэгт авахуулсан боловч шүүх хариуцагчийн үүргийг бусдад үүрүүлж "...Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлүүдийг тусгай зөвшөөрлийн хамт хүргүүлсэн бөгөөд мэдэгдлүүдийг хүлээн авсан хүмүүс (мэдэгдэл хүлээн авсан хүмүүс тус компанид ажилладаггүй гэх боловч) нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрлийг өгч мэдэгдлийг хүлээлгэн өгөөгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа давхцалтай эсэхийг 1. мэдэгдэл хүргүүлсэн учир мэдсэн байх ёстой, 2. хэвлэлд нийтлүүлснээр мэдсэн байх ёстой хэмээн тус тус тайлбарлаж байхад шүүх эдгээрийг өөрөө сайн дураар үгүйсгэж мэдэгдэл хүргүүлсэн, хэвлэлд нийтлүүлснээс үл хамаарч нэхэмжлэгч компани “...лавлах мэдэх боломжтой байжээ...” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хөндсөн агуулгатай болжээ.

Хууль тогтоомжид заасан “хэвлэлд нийтлүүлснээс 90 хоногийн дотор” хүсэлт гаргах зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдэх эрхийг хангах зарчмаас үүдэлтэй, тодруулбал эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхдээ мэдсээр байж үйлдэл хийгээгүй бол эрхийг чинь хангахгүй, сэргээхгүй харин хариуцагч байгууллагаас үүргээ биелүүлээгүй буюу танай тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талбай давхцалтай талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй бол эрхийг нь хязгаарлахгүй гэж тайлбарлагдана гэж үзэж байна.

2.2. “Э”ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг Ашигт малтмалын газарт, “Э”ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт "... Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах хугацааг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өөрөөр зохицуулаагүй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй тул нэхэмжлэгчийн ...цар тахлаас шалтгаалан нөөц бүхий хайгуулын үр дүнгийн тайлан бичих бололцоогүй, ашиглалтын тусгай зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх ямар ч боломжгүй байсан гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм ...” гэжээ.

Ингэхдээ юуг үндэслэж, яагаад, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаараа огт дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэсэнтэй нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч “Э”ХХК нь Ковид-19 цар тахлаас шалтгаалан нөөц бүхий хайгуулын үр дүнгийн тайлан бичих бололцоогүй, цаашлаад хуульд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх ямар ч боломжгүй болсон байсан учир хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч чадаагүй бөгөөд давагдашгүй хүчин зүйл болохыг тогтоосон гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүхээс Ковид-19 цар тахалтай холбогдуулан хэрэглэх хуулийг тодорхойлохдоо зөвхөн “... Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Ашигт малтмалын хуульд зааснаар өөрөөр зохицуулаагүй учир “Ашигт малтмалын тухай” хуулийг энэхүү маргаанд хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.” гээд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан өргөдлийг гаргаагүй байна” гэхээс өөр дүгнэлт хийгээгүй байна.

Ашигт малтмалын хэрэг маргааныг шийдвэрлэхэд ялангуяа хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулах дүгнэх зайлшгүй шаардлага гардаг, Улсын дээд шүүхийн зөвлөмжид “Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн захиргааны төв байгууллагад гаргаагүй талаарх маргаан их гарч байна. Энэ талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй тул шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн тохиолдол нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон барьцаалагчид тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа талаар Кадастрын бүртгэлийн төв урьдчилан мэдэгдсэн эсэх зэргийг заавал шалгаж тогтоох шаардлагатай.” гэж заасны дагуу заавал шалган тогтоох асуудлууд байдаг.

Гэтэл шүүх коронавируст цар тахлын талаар зохицуулсан хууль тогтоомжид ашигт малтмалын асуудлыг зохицуулаагүй гээд хэргийн бодит нөхцөл байдлыг хангалттай тодруулж, дүгнээгүй, коронавирус цар тахал нь “хүндэтгэн үзэх шалтгаан” нөхцөлд хамаарч байгаа, үр дагавар нь нэхэмжлэгч компанид хэрхэн нөлөөлсөн эсэхийг шалгаагүй, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбоотой хуулийн зүйл, заалт баримтлаагүй нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хангалттай дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэл болж байна.

Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан нийтэд илэрхий нөхцөл байдлын улмаас ялангуяа хүндэтгэн үзэх шалтгааны зохицуулалт бичигдээгүй Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хайхрамжгүй хандаж байгаа нь цаашдаа гарах энэ төрлийн маргаануудыг шийдвэрлэхэд буруу жишиг болох боломжтойг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох замаар давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч “Э”ХХК-ийн гаргасан “ашигт малтмалын хайгуулын ХV-014032 дугаар тусгай зөвшөөлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтэд шийдвэр гаргахыг даалгах” шаардлагын тухайд :

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн 73690,75 гектар талбайн 9994,36 гектар талбай нь хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцсантай холбоотой “нөхөх олговор авах хүсэлтээ Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалты бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговор олгох журам”-ын дагуу 90 хоногийн дотор гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна” гэх үндэслэлээр нөхөх олговор олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо тухайн хугацааг аль үеэс эхэлж тооцсон нь тодорхойгүй, энэ талаар холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байна.

2.2. Дээрх журмын 3.4-т “Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй:”...3.4.2-т “...ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс ойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн давхцсан талаар ямар өдөр тутмын хэвлэлд, хэзээ нийтлэгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэх боломжгүй.

2.3. Мөн нэхэмжлэгчийн нөхөх олговор авахыг хүссэн хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгээр өгсөн татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгах шаардлага гаргасан байх бөгөөд уг албан бичигт заасан татгалзсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгчийн “... ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ковид-19 цар тахлын улмаас  үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар тооцон сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах ашигтлалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр гаргасан “... цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгож өгнө үү” гэсэн хүсэлтэд  3/4763 дугаар албан бичгээр “хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Ашигт малтмалын хуулийн 24.1-д зааснаар хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гаргах эрхтэй тул өргөдлийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

3.2. Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлдээ “... цар тахлын улмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргадаг баримтуудыг гаргах боломжгүй байсан” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нь дүгнэлт өгөлгүй, “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах хугацааг Короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зохицуулаагүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу өргөдлөө гаргаагүй тул цар тахлын улмаас өргөдлөө гаргах боломжгүй байсан гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

3.3. Нэхэмжлэгчийн “... тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дуусахаас өмнө цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотой тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх талаар удаа дараа хүсэлтээ гаргасаар байсан” гэх тайлбартай холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгч компанийн хувьд цар тахлын нөхцөл байдал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргах боломжгүйд хүргэсэн давагдашгүй хүчин зүйлд хамаарах эсэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтуудыг бүрдүүлэх боломжтой байсан эсэх гэх зэрэг нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

3.4. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ойн сан бүхий газартай тухайн тусгай зөвшөөрлийн талбайн өөр өөр хэсэг давхцсан байх бөгөөд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэнгийн “... бид ойн сан бүхйи газартай давхцсаныг мэдээгүй. Тухайн талбайд бодит байдлад ой байхгүй. 10 жил хайгуул хийгээд ашигт малтмал илрээгүй, дараа нь өөр хүмүүсээр хайгуул хийлгэсэн.  ... гэвч цар тахал гараад хил нээгээгүй учраас ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлөө гаргах боломжгүй болсон  ... ” гэх тайлбар зэргээс үзвэл хариуцагчийн ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн аль талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлөө гаргах эрх нь зөрчигдсөн гэж үзсэн талаар нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай байна. 

4. Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7-д зааснаар нотлох баримтыг дутуу цуглуулсан, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ