Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00005

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

Болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий Хөх нохой Ч.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Г нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст “Сум баг, агентлагийн бодлого үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтэн” хэмээх төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан юм.

Намайг ийнхүү ажлаас халсан шалтгааныг удирдлагын зөвшөөрөлгүй ажил таслан, албан үүргээ ханлатгүй биелүүлсэн гэж тушаалд заасан байсан.

Минйибие ар гэрийн шалтгаанаар БНСУ-д 3 сараар ажиллах болж, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Г-т албан ёсоор бичгээр хсэүт гарган чөлөө олгохыг хүссэн ч намайг ялгаварлан, үл хүндэтгэж чөлөө олгохоос татгалзсан. Улмаар энэ асуудлаар аймгийн Засаг дарга Л.Г-д хандан өөрийнх нь Тамгын газрын ажилтны хувьд чөлөө олгоход дэмжлэг үзүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхийг гуйж албан бичгээр хандсан Л.Г-д дарга “Чи ямар ч байсан яваад ир, би Х.Г даргад учрыг ойлгуулж хэлье” гэснээр минйибие БНСУ-г зорьсон. Явчихаад ирсний дараа Х.Г даргатай биечлэн уулзахад “чамайг ажлаас халсан байгаа, харин өөрийн хүсэлтээр халагдсан болгох шаардлагатай бол өргөдлөө өг” гэж хэлсэн бөгөөд тухайн үед бм ямарч тушаал гардаж аваагүй.

Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд миний амьдралын нөхцөл байдлыг хүндэтгэж үзээгүй миний эрхийг хөндсөн тушаал гаргахдаа шалтгаан нөхцлийг асууж тодруулж, миний саналыг сонсоогүйд гомдолтой байсан боловч арай ч ажилгүй орхихгүй байх гэж харж байсан тул аймгийн Засаг даргатай болон албаны бусад хүмүүстэй уулзан 2018 оны 6 сарыг хүргэсэн. Арга буюу Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хуульд заасан журмаар гомдол гаргж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3/1455 дугаартай албан бичгээр “шүүхэд хандах эрхтэй” гэсэн хариу авсан тул танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Би ажиллаж байх хугацаандаа  ажил үүрэгтээ алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаагүй. Харин ажил тасалсан тухайд намайг буруутгаж болох ч төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж миний эрх зүйн байдал, амьдрал ахуйг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г нар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэл гаргагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хчүингүй болгох, ажилд эгүүлэн тогтоох ажтлгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгалын дэвтэр эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах,

Хариуцагч: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Б.О-ийн жирэмсний амралтын хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж, түр ажлын байраар хангах” -аар тохиролцож, шүүхийн маргааныг эвлэрлээр дуусгахаар болжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г нар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “Нэхэмжлэгч гаргагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 он 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хйилгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах,

Хариуцагч: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Б.О-ийн жирэмсний амралтын хугацаанд албан үүргийгтүр орлон гүйцэтгүүлж, түр ажлын байраар хангах”-аар тохиролцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 201.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 201.1-д “... хариуцагчтай эвлэрэх”

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 21.1.1-д” ... нэхэмжлэгчтэй эвлэрэх ...” гэжээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, ... хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”,

68.4-т “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг балалж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж эвлэрэн хэлэлцэж байгаа нь хууль харшлаагүй бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г нар нь

Нэхэмжлэл гаргагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хчүингүй болгох, ажилд эгүүлэн тогтоох ажтлгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгалын дэвтэр эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах,

Хариуцагч: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Б.О-ийн жирэмсний амралтын хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж, түр ажлын байраар хангах” -аар тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийнг 47.1, 47.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ