Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 300

 

“Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагч татварын улсын байцаагч А.Болормаа, З.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 470 дугаар магадлалтай, “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын /хуучнаар/ Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагч А.Болормаа, З.Энхтуяа нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 15 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 470 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1, 14.1.1, 14.4-т заасныг баримтлан “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 210201534 тоот актыг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 470 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ворлдзоне интернэйшнл” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх 11/1111 тоот гэрээний дагуу “Сандэй” ХХК-иас 255,993,627.0 төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийсе таур”-ын барилгын 11 давхрын 1110 тоот 71.5 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авсан. Уг үндсэн хөрөнгө нь “Ворлдзоне интернэйшнл” ХХК-ийн хувьд үндсэн хөрөнгө нь юм. Дээрх үндсэн хөрөнгийг тус аж ахуй нэгж нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” 12.1.5-д “үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл” гэж заасны дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлаар дамжуулан татвар ногдох орлогоос хасалт хийж өртгөө нөхөх хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл НББОУС 2-т “бараа материал” стандартын нэр томьёонд “худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал” гэнэ, бараа материалд дараах хөрөнгө орно, үүнд бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулах эзэмшиж байгаа хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс”-ийг хамааруулахаар заасан буюу худалдан борлуулах зорилго агуулаагүй бол бараа материалд оруулахгүй гэж заасан байна.

Гэтэл тус аж ахуй нэгж нь үйлчилгээгээ нэмэгдүүлэх зорилгоор өөртөө үндсэн хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг худалдан авч үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байгаа нь Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д “үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох тус татварын хасалтыг хийнэ”, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.7-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Одгэрэл, Ц.Мөнхтуяа нар тус компанийн 2011 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 340019968 дугаар актаар 2,273,523.70 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3400100 дугаартай “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг үйлдэж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг 23,962,363.9 төгрөг гэж тооцжээ.

Үндэсний татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч З.Энхтуяа, А.Болормаа нараас дээрх баталгаажуулалтын актыг хянаж, дахин шалгах нь зүйтэй гэж үзэн дахин шалгаад 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 210201534 дүгээр “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийг төсөвт 1,636,582.2 төгрөгийн татвар төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч “Ворлдзоне интернэшнл” ХХК нь “манай компанийн худалдан авсан оффисын талбай нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.1-д заасан бараанд хамаарч байгаа учир уг худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авах эрхтэй” гэж маргаж, татварын улсын байцаагч З.Энхтуяа, А.Болормаа нарын үйлдсэн 2015 оны 210201534 дугаартай актыг хүчингүй болгуулах, 25,512,899.4 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ворлдзоне интернэшнл” ХХК нь үндсэн чиглэлээр гадаад худалдаа, туслах чиглэлээр худалдааны зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг, БНСУ-ын “Тайгуг фарм” эмийн үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж 5 төрлийн эмийн бус бүтээгдэхүүн борлуулдаг, үйл  ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Peace tower” нэртэй оффис, үйлчилгээний барилгад 85.4 м.кв талбай бүхий байрыг 2011 онд “Сандэй” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнээр худалдан авч, төлбөрийг 2015 оны 2 дугаар сард төлж дуусган, үүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 25,599,362.70 төгрөгийг НӨАТ-ын 2015 оны 2 дугаар сарын тайланд тусгаж тайлагнасан, уг байрыг үндсэн хөрөнгөөр бүртгэсэн, эдгээр үйл баримттай нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.2-т “...“бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, 84.2-т “эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна” гэж тодорхойлсноос үзвэл, оффисын зориулалтаар худалдан авч, ашиглаж байгаа байр нь “бараа” мөн бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэж зааснаар уг “бараа”-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах зохицуулалттай байна.

Түүнчлэн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасны дагуу худалдан авагчийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан “бараа”-нд төлөгдсөн  нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх уг татвараас хасахаар зохицуулжээ.

Харин нэхэмжлэгчийн оффисын зориулалтаар худалдан авсан уг байрыг “үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх” зориулалттай гэж үзэхгүйн зэрэгцээ ийм зориулалтаар худалдан авч, ашиглаж байгаа гэдэг нь тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “...үйлчилгээ” гэдгийг, нэхэмжлэгчийн эрхэлж буй “...гэрээт борлуулагчаар ажиллаж 5 төрлийн эмийн бус бүтээгдэхүүн борлуулдаг” үйл ажиллагаанд холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “...“үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг” ойлгоно гэж зааж, 7 дугаар зүйлийн 7.4-т “үйлчилгээ үзүүлсэн”-д хамааруулах үйл ажиллагааг жагсааснаас үзэхэд, нэхэмжлэгчийн эрхэлдэг “эмийн бус бүтээгдэхүүний борлуулалт”-ын үйл ажиллагааг “үйлчилгээ” үзүүлсэнд хамааруулж ойлгох эрх зүйн үндэслэлгүй тул уг байрны худалдан авалтад төлөгдсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг “илүү” төлсөн гэж үзэж, буцаан олгох боломжгүй юм.

Дээрх байдалд үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 470 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН          

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ