| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07886/И |
| Дугаар | 5984 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 5984
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, “Транскапитал ББСБ” өөрийн байранд байрлах, “Транскапитал ББСБ” ХХК /РД: 2626209/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 9 дүгээр гудамж, 301 тоотод оршин суух, Олхонуд овогт Түдэвдоржийн Хуяг-Очир /РД: ЧИ57100113/-т холбогдох,
8 772 380 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Хуяг-Очиртой 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 081507220620 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 081507220620 дугаар барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Т.Хуяг-Очирын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюуш-9 гудамж, 301 тоот хаягт байршилтай 18640318615022 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн Т.Хуяг-Очирын өмчлөлийн 104 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн орон сууцны зориулалтай обьектыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Т.Хуяг-Очир нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Т.Хуяг-Очир нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6 972 464 төгрөг, хүү 1 488 264 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 297 653 төгрөг, авлага 14 000 төгрөг, нийт 8 772 380 төгрөгийн төлбөртэй байгаа. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан Т.Хуяг-Очироос зээлийн гэрээний төлбөр 8 772 380 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Хуяг-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Транскапитал ББСБ”-аас нэхэмжилсэн 8 772 380 төгрөгийг төлж барагдуулах, мөн мөнгө өгөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” ХХК нь хариуцагч Т.Хуяг-Очирт холбогдуулан 8 772 380 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Транскапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 8 772 380 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Хуяг-Очир бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Транскапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мягмаржавт холбогдох 8 772 380 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 8 772 380 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюуш-9 гудамж, 301 тоот хаягт байршилтай 18640318615022 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2205003951 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 140 м.кв талбайтай газар болон Улсын бүртгэлийн Ү-2205040049 дугаарт бүртгэлтэй, 104 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 308 төгрөгийн тал хувь болох 77 654 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 77 654 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 77 654 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН