| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06841/И |
| Дугаар | 5985 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 5985
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 6-79 тоотод оршин суух, Боржигин овогт Баярсайханы Энэрэл /РД: УХ89020826/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс хороолол, баруун үйлдвэрийн гудамж-4, МТI байранд байрлах, “Глобалбридж” ХХК /РД: 5108411/-д холбогдох,
2 491 424 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсон ба 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдааны төлөөлөгч, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мерчендайзинг менежирээр тус тус ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тойрох хуудсаа зуруулж, нийгмийн даатгалын дэвтэрээ авсан. Ажлаас чөлөөлөгдөх тушаал гарснаас хойш 1 сарын дараа барьцаа хөрөнгийг буцааж олгоно гэж барьцааны гэрээнд заасан байдаг. Гэвч одоог хүртэл цалингаас сар суутгаж байсан 50 000 төгрөг, нийт 1 435 000 төгрөг, хүүгийн төлбөрт 244 424 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын эхний цалин 200 000 төгрөг, сүүлийн цалин 552 000 төгрөг, амралтын мөнгө 560 000 төгрөг, нийт 2 991 424 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Глобалбридж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид мерчиндайзинг менежерээр ажиллаж байсан Б.Энэрэл нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг компанийн Захиргаа, Хүний нөөцийн албанд гаргасан байх бөгөөд компанийн зүгээс ажилтаны бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэж 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлаас чөлөөлж, тойрох хуудас зурагдаж дууссан. Хөдөлмөрийн гэрээний 37 дугаар зүйл хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно... гэх заалтын 37.1.1-д талууд харилцан тохиролцсоноор...гэх, 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогч буюу ажилтаны санаачлагаар цуцласан ... гэсэн заалтуудаас харахад ажилтаны бичгээр гаргасан хүсэлтийг компани хүлээж аваад талууд харилцан тохиролцсоноор ажилтаны хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн хуулийн дагуу дуусгавар болсон байна. Мөн хуулийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэх” дагуу ажилтан Б.Энэрэл нь ажлын байраа орхин явсанаар хөдөлмөрийн гэрээ ажилтаны санаачлагаар цуцлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ганцаарчилсан маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхийн журмаар шийдвэрлэхээр заасан. Хуулийн 126 дугаар зүйл 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ... 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлүүлэх маргааныг хуульчилж өгсөн байх бөгөөд энэ зүйл заалтанд нэхэмжлэгч талын үүсгэсэн маргаан нь шүүхээр шийдвэрлүүлэх маргаанд хамаарахгүй байгаа тул шүүхэд хандсан нь маргаан шийдвэрлэх процессийн хувьд алдаатай байна. Хуулийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч талын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч талын үүсгэсэн хөдөлмөрийн маргаан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бөгөөд анхлан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн хуульд заасан байна. Уг маргааныг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар хэлэлцэн шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энэрэл нь хариуцагч “Глобалбридж” ХХК-д холбогдуулан цалингаас суутгасан барьцаа төлбөрт 1 435 000 төгрөг, хүүгийн төлбөрт 244 424 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын эхний цалин 200 000 төгрөг, сүүлийн цалин 552 000 төгрөг, амралтын мөнгө 560 000 төгрөг, нийт 2 991 424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийг шаардлагыг “...хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх маргаан, ...маргааныг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар хэлэлцэн шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Цалингаас барьцаа төлбөрт суутгасан 1 435 000 төгрөг, хүүгийн төлбөрт 244 424 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь хариуцагч “Глобалбридж” ХХК-д ажиллаж байгаад ажилтан буюу нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу тус байгууллагын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 016/69 дүгээр тушаалаар түүнийг мерчиндайзинг менежерийн алдбан тушаалаас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Зохигчид дээрх ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал болон нэхэмжлэгч тухайн байгууллагад хөдөлмөрлөж байсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Ажилтан болон ажил олгогч нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 28 дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний гол зорилго нь ажилтан хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болон байгууллагад хохирол учруулбал уг барьцаа хөрөнгөөс хохирлыг арилгуулах шинжийг агуулсан байна. Мөн барьцааг сар бүр ажилчны цалингаас 50 000 төгрөгийг суутган хуримтлалд төвлөрүүлж бүрдүүлэхээр заасан байхаас гадна сарын хүүг 1.3 хувиар тооцсон байна. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд зохих тооцоог дуусгасны дараа барьцаа мөнгийг хүүгийн хамт ажилтанд буцаан олгохоор заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар ажилтны цалин хөлснөөс зөвхөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, мөн хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд суутгал хийж болох бөгөөд дээрхээс бусад тохиолдолд цалингаас суутгал хийхийг хуулиар хориглосон байна.
Гэтэл ажил олгогчоос ажилтантай байгуулсан дээрх барьцааны гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтыг зөрчсөн хэлцэл байх тул шүүх уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх 2 гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус юм.
Хариуцагч нь уг гэрээний дагуу сар бүр 50 000 төгрөгийг нэхэмжлэгчийн цалингаас суутгаж байсан үйл баримтыг үгүйсгээгүй байх тул гэрээ байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 1 000 000 төгрөгийг ажил олгогч нь ажилтны цалингаас үндэслэлгүйгээр суутгасан байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр дээрх 1 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хүүгийн төлбөрт 244 424 төгрөг шаардсан байх бөгөөд хариуцагч нь уг төлбөрийг үгүйсгээгүй байх тул шүүх хүүгийн төлбөрийг буюу 50 000 төгрөгийн сарын 1.3 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр хохиролд тооцох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 000 000 төгрөгийн хохиролд буюу хүүгийн төлбөрт 136 580 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
2. 2016 оны 3 дугаар сарын эхний цалин 200 000 төгрөг, сүүлийн цалин 552 000 төгрөг, амралтын мөнгө 560 000 төгрөг, нийт 1 312 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-д зааснаар ажилтан нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй ба уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 200 000 төгрөг, сүүлийн цалин 552 000 төгрөг, мөн ээлжийн амралтын мөнгө 560 000 төгрөгийн асуудлаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мөн уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь дээрх маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэгдэх маргаан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 1 136 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 354 844 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч “Глобалбридж” ХХК-иас 1 136 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 354 844 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН