| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07455/И |
| Дугаар | 5986 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 5986
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 55А-р байрны 16 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Хөх шигтгээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 55Б-р байрны 41 тоотод оршин суух, Соёмбот овогт Эрдэнийн Мөнхбаатар /РД: МЮ88032311/-д холбогдох,
848 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Лувсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөх шигтгээ” СӨХ-ны төлөөлөгч Я.Лувсан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Мөнхбаатар нь 6 сараас дээш хугацаагаар төлбөрөө сайн дураар төлөөгүй удаа дараа амаар болон бичгээр шаардаж мэдэгдэл хүргэсэн боловч биелүүлээгүй. 2014 оноос 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 824 000 төгрөгний өр үүссэн. Үүнд, санаатай төлөөгүй СӨХ-ны төлбөрт 848 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Лувсан миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 232 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 617 900 төгрөгийг хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулж байна. Бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөх шигтгээ” СӨХ нь хариуцагч Э.Мөнхбаатарт холбогдуулан СӨХ-ны төлбөрт 848 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 848 900 төгрөгийн 232 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 617 900 төгрөгийг хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хөх шигтгээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Э.Мөнхбаатарт холбогдох, 848 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 848 900 төгрөгийн 232 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 617 900 төгрөгийг хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19 187 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН