| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0110/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/124 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/124
2020 оны 08 дугаар сарын 12 Дугаар 2020/ШЦТ/124 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах /онлайнаар/,
Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Буяннэмэхийн Мд холбогдох 2029001420104 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 35 км-т байрлах Зайсан гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Отгонбаяртай маргалдан зүүн гуяанд нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2029001420104 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн болохоор ахин мэдүүлэг өгөх шаардагагүй гэж үзэж байна.” гэв.
Хохирогч Ю.Отгонбаярын: “...21 цагийн үед М, Дэлгэрсайхан бид 3 буцаад морины уяан дээрээ суугаад морины уяаныхаа талаар ярилцаж байсан тэгсэн М чиний морьдын уяа сойлго болсон гэж бодоод байгаа юм уу гэсэн тэгэхэд нь би болсон ч болоогүй ч наадам болдогоороо болно гэж хэлсэн тэгсэн М босч ирээд чи муу хэгжүүрхээд байна уу гээд гараа далайхад Дэлгэрсайхан Мыг тэвэрч аваад зүүн урагшаа явсан, би босоод баруун хойшоо явж байтал М гүйж очоод манай шонгийн хэцийг хутгаар тасалсан тэгэхээр нь би Мөнхтулгатай утсаар яриад М агсам тавиад шонгийн хэц тасалчихлаа хүрээд ир гэж хэлсэн тэгсэн М араас гүйж ирээд миний морь луу явж байна уу гээд над руу дайрахад Дэлгэрсайхан араас нь ирээд тэврээд авсан би зүүн урагшаа алхаад явахад хойноос М гүйж ирээд тонгойх шиг болоод гүйгээд явсан тэгсэн зүүн гуя руу халуун оргихоор нь хартал цус гарч байсан ...М өөрийнхөө барьдаг жижиг хүрэн иштэй хутгатай байсан. Зүүн гуяны гадна зузаан маханд ташуу чиглэлтэй 4 см гүн дүрсэн байна 2 оёдол тавьсан гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 26-27-р хуудаст/
Гэрч Г.Дэлгэрсайханы: “...Отгонбаяр, М 2 мориноос болж зодолдохоор нь салгасан. Тэгээд би Мы бүснээс дугтарч салгаад буцаад Отгонбаяр луу гүйж явахдаа надад хутга байгаа гээд хутга гаргасан тэгэхэд нь би араас нь гүйж очоод дахиад бариад авсан чинь гар тавиулаад шон дээр очоод морьд уяатай байсан хэцийг хутгаар огтолж тасалсан ... Мы бүснээс тавихад М Отгонбаяр луу гүйсэн араас нь Тулгаа ах гүйсэн би ард нь үлдсэн удалгүй Отгонбаяр намайг хутгалчихлаа гээд орилсон ... зүүн гуяны гадна талд өвдөгнөөс бага зэрэг дээгүүр хутгалсан байсан. Мы өөрийнх нь жижигхэн бор иштэй эвхэгддэг хутга байсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудаст/
Гэрч Н.Мөнхтулгын: “...М гэнэт Отгонбаярын байгаа зүг рүү гүйсэн би араас нь гүйгээд очиход дүрчлээ энийг хардаа гээд зүүн хөлийн гуяруугаа харсан тэгтээл харахад Отгонбаярын зүүн гуянаас цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 36-37-р хуудаст/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №402 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Ю.Отгонбаярын биед зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 40-41-р хуудаст/,
Яллагдагч Б.Мы: “...Би Отгонбаяртай маргалдаж улмаар зүүн хөлийнх нь гуян тус газар нь хутгалсан. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-н 52-53-р хуудаст/
Шүүгдэгч Б.Мы хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 58-64-р хуудаст/,
Б.Мы арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 77-82-р хуудаст/,
Б.Мы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 76-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 35 км-т байрлах Зайсан гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Отгонбаяртай маргалдан зүүн гуяанд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн болохоор ахин мэдүүлэг өгөх шаардагагүй гэж үзэж байсан” гэх мэдүүлэг
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ю.Отгонбаярын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Мы хохирогчийн зүүн гуяанд хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан байна.
Хохирогч Ю.Отгонбаярын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №402 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Биед үзлэг хийж, эмнэлэгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Ю.Отгонбаярын биед зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх-н 41-р хуудас/ дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Ю.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ханбогд сумын сум дундын прокурорт гаргасан өргөдөлдөө ”...Б.Маас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй тул хохирогч Ю.Отгонбаяр миний бие нь шүүх хуралд оролцох хүсэлгүй байна. Одоо бид хоёрын хооронд өс хонзон маргаан байхгүй тул ял шийтгэлийг хөнгөн оноож өгнө үү.” /хх-ийн 88-р хуудас/ гэжээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Мы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдсөн байдал болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “... учруулсан хохиролыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 76-р хуудас/
Шүүгдэгч Боржигон овогт Буяннэмэхийн М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Энэ хэрэгт шүүгдэгч нь хохирогч Ю.Отгонбаярт 2.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.