Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 6029

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 24 дүгээр байр, 133 тоотод оршин суух, Хиад боржигон овогт Гончигсүрэнгийн Мөнхбаяр /РД: ХН73031475/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 101 дүгээр байр, 144 тоотод оршин суух, Цахар овогт Чинбатын Шинэчимэг /РД: ШГ85020484/-д холбогдох,

 

Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Тэмүүлэл хотхон 101-144 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагч Ч.Шинэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь өөрийн хөрөнгөөр Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхоны 101 дүгээр байрны 144 тоот байрыг 2010 онд “Эко констракшн” ХХК-иас худалдан авч амьдарч байгаад 2012 оноос иргэн Ч.Шинэчимэгтэй 2 жилийн хугацаанд тус орон сууцанд хамтран амьдарч байсан. 2014 онд Ч.Шинэчимийн зүгээс “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгеөс ногдох хэсгийг гаргуулах, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг тогтоолоор Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Тэмүүлэл хотхон 101-144 тоот орон сууц нь Г.Мөнхбаярын зуун хувийн өмчлөлийн, хуваарьт хөрөнгө болохыг 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000135835 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тогтоосон. Иймд дээрх орон сууцыг Ч.Шинэчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Шинэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь миний 2 хүүхдийн эцэг бөгөөд тэрээр хүүхдийн тэтгэлэг төлдөггүй. Эцэг байх үүргээ биелүүлдэггүй. Уг орон сууцанд би түүний 2 хүүхдийн хамьт амьдардаг. Хэрэв намайг орон сууцнаас чөлөөлөх юм бол хүүхдүүдийг хэн харах вэ. Мөн нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг төлөх талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрээр энэ байр нь Г.Мөнхбаярын 100 хувийн өмч гэж хэдийн тогтоосон боловч Г.Мөнхбаяр өөрөө шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлийг төлөхгүй байгаа. Шүүхийн шийдвэрээр энэ байрыг захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж битүүмжилсэн байгаа. Энэ байранд би ганцаараа амьдардаггүй. Г.Мөнхбаярын 2 хүүхэдтэй хамт амьдарч байгаа. Энэ байрнаас гарлаа гэхэд би 2 хүүхэдтэйгээ хамт гудамжинд гарна. Мөн энэ хүн тэтгэлгээ төлөхгүй байгаа учраас энэ байрнаас гарах боломжгүй. Би өөрөө энэ байрнаас гараад явж болно. Гэвч хүүхдүүдийг асарч хамгаалах хүн байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаяр нь хариуцагч Ч.Шинэчимэгт холбогдуулан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 144 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг төлдөггүй, ...уг орон сууцанд нэхэмжлэгчийн 2 хүүхэд амьдардаг” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2015/02315 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 929 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 745 дугаар тогтоолоор Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 144 тоот орон сууцыг нэхэмжлэгч Г.Мөнхбаярын хуваарьт хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн, хариуцагч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн эсэхэд маргаагүй байхаас гадна нэхэмжлэгч дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135835 дугаар гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

 

Дээрх орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх, мөн түүнийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нь тухай орон сууцыг эзэмших эрхтэй эсэхээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, эцэг байх үүргээ биелүүлэхгүй байгаа нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмших үндэслэл болохгүй.

 

Иргэн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх тул нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 144 тоот орон сууцыг бусдын буюу хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 144 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөх байснаас 283 000 төгрөг төлж, 212 800 төгрөг илүү төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу илүү төлсөн 212 800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхбаярын өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 144 тоот орон сууцыг хариуцагч Ч.Шинэчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 282 800 улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН