Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 6055

 

          Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, кино үйлдвэрийн гудамж-78 тоот, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Медиа боловсрол суваг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 307 тоотод байрлах “Монгол Дайвин” ХХК /РД: 2791617/-д холбогдох,

 

11 409 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Медиа боловсрол суваг” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Монгол дайвин” ХХК-тай 03/01-46 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг хамтран ажиллах гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Монгол дайвин” ХХК-ийн зар сурталчилгааг өөрийн Боловсрол суваг телевизийн эфирээр цацах, үүний хариуд “Монгол дайвин” ХХК нь контентын дундуур цацагдах рекламыг секундыг 2750 /НӨАТ тооцсон үнэ/ төгрөгөөр тооцон төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу манай телевиз 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл манай телевизийн эфрээр цацсан 2766 секундын рекламны төлбөрт “Монгол дайвин” ХХК нь нийт 7 606 500 төгрөгийг манай компанид төлөх ёстой байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг болон бидний хоорондын хамтран ажиллах гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.4 дэх заалтуудад тус тус заасныг үндэслэн манай компанид төлөх ёстой үндсэн төлбөр болох 7 606 500 төгрөгийг бидний хоорондын гэрээний 3.5-д “гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцон телевизэд төлнө” гэж заасныг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алданги 3 803 250 төгрөг, нийт 11 409 750 төгрөгийг “Монгол дайвин” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Монгол Дайвин” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь өөрийн компаний санаачлан хэрэгжүүлж буй "Атмор-24 төсөл"-ийн хүрээнд “Медиа боловсрол суваг” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 03/01-46 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, Боловсрол суваг телевизийн эферээр 1 секунтын рекламыг 2750 төгрөгөөр цацуулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлж буй “Атмор-24 төсөл”-ийн үйл ажиллагааг сурталчилан 2766 секунтын рекламыг “Боловсрол суваг телевиз”-ийн эфирээр дамжуулан нийтэд түгээсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн байдлаар нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-д 7 606 500 төгрөгийн өглөгтэй байна. Монгол улсын хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас барилгын салбарын үйл ажиллагаа уналтанд орж иргэдийн орон сууц худалдан авах чадамж буурсантай холбоотойгоор манай компаний санхүүгийн үйл ажиллагаа хүндэрсний улмаас бид өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талд дээрх төлбөрийг төлж чадаагүйгээр байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж 11 409 750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 606 500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэгдэл 3 803 250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал хариуцагч талаас нэхэмжилсэн 11 409 750 төгрөгийн шаардлагын 1 901 625 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9 508 125 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь хариуцагч “Монгол Дайвин” ХХК-д холбогдуулан 11 409 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 11 409 750 төгрөгийн 1 901 625 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9 508 125 төгрөгийг хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Медиа боловсрол суваг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Монгол Дайвин” ХХК-д холбогдох 11 409 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 11 409 750 төгрөгийн 1 901 625 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9 508 125 төгрөгийг хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167 080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН