Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 786

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 2005024731279 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, **** нарын хамт *** аймаг,*** сум, *** 00 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт О-н А /РД: РГ00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.А нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Дүүхээ” төвийн автобусны буудал дээрээс такси барих гээд зогсож байсан хохирогч Ж.Г-ын Ай фон 6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.Г-ын: 

“...2020 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед Хорооллын эцэс дээр байдаг “Дүүхээ” төвийн хажууд явж байсан. Тэгээд би тамхи татах гээд хажуугаар нэг жижгэвтэр биетэй бор царайтай залуу явж байхаар нь “ахын дүү гал байна уу” гэж асуухад надад гал гаргаж өгөөд би тамхи асаагаад явах гэтэл цуг дагаад яваад байсан. Тэгээд яриа өдөөд байсан, тэгээд би пиво авч өгөхөөр болоод тэр залуутай танилцсан. Цуг алхаж яваад би харьмаар санагдаад “ах нь харьлаа” гээд такси барихаар замруу алхаж явахад “ахаа та утсаа өгч байгаа ч нэг яриад өгье” гээд байсан. Би зөвшөөрөөгүй такси барих гээд баруун гартаа гар утсаа бариад такси зогсоох гээд гараа өргөөд байж байтал нөгөө цуг байсан залуу миний гарнаас гар утсыг минь булааж аваад хорооллын эцэс рүү гүйсэн. Би араас нь 100 метр орчим гүйгээд гүйцэлгүй алдсан. Миний rap утас Айфонэ 6 маркийн цагаан өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гар утас байгаа юм. Одоо би гар утсаа 280.000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх15-р хуудас/,

2. “Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн БГ2-20812 дугаар “Хохирогч Ж.Г-ын алдсан  iphone 6 маркийн гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /хх33-34-р хуудас/,

3. Шүүгдэгч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байсан байх Хорооллын эцсийн “Дүүхээ” төвийн урд талд найзтайгаа уулзаад буцаад явж байхад нэг согтуу ах надаас гал асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд надтай яриа өдөөд танилцсан. Тэр ах надтай цуг пиво уумаар байна гэхээр нь тэгье гэж хэлээд манай гэрт очиж пиво уухаар болсон. Тэгээд дагуулаад явж байгаад “ахаа ганц утсаар яриад өгье” гэж хэлээд утсыг нь 00 гаран хоног барьж байгаад цагдаа нарт баригдсан. Би авсан гар утсаа буцаагаад бүрэн бүтэн өгсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх40-41-р хуудас/,

4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх16-17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч О.А нь “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч О.А нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хороо “Дүүхээ” төвийн автобусны буудал дээрээс такси барих гээд зогсож байсан хохирогч Ж.Г-ын Айфонэ 6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх16-р хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх17-р хуудас/,

 -Хохирогч Ж.Г-ын мэдүүлэг/хх15-р хуудас/,

 -Гэрч Б.З-ийн мэдүүлэг/хх19-р хуудас/

 -Шүүгдэгч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх40-41-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.А нь хохирогч Ж.Г-д бие махбодь, сэтгэл зүйн хүч хэрэглээгүй, мөн хүч хэрэглэхээр заналхийлээгүй, харин хохирогчийн гар утасыг авч зугтсан энэхүү үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Ж.Г-ын гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.А-ээс хураан авч, хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.А-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчид прокурор, яллагдагч нарын тохиролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугцааанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 232 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд тэнсэж, үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

-       Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005024731279 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт О-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч О.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ