| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07653/И |
| Дугаар | 6059 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 6059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 3-2 дугаар байр, 138 тоотод оршин суух, Чингүнжав овогт Банзрагчийн Цогзолмаа /РД: ЧБ66022601/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, өөрийн байранд байрлах, Хүүхдийн төв сувилал /РД: 9088253/-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хүүхдийн төв сувилалд 29 жил тасралтгүй ажилласан ба 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах тухай өргөдлөө бичиж захиргаанд өгсөн ба 6 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоож ажлаас чөлөөлсөн тушаалын 1 хувийг даргын туслахаас авсан ба бичиг баримтаа бүрдүүлэн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өнөөдөр насны тэтгэврээ тогтоолгосон. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр намайг Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж тушаал гарсан боловч хөдөлмөрийн гэрээг бичгээр дахин шинээр байгуулаагүй ба 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад 8 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орсон. Ажилд ороход “тэтгэврийн хүмүүсийг 9 дүгээр сарын 01ний өдрөөс гарга гэж дээрээс үүрэг өгсөн гэнэ лээ” гэж хүмүүс ярьж байхыг сонссон. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хүүхдийн төв сувиллын төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цогзолмаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2015 онд байгууллагын санхүүд хандаж Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дугаар заалтын дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах судалгаанд хамрагдан, Эрүүл мэндийн яамд уламжилснаар 2016 онд байгууллагын төсөвт тэтгэмж болох 17 565 000 төгрөг тусгагдсан. 2016 оны 5 дугаар сард тэтгэмжийн мөнгөний эхний хэсэг ирсэн тул хүсэлт гаргасан Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Туяа, Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа нараас тэтгэвэрээ тогтоолгох эсэх талаар санал асуухад Б.Цогзолмаа тэтгэвэрээ тогтоолгож тэтгэмжээ авах саналтай байсан ба 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичгээр гаргасан. Түүний хүсэлтийн дагуу захирлын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаар “Ажлаас чөлөөлөх, тэтгэвэр тогтоолгох тухай” тушаал гарсанаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр үндсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дараагийн мэргэжилтэнг томилогдох хүртэл гэсэн түр хөдөлмөрийн гэрээ байгуулж захирлын 2016 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн Б/34 тушаалаар түр ажиллуулж байсан. Дараагийн мэргэжилтэнг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилох шийдвэрийг ажил олгогчийн зүгээс гаргасан тул Б.Цогзолмааг ажпаас чөлөөлөх тухай захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 зүйлийн 37.1.3 дахь заалтын дагуу Б.Цогзолмааг ажлаас чөлөөлсөн Б/58 тушаал нь хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогзолмаа нь хариуцагч Хүүхдийн төв сувилалд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох хэсэг нь бие даасан шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгчийг ажилд түр томилсон байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ажил олгогчийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, ажилтан өөрөө хүсэлт гаргасан үндэслэлээр түүнийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 08-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.
Улмаар ажил олгогчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Б.Цогзолмааг Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилон ажиллуулж, мөн ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажиллаж байсан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Ажил олгогч байгууллагын Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр нь байнгын ажлын байр эсэхэд талууд маргаагүй байх бөгөөд харин талууд уг ажлын байранд нэхэмжлэгчийг түр томилсон буюу хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан эсэхэд маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх бөгөөд мөн зүйлийн 23.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно. Түүнчлэн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэгтэйгээс гадна хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан гэрээний нэг төрөл тул хуульд заасан гэрээнд тавигдах шаардлагыг хангасан байна. Гэтэл нэхэмжлэгчтэй 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түр буюу “дараагийн мэргэжилтэнг томилох хүртэл” байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээнд ажилтан гарын үсэг зурсан нь баримтаар нотлогдохгүй байх тул талуудыг хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна байнгын ажлын байранд ажилтантай харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ба харин дээрх үндэслэлийг дахин хэрэглэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасантай нийцэхгүй юм. Иймд ажил олгогчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 759 872 төгрөгийг /2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх нийт ажлын 32 хоног, 2016 оны 6, 9, 10 дугаар сарын дундаж цалин хөлс 1 328 282 + 1 109 498 + 1 109 498 төгрөг= 3 547 278 /3 сар= 1 182 426 /21.5 хоног=1 хоногийн 54 996 төгрөг х 32 хоног/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгав.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 759 872 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/58 дугаар тушаалыг ажилтан эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг анх ажилд авсан тушаал, тооцооны хуудсыг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цогзолмааг Хүүхдийн төв сувиллын Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Хүүхдийн төв сувиллаас 1 759 872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цогзолмаад олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхмаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хүүхдийн төв сувилалд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 43 108 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН