Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Насанд хүрээгүй хохирогч Б.Б

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Л овогт Г.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум, 3 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт Г.Б,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Төмөр замчдын байрны талбайд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 08 сарын 15-ны орой А, Э хоёрыг хадан дээр ууж байхад нь би очиж аваад төмөр замчдын байрны гадаа аваачсан. Тэгээд тэнд байж байсан чинь Б нэг найзтайгаа явж байсан. А Т-тэй уулзаад дараа нь Б-тэй маргалдаад байхаар нь би Б-г нэг удаа цохиод бид хэд гэр гэртээ харьсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад мэдүүлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэх болон ярих зүйл байхгүй” гэв.

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04/105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Б-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, орчны эдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Б.Б-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 24/

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 25/

Шинжээч эмч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Б-н биед учирсан гэмтлүүд нь бүгд зүүн талдаа байгаа ба эдгээр нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бүрэн боломжтой гэмтлүүд юм...” гэв. /хх-ийн 21/

Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-45/

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 48/

Шүүгдэгч Г.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-тай хохирлын тал дээр харилцан тохиролцсон тухай баримт /хх-ийн 54/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Шүүгдэгч Л овогт Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Төмөр замчдын байрны талбайд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Б-г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, орчны эдэд зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол учруулжээ.

Шүүгдэгч Г.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...хажуу талд нь байсан бор царайтай махлаг биетэй надархуу өндөртэй хантааз өмссөн ах чимээгүй зогсож байгаад миний зүүн нүд рүү нэг удаа цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гараад Т бид хоёр гэртээ орсон. Миний хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Удалгүй Б гэрээсээ гараад ирэхэд А уулзаад маргалдаад зогсож байсан. Тэгээд маргалдаад зогсож байсан. Тэгээд нэг мэдэхэд Б Б-г зохьсон байсан. Тэгээд бүгдээрээ гэр гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,  гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр хоёрыг дуудахад Т хүрээд ирсэн. Б цаанаас хараад зогсож байсан. Т-тэй уулзангаа Б-г танихгүй болохоор тэр хэн бэ? гэж асуугаад байж байтал Б өөрөө хүрээд ирсэн. ...Тэр үед Б бид хоёрын хажууд сууж байгаад босож ирснээ Б-г нэг удаа зүүн хацар дээр зохьсон. Тэр үед Б нүүрээ гараараа дараад явган сууж байсан. Тэгээд Т Б-г дагуулаад гэрлүү нь орсон. Тэгээд бид гурав гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, шинжээч эмч П.Г-н “...Б.Б-н биед учирсан гэмтлүүд нь бүгд зүүн талдаа байгаа ба эдгээр нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бүрэн боломжтой гэмтлүүд юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...надад 1,000,000 төгрөгний хохирол учирсан. Миний хохирлыг төлж барагдуулсан. Надад хохирлын талаар ямар нэгэл санал хүсэлт байхгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй болох нь нотлогдож байх тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд улсын яллагчийн шүүх хуралдаанд гагасан санал, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, хэрэгтэний хувийн зан төлөв, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ    ШҮҮГЧ                                Д.Ц