| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07819/И |
| Дугаар | 6102 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 6102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Хадат 4 дүгээр гудамж, 44 тоот /БНТурк улс, Истанбул хотод оршин суух/ Боржигон овогт Бат-Өлзийгийн Онон /РД: ЧН80081301/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 40 тоотод оршин суух, Ваар бөө овогт Моломын Баасандорж /РД: ЧН75052317/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагч М.Баасандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Онон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Баасандоржтой 2004 оноос хамтран амьдарч байсан ба 2009 онд бидний дундаас охин Минжин төрсөн. М.Баасандорж нь намайг элдвээр хэлж доромжлох болсноос гадна гэр бүлээс гадуур амьдралтай болсон тул миний бие Турк улс руу ажиллахаар явсан. 2014 оны 9 дүгээр сард миний бие Монголд ирж охиноо авч явсан. М.Баасандоржтой тусдаа амьдраад 3 жил болж байна. Иймд охин Б.Минжинд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхэд Турк улсад явсанд санаа зовж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Онон нь хариуцагч М.Баасандоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талууд 2004 онд танилцан хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаанд буюу 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Баасандоржийн Минжин төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 0000382027 Г-10 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эцэгээр овоглодог, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжинд өсөн торниж байгаа үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байхаас гадна хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн, мөн талууд цаашид хамтран амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр охин Б.Минжинд эцэг М.Баасандоржоос тэтгэлэг гаргуулж олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхээр байна.
Дээрх үндэслэлээр охин Б.Минжинг эх Б.Ононгийн асрамжинд үлдээж, эцэг М.Баасандоржоос тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Минжинг эх Б.Ононгийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Минжинд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг М.Баасандоржоос гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН