Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.О

Өсвөр насны шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Т-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн З суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Т.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймаг Замын-Үүд сумын 4-р баг “О” хүнсний дэлгүүрийн урд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Ц.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хэлэлцүүлэгт: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.  Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой 21 цагийн орчимд Замын-Үүд сумын 4-р багт байх “О” хүнсний дэлгүүрийн урдах сагсан бөмбөгийн талбайд зүс таних Г гэдэг хүүхдийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шалтгаан нь манай нэг найз болох М гэдэг эмэгтэй хүүхдийг Г урд өдөр нь дээрэлхсэн гэж сонсоод М-г өмөөрснөөс болсон. Би Г-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ их харамсаж байна. Ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Хэргийг хөнгөн шийдэж өгнө үү. Би Г-с уучлалт гуйсан, эмчилгээндээ хэрэглээрэй гээд Г-т 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг бэлнээр өгсөн. Г надад гомдолгүй, бас надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Өсвөр насны шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ” ...Өмнөх мэдүүлгүүд дээрээ үнэн зөв мэдүүлсэн учир одоо мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед би Замын-Үүд сумын 4-р баг “О” хүнсний дэлгүүрийн урд байх сагсан бөмбөгийн шийдэн дээр тоглож байтал зүс таних манай сургуульд сурдаг байсан Т гэх ах ирээд намайг шууд загнаж чи манай найзыг дээрэлхсэн байна гээд шууд 2 гараараа ээлжилж намайг алгадсан. Би нүүрээ хамгаалаад хойш ухрахад үргэлжлүүлэн баруун гараа зангидан миний зүүн нүдэнд 1 удаа хүчтэй цохисон. Би манараад газар унасан. Намайг газар уначихсан байхад Т нүүр лүү бас 1 удаа өшиглөсөн. Энэ үед Т-г хамт явж байсан хүүхэд нь хориглож байсан. Т-тай хамт явсан хүүхдүүд намайг зодоогүй, харин Т намайг зодож байхад тэр хүүхдүүд хориглож байсан. Т намайг ганцаараа зодож гэмтээсэн. Тэр өдөр гэрт аав, ээж байгаагүй болохоор би хэнд ч хэлээгүй юм. Т-н өмөөрсөн найз нь гэх охинтой би урд өдөр нь яг энэ сагсны талбай дээр сагс тоглож байгаад муудалцсан. Тэр охинтой хэрэлдсэнээс цаашгүй. Энийг л яриад Т намайг зодсон. Миний зүүн нүд хөхөрч цус хурсан. Хавдсан байсан нь одоо буучихсан. Хамраас бага зэрэг хатсан цус нөж гарсан. Өөр гэмтэл учраагүй. Одоо биеийн байдал гайгүй, хэвийн байгаа. Т намайг зодсон асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Одоогоор нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-н хууль ёсны төлөөлөгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 сарын 24-ний өглөө Улаанбаатар хотоос вагоноор Замын-Үүд суманд гэртээ иртэл манай том хүү Ц.Г-н зүүн нүд хөхөрч цус хурсан байсан. Юу болсон талаар асуухад 2020 оны 08 сарын 21-ний өдөр сагсан бөмбөг тоглож байхдаа муудалцаж зүс таних хүүхдэд цохиулсан гэсэн. Энэ үеэр би гэртээ байгаагүй эзгүй байсан. Ингээд би тэр хүүхдийг олж эцэг эхтэй нь уулзах гэсэн боловч боломж олдоогүй. Иймээс  хүүхдээрээ өргөдөл бичүүлж цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар болсон. Дараа хүүгийнхээ сургууль дээр очиж Т.Т гэдэг хүүхэд миний хүүг зодсон болохыг мэдэж авсан. Т нь жилийн өмнө 9-р ангиа төгсөөд сургуулиас гарсан. Одоо сурдаг гэсэн сураг гарсан. Хүүхэд гэсэн чинь насанд хүрчихсэн залуу юм билээ. Ц.Г-н зүүн нүд хөхөрч цус хурсан, толгой нь бага зэрэг өвдсөн, хамраас цустай нөж хааяа бага багаар гарсан байдалтай байдаг. Т гэх залууд хуулийн хариуцлага тооцуулж өгнө үү. Эмчилгээний хохиролд нэхэмжлэх зүйл одоогоор алга” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний орой 21 цагийн “О” хүнсний дэлгүүрийн урд байх сагсан бөмбөгийн талбайд найзууд болох Т, Б, О, У нарын хамт сагс тоглохоор очсон. Бид нар тоглох ээлжээ хүлээгээд байж байтал М Г гэх хүүхдийг заагаад намайг дээрэлхсэн хүүхэд энэ байна гэсэн. М бид нарт бүгдэд нь хандаж хэлсэн М гээд охин нь бид нартай найзалдаг юм л даа. Гадаа харанхуй болчихсон байсан ба бүдэг гэгээнд Г гээд заасан хүүхэд нь сагс тоглож байсан. Бид нар эхлээд нэг их тоогоогүй. Тэгж байгаад Т очъё гэхээр нь У бид З очсон. Тэгтэл Т чи яагаад эмэгтэй хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ? гээд шууд Г-г хэд хэд алгадаад авсан. Үргэлжлүүлээд нүүр лүү нь гараараа цохихоор нь У бид 2 Т-г барьж аваад болиулсан. Г газар сууж байсан. Хажуугаар нь хүүхдүүд гүйлдээд байсан ч хэн гэдгийг нь мэдэхгүй, харанхуй болчихсон байсан. Тэрүүгээр олон л хүүхэд байсан. Т Г-г зодох үед бол У бид 2 л хажууд нь байсан. Тэгээд Т-г салгаад бид нар шууд гэр лүүгээ явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...  Маргааш орой нь зүгээр сагс тоглох гэж яваад Г-той таарсан. М байж таараад бид нарт Г-г зааж өгсөн. Г-г зодох бодол агуулаагүй, зүгээр очиж уулзахаар Т, Б бид гурав Г дээр очсон. Бусад нь цаана үлдсэн. Очоод чи яагаад эмэгтэй хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ? энэ тэр гээд зогсож байтал гэнэт Т урдуур ороод Г-г алгадаад эхэлсэн. Болчих байх гэтэл үргэлжлүүлээд Т гараа зангидаад Г-н нүүрэнд 2 удаа цохиод авсан Г хойшоо ухараад газар доошоо хараад суучихсан. Хоромхон зуур л болоод өнгөрсөн. Нэмээд зодчихвий гээд Б бид 2 Т-г хориглож болиулсан ба шууд тэндээс гэрийнхээ зүг явцгаасан. Г тэндээ үлдсэн. Г Т-т зодуулаад зүүн нүд нь л лав хавдчихсан харагдсан, бусдыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04/107 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Ц.Г-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, орчны эдийн няцрал, зүүн нүдний склерт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20-21/

 Урьдчилсан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 03/

Аюулгүй байдлын хамгааллын арга хэмжээ цуцлах тухай санал /хх-ийн 04/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 19/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын шүүгдэгчийн оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт / хх-ийн 31/

Т.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

Насанд хүрээгүй хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 40/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой  21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт “О” хүнсний дэлгүүрийн урд байрлах сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй хохирогч Ц.Г-г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, орчны эдийн няцрал, зүүн нүдний склерт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Т-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Т-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед би Замын-Үүд сумын 4-р баг “О” хүнсний дэлгүүрийн урд байх сагсан бөмбөгийн шийдэн дээр тоглож байтал зүс таних манай сургуульд сурдаг байсан Т гэх ах ирээд намайг шууд загнаж чи манай найзыг дээрэлхсэн байна гээд шууд 2 гараараа ээлжилж намайг алгадсан. Би нүүрээ хамгаалаад хойш ухрахад үргэлжлүүлэн баруун гараа зангидан миний зүүн нүдэнд 1 удаа хүчтэй цохисон. Би манараад газар унасан. Намайг газар уначихсан байхад Т нүүр лүү бас 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгтэл Т чи яагаад эмэгтэй хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ? гээд шууд Г-г хэд хэд алгадаад авсан. Үргэлжлүүлээд нүүр лүү нь гараараа цохихоор нь У бид хоёр Т-г барьж аваад болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Х.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т, Б бид гурав Г дээр очсон. Бусад нь цаана үлдсэн. Очоод чи яагаад эмэгтэй хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ? энэ тэр гээд зогсож байтал гэнэт Т урдуур ороод Г-г алгадаад эхэлсэн. Больчих байх гэтэл үргэлжлүүлээд Т гараа зангидаад Г-н нүүрэнд 2 удаа цохиод авсан Г хойшоо ухараад газар доошоо хараад суучихсан. Г Т-т зодуулаад зүүн нүд нь л лав хавдчихсан харагдсан, бусдыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн  20-21/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 19/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... Т надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Миний зүгээс Т.Т-т гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүүгийн хариуцлага нь “түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх ...” гэж энэ хуульд заажээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Т нь суралцдаг тул цаашид суралцах боломжоор хангах, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж арилсан, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т.Т-т 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.  

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Т-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний ээж Н.О-т даалгасугай.

5. Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ    ШҮҮГЧ                                Д.Ц