| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2015/9116/и |
| Дугаар | 6122 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 6122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Кекүшю тауэр, 6 дугаар давхар, 606 тоотод байрлах, “Арбаян шанд” ХХК /РД:2892413/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, 415 тоотод оршин суух, Дуут овогтой Баярмөнхийн Содном /РД:ВБ87071201/-д холбогдох,
2 636 363 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хэрлэнчимэг, Э.Одонтунгалаг, иргэдийн төлөөлөгч Б.Алзахгүйбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Содномоос 26 636 363 төгрөгийн барилгын материал худалдаж авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг хамт төлж, мөнгийг манай компани шилжүүлсэн. Тухайн үед Б.Содном манайд материал зарахдаа “Аврасиа” ХХК-ны НӨАТ падаан бичиж өгсөн бөгөөд өөрийгөө Содгэрэл гэж танилцуулсан. Гэтэл Б.Содном нь манай худалдан авсан бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 2 636 363 төгрөгийг улсын төсөвт төлөөгүй бөгөөд түүний бичсэн “Аврасиа” ХХК-ийн НӨАТ-н падаан хуурамч бичилт хийж тараасан аж ахуйн нэгжийн жагсаалтад орж, Татварын ерөнхий газраас зарлагдсан. Өмнө нь шүүхэд манай компани уг НӨАТ-ыг “Аврасиа” ХХК хамаагүй гэж мэдүүлэг өгсөн байна. Иймд Татварын байгууллага шалгаад манай компанид акт бичиж уг НӨАТ-ыг манайхаар төлүүлсэн тул уг татварт төлсөн мөнгийг Б.Содномоос гаргуулж өгнө үү. Мөн “Аврасиа” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Б.Содном шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Э.Одонтунгалаг, Д.Хэрлэнчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Содном хувь хүн, тоосгоны үйлдвэрээс тоосго худалдан авч нийлүүлдэг ба “Ар баян шанд” ХХК-д мөн тоосго нийлүүлж байсан. “Аврасиа” ХХК-ийн НӨАТ-ын падаан дээр бичигдсэн мөнгийг надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Б.Содном бол угаасаа өөрөө НӨАТ төлөгч биш учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК нь хариуцагч Б.Содном болон “Аврасиа” ХХК-д холбогдуулан 2 636 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Аврасиа” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Содномоос 26 636 363 төгрөгийн барилгын материал худалдаж авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг хамт төлж, мөнгийг манай компани шилжүүлсэн боловч Б.Содном нь манай худалдан авсан бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 2 636 363 төгрөгийг улсын төсөвт төлөөгүй ...Татварын байгууллага шалгаад манай компанид акт бичиж уг НӨАТ-ыг манайхаар төлүүлсэн тул уг татварт төлсөн мөнгийг Б.Содномоос гаргуулах” гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...Б.Содном “Ар баян шанд” ХХК-д тоосго нийлүүлсэн ...“Аврасиа” ХХК-ийн НӨАТ-ын падаан дээр бичигдсэн мөнгийг Б.Содномоос нэхэмжлэх үндэслэлгүй, ...Б.Содном НӨАТ төлөгч биш” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 12 720 000 төгрөгийн, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2 880 .000 төгрөгийн, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5 400 000 төгрөгийн, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 8 000 000 төгрөгийн, нийт 29 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг Б.Содномоос худалдан авсан талаар зохигчид маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь эдгээр худалдан авалтыг нэгтгэн Б.Содномоос 0013679569 дугаартай “Аврасиа” ХХК-ийн НӨАТ-ын падааныг хүлээн авсан байна.
Дээрх НӨАТ-ын падаан дээр тоосго 26 363 636 төгрөг, НӨАТ 10 хувь 2 636 363 төгрөг, нийт 29 000 000 төгрөг гэж бичсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын падаан нь дахин давтагдахгүй, зөвхөн тухайн НӨАТ төлөгчид олгодог баримт. Энэ утгаараа албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаадаг. Тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлдөг тул “Арбаян шанд” ХХК нь суутган төлөгч гэж үзэн “Аврасиа” ХХК, түүний борлуулагч Б.Содномд 2 636 363 төгрөгийн НӨАТ-ыг худалдан авсан тоосгоны үнэ дээр нэмж төлсөн байна.
Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын НӨАТ-ын тайландаа нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлсөн худалдан авалтаа тайлагнаж, худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын буцаалт хийх НӨАТ-ын падааныг харъяалах Татварын албанд гаргасан болох нь түүний нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, тайлангийн хавсралтаар тогтоогдож байна. Энэхүү хавсралтын 5-д бичигдсэн “Аврасиа” ХХК-ийн 28 999 999.6 төгрөгийн борлуулалтын 2 636 363 төгрөгийн НӨАТ буцаагдсан нь тус компанийн 2013 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангийн 56, 58 дахь мөрний бичилт болох худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн хасагдахгүй НӨАТ-ын дүн гэсэн бичилт, тайлангаар, энэхүү НӨАТ-ыг нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь Татварын албанд хэсэгчилэн төлж дуусгасан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдлоо.
Хариуцагч Б.Содном нь нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК-д тоосго нийлүүлсэн талаар маргаагүй боловч тоосгоны үнэд НӨАТ нэмж аваагүй, НӨАТ-ын падаан бичиж өгөөгүй гэж маргаж байх боловч шүүхээс томилсон гарын үсгийн шинжилгээний дүгнэлтээр “Аврасиа” ХХК-ийн НӨАТ-ын падаан дээрх гарын үсэг нь хариуцагч Б.Содномын гарын үсэг болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Мөн тэрээр “Аврасиа” ХХК-ийн НӨАТ-ын падааныг ашиглах эрхтэй болох, нэхэмжлэгчээс суутган авсан НӨАТ-ыг “Аврасиа” ХХК-д шилжүүлэн өгсөн эсэхээ баримтаар нотлоогүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна.
Дээрх үндэслэлээр Б.Содномыг “Арбаян шанд” ХХК-иас НӨАТ-ыг үндэслэлгүй суутган авч 2 636 363 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагчаас 2 636 363 төгрөгийг шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.Содномоос 2 636 363 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Содномоос 2 636 363 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгосугай.
2. Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь хариуцагч “Аврасиа” ХХК-д холбогдох 2 636 363 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Содномоос улсын тэмдэгтийн хураамжид 57 132 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Н.ХАНГАЛ