Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У Г29А” СӨХ-ны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 850 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “У Г29А” СӨХ

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 05 дугаар хороолол, Усны гудамж, 29А байрны хойд болон зүүн талын 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 850 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2021/0532/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 850 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн

32 дугаар зүйлийн 32.5, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У Г29А” Сууц өмчлөгчдийн холбооны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 05 дугаар хороолол, Усны гудамж, 29А байрны хойд болон зүүн талын 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “2.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хариуцагч нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны гаргасан хүсэлтэд 2921 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 02-06/1855 дугаар албан бичгээр “...зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн өргөтгөлийг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг” мэдэгдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 03-06/5549 дүгээр албан бичгээр “нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжид Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29а байрны хойд талд залган нийтийн эзэмшлийн зам талбайд 180 м.кв сэндвичэн өргөтгөл барьсныг чөлөөлөхөөр тусгагдсан... тус захирамжтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхийн байгууллагын эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн агуулга бүхий хариу тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ... энэ маргааны тохиолдолд хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглуулах хүсэлтийг хүлээн авч, шалгаад хариуг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй гэх буюу “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхээр байна...” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтэд дурдсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1855 дугаар албан бичиг нь нэгдүгээрт “У Г29А” СӨХ-нд шуудангаар болон бусад байдлаар гардуулагдаж ирээгүй ба уг албан бичиг нь анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийх явцад гарч ирсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаар, хүргүүлснийг нотолсон ямар ч баримт байхгүй, үзлэгийн явцад нотолж чадаагүй. Хоёрдугаарт уг албан бичигт дурдсан 180 м.кв сэндвичэн өргөтгөл нь нэхэмжлэгч “У Г29А” Сууц өмчлөгчдийн холбоонд хамааралгүй, иргэн Ц.Янсанжавын өмчлөлийн өргөтгөл /Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжид Ц.Янсанжав гэж тодорхой дурдагдсан/ байхад Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгө биш зүйлийг нэхэмжлэгч талд буулга гэсэн агуулгатай ойлгомжгүй утгатай байдаг, мөн уг албан бичигт газар ашиглах эрх олгох эсэхтэй холбоотой хариу өгсөн гэх ямар ч үг өгүүлбэр байдаггүй. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтэд дурдагдсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03-06/5549 дугаар албан бичигт “...Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын 29а байрны хойд талын өргөтгөл буюу сэндвичэн барилга нь нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд газар чөлөөлөх ажлын жагсаалтад тусгагдсан байна. Тус захирамжтай холбогдуулан танай Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхийн байгууллагын эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна” гэж бичигдсэн байдаг. Уг албан бичигт дурдагдсан нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч “У Г29А” СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан зүйл огт байхгүй, учир нь уг А/250 гэж ямар ч захирамж гарсныг нэхэмжлэгч талын зүгээс мэдээгүй. Гэтэл хамааралгүй асуудлаар, асуудлыг бүрэн судалж шалгалгүй хариу өгсөн байдаг. Дээрх 03-06/5549 дугаар албан бичиг нь “шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу болохоос нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрх олгохыг хүссэн хүсэлтийг “олгохоор шийдвэрлэлээ” эсхүл “хуулийн ийм ийм заалтын үндэслэн олгох боломжгүй, олгохоос татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн утга, агуулгатай хариу огт биш юм. Захиргааны байгууллагын гаргах шийдвэр гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тодорхойлжээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлахыг хуульчилсан ба захиргааны байгууллагын аливаа шийдвэр, албан бичиг нь дээрх зарчмыг хангасан байхыг шаардана. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх 2 албан бичиг нь нэхэмжлэгчид хамааралгүй асуудлаар буюу бодит нөхцөл байдалд тохироогүй, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байдгаас гадна захиргааны байгууллагын хариу албан бичиг болон шийдвэр нь хориглосон эсхүл зөвшөөрсөн байхын аль ч утгыг агуулсан хариу биш юм. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд ямар ч дүгнэлт хийгээгүй, уг албан бичгүүдийг дүгнэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлжээ. Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар аливаа этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага 30 хоногт, шаардлагатай бол дахин 30 хоногоор нийт 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрх олгохыг хүссэн өргөдлөө анх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан боловч 30 болон 60 хоногт шийдвэрлэж хариу өгөөгүй. Мөн нэхэмжлэгчид албан ёсоор ирсэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03-06/5549 дүгээр албан бичигт “шийдвэрлэх боломжгүй байна” буюу шууд утгаараа шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь дээрх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд газар чөлөөлөх байршилд багтсан сэндвичэн өргөтгөлийн барилгын эзэмшигч гэх Ц.Янсанжав нь нэхэмжлэгч “У Г29 А” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга байх ба нэхэмжлэлд гарын үсэг зурсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдоржийн эцэг болох нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл иргэн Ц.Янсанжавын гаргасан нэхэмжлэлтэй хэрэг явж байгаа тул хариуцагчийн өгсөн хариу үндэслэлтэй байна гэдэг агуулгаар дүгнэлт хийсэн, энэ 2 хэргийг хооронд нь холбож ойлгох шаардлагагүй, хэргүүдийн хоорондын шалтгаант холбоо огтхон ч байхгүй юм. Учир нь нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо Сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасны дагуу газар ашиглах эрх олгох хүсэлтээ 2020 оны 06 сарын 16-ны өдөр гаргасан, иргэн Ц.Янсанжавын өмчлөлийн сэндвичэн өргөтгөлийг буулгах шийдвэр 2020 оны 09 дүгээр сард гарсан энэ нь дээрх 2 хэрэгт шалтгаант холбоо байхгүй гэдгийг нотолж байгаа юм, нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс сэндвичэн өргөтгөлийг шүүхийн эцсийн шийдвэрээр буулгахаар болсон ч газрыг хуулийн дагуу ногоон байгууламж, тохижилт үйлчилгээг хариуцаж ашиглах хүсэлтэй байгаа, үүнийгээ ч анхан шатны шүүх хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн болно.

 

2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “.... Хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-3410-д заасан журмыг баримтална”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг .... нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлийг өгч, бүртгэлээс хасна” гэж заасантай нийцсэн байна” гэж дүгнэжээ. Гэтэл бодит байдал дээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч талаас ямар үндэслэлээр газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзсэн талаар мэдэгдсэн зүйл огтхон ч байхгүй буюу шүүхийн энэхүү хууль зүйн дүгнэлтэд дурдсан шиг үндэслэл бүхий хариуг хариуцагч талаас огтхон ч өгч байгаагүй болно. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгох эсэх асуудлаар мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн боловч дэмжигдээгүй /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ гэсэн тайлбарыг өгсөн. Энэ нь хэзээ болсон хурал, яаж шийдэгдсэн талаар баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасаар байсан, байгаа гэдгийг нотолж байгаа юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хуулийн дээрх заалтын дагуу олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой дурдсан буюу үндэслэл бүхий хариу өгсөн бол нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “шийдвэрийг хүчингүй болгуулах” байдлаар өөрчлөх байсан. Ийм зүйл болоогүй учраас эс үйлдэхүй үргэлжилсээр байсан гэж үзэж байна.

 

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан шийдвэр гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан гэдгээ тодорхой мэдэгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрх олгох тухай хүсэлт нь Газрын тухай хуулийн 44-д заасан бүрдүүлэх баримт бичгүүдийг бүрэн өгөөгүй, хангаагүй эсэх, хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь хууль ёсны эсэхэд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

2.6. Давж заалдах гомдлын 4-т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгох эсэх асуудлаар мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн боловч дэмжигдээгүй” гэдэг тайлбар гаргасан байдгийг дурдсан. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан энэ тайлбарын дагуу үнэхээр мэргэжлийн зөвлөл хуралдсан эсэх, хуралдсан бол хэзээ хуралдсан, хурлаар ямар шийдвэр гаргасан, гаргасан шийдвэрээ хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгч талд танилцуулсан эсэхийг нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай байсан.

 

2.7. Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2- т заасан бүрдүүлэх баримт бичгүүдийг бүрэн өгсөн, тус хуулийн 441 дүгээр зүйлийн 441.8-д заасны дагуу Нийслэлийн Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2021.11.23-ны өдрийн 03/3853 дугаар албан бичиг, түүний хавсралт 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10-026 дугаар Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаварт заасан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн төлөвлөлттэй Сууц өмчлөгчдийн холбооны орчны газрын ногоон байгууламж, тохижилтын төлөвлөгөөнд уялдаж байгаа талаар албан бичиг газар ашиглах эрх олгох хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан, хариуцагч талын зүгээс газар ашиглах эрх олгохоос татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 850 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. “У Г29А” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ гэх/ нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж, “Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, 29А байрны зүүн талын 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх олгохыг даалгах” нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч СӨХ-ны ашиглахыг хүссэн хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа хариу өгсөн, СӨХ-ийн ашиглахыг хүссэн газарт тус байрны оршин суугч Ц.Янсанжавын зөвшөөрөлгүй барьсан сендвичэн барилга байрлаж байгаа, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсны дотор тухайн өргөтгөлийн барилга багтсан, тухайн асуудлаар Ц.Янсанжавын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх үйл баримтууд тогтоогдсон тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй, нийтийн эзэмшлийн газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж давж заалдах гомдолоо “... А/1097 дугаар захирамжид дурдсан барилга нь Ц.Янсанжавын өмч юм. ... СӨХ-нд хамааралгүй асуудлаар асуудлыг бүрэн судалж шалгаагүй хариу өгсөн, 03-06/5549 дугаар албан бичигт огт хамааралгүй А/250 гэдэг захирамжийг дурдаж “шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн нь газар ашиглах хүсэлтийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн хариу биш байхад тухайн албан бичгүүдийг хариуцагчийн шийдвэр гэж үзэж эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. ...  СӨХ газар ашиглах хүсэлтээ 2020 оны 06 сард гаргасан, харин Ц.Янсанжавын барилгыг буулгах шийдвэр 2020 оны 9 сард гарсан, энэ 2 хэрэг хоорондоо шалтгаант холбоо байхгүй ... тухайн барилгыг буулгахаар болсон ч Сууц өмчлөгчдийн холбооны ашиглах хүсэлт хэвээр байгаа гэдгээ анхан шатны хуралд хэлсэн ... бидний хүсэлтэд шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн нь хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй мөн” гэжээ.

5. Хэрэгт авагдсан СӨХ-ны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/08 дугаар албан бичигт “нийтийн эзэмшлийн газар болон ... сендвичэн гражийг хуулийн дагуу ашиглах албан хүсэлт гаргасан. Бидний үйл ажиллагаандаа ашиглаж буй обьектыг чөлөөлөх буулгах чиглэл өгсөн байна” гэж дурджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн газар дээрх тус Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Янсанжавын сендвичэн барилгыг тухайн байдлаар нь ашиглахыг хүссэн байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2.3-д заасан “ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол зэрэг Сууц өмчлөгчдийн холбооны ашиглаж болох орчны газрын аль зориулалтад хамаарч байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна дээрх хуульд заасан зориулалтаар газрыг ашиглах тохиолдолд тухайн газар нь чөлөөтэй, хэн нэгний өмч, хөрөнгө байрлаагүй байх шаардлагатай байна. 

6. Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны ашиглахыг хүссэн газарт бусдын зөвшөөрөлгүй барьсан сендвичэн барилга байрлаж байх тул тухайн барилгыг буулгахтай холбоотой маргааныг “шалтгаант холбоогүй, хамааралгүй” гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн газрыг бодит байдалд хуульд заасан орчны газрын зориулалтаар ашиглах боломжгүй нь тодорхой байх тул Нийслэлийн Засаг дарга болон газар зохион байгуулалтын албыг “шийдвэрлэх боломжгүй” гэж хүсэлтийг буцаасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. 

7. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “У Г29А” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                      С.МӨНХЖАРГАЛ