Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00006

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.А-ийн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч Г.Ц-т холбогдох “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 39-04-086/58 дугаартай, шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ш-ааг 300 000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч ажилтай Г.Ц нь “2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Эгийн голын гүүрэн дээр гаргасан 24-н цагийн постон дээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 1-2 тоотод оршин суух иргэн Г.Ш нь Нуурын зүүн эрэг Сантын ойн сангаас байгалийн дагалт баялагийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж саатуулагдсан” гэх зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 39-04-086/58 дугаартай, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ш-ааг 300 000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.А-ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатайгаар хууль буруу хэрэглэж, иргэн Г.Ш-аад торгуулийн арга хэмжээ авч өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 1838001050285 хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Хөвсгөл аймгийн прокурорын газраас Ц.Ц-т холбогдох хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Дээрх хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 39-04086/58 дугаартай, шийтгэлийн хуудсаарх иргэн Г.Ш-ааг 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.  

Хариуцагч: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Ц миний бие 2017 оны 09 дүгээрсарын 29-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн хялбаршуулсан журмаар Г.Ш-ааг 39-04-086/58 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 000 төгрөгөөр торгосон шийтгэлийн арга хэмжээ авсаныг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Б.А-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 01 дугаар дүгнэлтээр хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г.Ш-аад ойн сангаас зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр жимс авч явсан нь тогтоогдож байна. Энэ нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дах заалтыг зөрчсөнд Зөрчлийн тухай хуулийн 7.9-ийн 1-ийг оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас үйлдэж, иргэн Г.Ш-ааг 300,000 төгрөгөөр торгожээ.

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.А тус шүүхэд Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ц-ын үйлдсэн 2017 оны 09 дүгээр сарын  06-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 39-04-086/58 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

   Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 39-04086/58 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ш-ааг 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах тухай  Хөвсгөл аймгийн  гомдлын /прокурорын дүгнэлт /шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад тэтгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй  байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.А-ийн дүгнэлт бүхий гомдлыг  хариуцагч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Ц-ын зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН