Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 08

 

О.Гд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

прокурор Н.Эрдэмбилэг, 

шүүгдэгч О.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Д.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж, шүүгч Х.Санжидмаа, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Гын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1730000480068 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Хөндлөн хайлааст гэх газар нутагладаг, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, О.Г 

 

Шүүгдэгч О.Г нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р багийн нутаг Х гэх газарт СҮЭ-0096 улсын дугаартай, Старекс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар майханд унтаж байсан Ш.О, Ш.Э, Б.О, Ж.Э нарыг дайрч, Ш.О, Ш.Э нарын амь насыг хохироож 2 хүнийг алж, Б.О, Ж.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч О.Гыг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар шүүгдэгч О.Гыг 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-д заасныг баримтлан ялтан О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар оногдуулсан 12 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн ялтан О.Гын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 15 жил 6 сараар тогтоож, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон 51 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялд оруулан тооцож, энэ хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О, Ж.Э нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Б.Батнасан нар хүүхдийн тэтгэлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч О.Г нь давж заалдах гомдол, тайлбартаа: ... Миний бие нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэцагаан сумын 1-р баг Хд өөрийн төрөл саданг цуглуулж, ургийн баярыг зохион байгуулах ажлыг гардан хийж, энэ үйл явдал 3 хоног үргэлжилж, би нойр, хоолгүй  ажиллаж, төрөл садангийн холбоотой Ш.О, Ш.Э нарын амь насыг хохироосон, Б.О, Ж.Э нарын биед хүнд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна. Би хохирогч нартай ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй, тэдгээрийг гэмтээх, амь насыг хохироох огтхон ч санаа зорилго байгаагүй, зориуд хүсэж энэ хэргийг үйлдээгүй, би хохирогч нарт учирсан бодит зардлыг төлж барагдуулсан, цаашид ч өөрийн боломжоор ар гэрт нь дэмжлэг үзүүлэх бодолтой явдаг. Надад холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү  гэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Шүүгдэгч О.Г нь болгоомжгүйгээр Ш.О, Ш.Э нарын амь насыг хохироож, Б.О, Ж.Э нарт хүнд хохирол учруулсан тул зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч О.Гд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 11.3 дугаар зүйлээр зүйлчилж өгнө  үү гэв. 

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. 

 

Шүүгдэгч О.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож автомашин, 

гэр, майхан зэргийг дайрч, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байж болзошгүй байХд нотолвол зохих гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Мөн замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 тоот дүгнэлтийн үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ. 

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр тус шүүхэд буцаахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Гд холбогдох, 1730000480068 дугаартай хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ 

ШҮҮГЧИД         Б. ДЭНСМАА

С.ОЮУНТУНГАЛАГ