Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01634

 

Н.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00262 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 201/МА2018/00015 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Н.Э

         Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох

         16,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Д.Ч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.У, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би Д ХХК-тай 2014-04- 30-ны өдөр палкан байшингийн материал нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж, 8:6 харьцаатай мансартгүй байшин бариулахаар тохирсон. Хүүхэд маань томсгоно гээд 10:8 харьцаатай мансарттай байшинг бариулахаар тохирч төлбөр болох 15 сая төгрөгийг бэлнээр төлсөн. Байшин барих явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан.  Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани дутуу материалаа авчирч ажилчид нь барилгаа барьж эхэлсэн боловч өөрийнх нь өгсөн 30 палкнаас 10 палк дутаасныг сүүлд ажилласан бригадын хүмүүс хэлсэн. Барилгыг барихдаа зураг төслийн дагуу хийгээгүй, чанаргүй, буруу барьсан учраас хоёр удаа буулгаж дахин барьсан. 2015 оны 04 сард ашиглалтанд оруулна гэсэн боловч хойшлуулсаар одоог хүртэл байшинг барьж дуусгаагүй байна. Би дээврийн төмөр 800,000 төгрөгөөр, хар цаас 300,000 төгрөгөөр авч өгсөн. Үүнийг дээвэрт хэрэглэсэн боловч одоо дээвэр нь муруй, сарий хийгдсэн учраас дээврийг хуулж дахин хийлгэх шаардлагатай байна. Харин төмөр, хар цаасыг хуулахаар дахин ашиглах боломжгүй байна. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй 1,5 жилийн хугацаа хэтрүүлээд байна. 3-4 удаа ажилчид нь ирж ажилласан боловч  хаячхаад явдаг. Шинжээчийн дүгнэлтээр чанаргүй материалаар барьсан тул барилгын ихэнх хэсгийг шинээр гүйцэтгэх шаардлагатай гэсэн. Хариуцагч тал барилгыг дахин засварлаж янзлахгүй гэсэн тул бид  татгалзаж 15сая төгрөгөө буцааж авна. Мөн дээврийн төмөр, хар цаасны үнэ болох 1,1сая төгрөгийг авна. Иймд нийт 16,1 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: Энхсайхан нь манай компанийн менежер Батчимэгтэй 2014-04-30-ны өдөр 8х6 харьцаатай мансардгүй байшинг барихаар гэрээ байгуулсан боловч 10х8 харьцаатай мансарттай болгон барихаар тохиролцож 15сая төгрөгийг авсан нь үнэн. Солонгост ажилладаг хүү нь ирж бариулах байшингийнхаа зургийг гаргаж өгсөн. Манай талаас зөвхөн захиалагчийн хүсэлтийн дагуу байшингийн торхыг л босгож өгөх байсан. Захиалагч байшингийн гадна болон дотор засвараа өөрсдөө хийж гүйцэтгэнэ гэж тохирсон. Хүүгийнх нь хэлсэн загвараар 10х8 хэмжээтэй мансардтай байшинг 2014 оны 5 сарын сүүлээр барьж эхэлсэн. Энэ байшин нь дотор талдаа таазгүй, дотор загвар нь Солонгос хэв маягтай бариулна гэсэн. Барилгыг барьж байх хугацаанд энэ айл хундаам цутгахаас эхлээд бүхий л үйл явцад хяналт тавьж байсан. Бид байшингийн суурь нүхийг ухахдаа хүртэл гүн нь яаж байна, өргөн нь болж байна уу гээд байнга үзүүлж харуулж байсан. Ингээд бидний ажил дуусч байшинг дээвэрлэх үед Сүхбаатар аймагт дээврийн төмөр байгаагүйн улмаас энэ айл дээврийн төмрөө гаргаагүй учир ажил зогссон бөгөөд бид дараагийн ажилдаа орохоор хүмүүсээ татсан. Удалгүй дээврийн төмөр ирчихлээ гэхэд нь бид очих боломжгүй байна гэдгээ хэлсэн. Сар гаран хугацаанд очиж чадахгүй байснаас болж Энхсайхан нь Сүхбаатар аймгийн шүүхэд хандаж бид 600,000 төгрөгийн алданги төлсөн. Палк мод 30 ширхэг яагаад дутсан бэ гэвэл 2х1.8м хэмжээтэй 3 ширхэг цонхтой 1,50-м цонх 1 ширхэг цонхны тавцангийн палк болон таазны палк нийт 30 ширхгийг бид нийлүүлсэн. Захиалагч нь байшингаа жоохон өөрчлөх хэрэгтэй байна гэсэн тул нурааж дахин барьсан. Байшингаа барьж дуусгаад хүлээлгэн өгөхөд хүлээн авсан хүмүүс сэтгэл хангалуун байсан. Энэ айл анх захиалга өгөхдөө дам нуруугүй бариулна, Солонгост ийм байдаг гээд бариулсан. Би 2014 оны 11 сард нь мужаанаа дахин явуулж байшингийн нэг хэсгийг дам нуруутай, полконтой болгож засч өгсөн. Байшинг хүлээлгэн өгөх үедээ дам нуруугүй байгаа, хурдан дотоод заслаа хийгээрэй гэдгийг хэлсэн. Мэдээж дам нуруугүй байшин дотоод заслыг хийж доороос нь тулгуур хийж өгөхгүй бол хотойж суулт өгөх нь ойлгомжтой. Цонхны хэсгээр суулт өгсний учир нь эднийх том хэмжээтэй цонх захиалсан, мөн цонхоо хурдан хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Дээврийн модны хувьд бид байшингийн дээвэр хийдэг модоороо л хийсэн. Чанаргүй модоор хийгээгүй. Манай талаас  чанарын шаардлага хангасан өөрсдийн хэрэглэдэг модон материалаараа л барьсан. Дээврийн төмөр болон хар цаасыг дахин ашиглаж болохгүй гэж шинжээчийн дүгнэлтэд байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00262 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасныг баримтлан Д ХХК-с 15сая төгрөг гаргуулан Н.Эд, 10х8 хэмжээтэй, мансарттай палкан байшингийн торхыг гаргуулан Д ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 1,1 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 275,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д ХХК-с 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 201/МА2018/00015 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатар хяналтын гомдолдоо: Барилгын ажлыг гүйцэтгэхдээ захиалагч гүйцэтгэгч хоёрын анхны хэлэлцсэн загварыг захиалагчийн хүсэлтээр өөрчлөн томсгон барьсан. Үүнийг нэхэмжлэгч буюу захиалагч хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Гэтэл түүний захиалгаар бариад бид өнөөдөр хохироод байгаа нь манай компанид хохиролтой тул би гомдолтой байна. Өчнөөн цаг хугацаанд шүүхээр заргалдаад явж байгаа хирнээ захиалагч байшингийнхаа зургийг огт гаргаж өгөөгүй, зураг өөрт нь гар зургаар байсан гэдэг боловч нотлох баримтаар хавсаргаагүй нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт байхгүйгээс манай компани нотолж чадаагүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үнэхээр захиалагчийн өгсөн зургаар бариагүй бол манай компаний буруу. Захиалагчийн өгсөн захиалга зургийн дагуу гүйцэтгэсэн нөхцөлд, захиалагч байшингийн торх босгуулаад хүлээн аваад зохих гадна болон дотор заслаа хийсэн бол суулт өгөхгүй байсан гэдгийг бид байнга тайлбарладаг. Засал хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүнээс болж палк модонд суулт өгсөн, мөн дотор талд тулгуур багана хийгээгүйгээс хотойлт үүссэн гэж мэргэжлийн хяналтын шинжээч дүгнэлт гаргаад байхад манай компанийг зуун хувь буруутгах үндэслэлгүй. Анхнаасаа нэхэмжлэгч надаас хугацаа хэтэрсний алданги нэхэж шүүхэд хандсан байсан. Гэрээний зүйлээ хүлээн аваад гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй. Шууд шинжээчийн дүгнэлтээр байшингийн мөнгө алдангитай нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш нэхэмжилсэн. Энэ нь гэрээнээс татгалзах хуульд заасан хугацааг зааж зохицуулсан байтал үүнийг шүүхээс анхаараагүй. 15 сая төгрөг буцаан өглөө гэхэд манай компанийн ажлын хөлс буюу ажилчдын цалин бусад зардлын 2 сая төгрөгийг бид хэнээс хаанаас гаргуулах вэ. Гэрээнээс татгалзаж буй бол би торхыг барьж босгож хүлээлгэн өгсөн учраас ажлын хөлсийг бид эргүүлэн өгөх ёсгүй гэж үзэж байна. Ер нь энэ торхонд яагаад биет байдлын доголдол үүссэн, энэ нь хэний буруугаас үүссэн болохийг шүүхээс ойлгомжтойгоор тайлбарлан дүгнээгүй гэж гомдож байна. Манай компани олон барилга барьж босгож олон айлд баяр баясгалан бэлэглэсэн. Хямд зардлаар боломжийн сайхан байшинг өөрсдийнхөө зургийн дагуу барьж босгосон. Хэдийгээр гүйцэтгэгч боловч захиалагчийн захиалгыг л үндэслэн ажил үүргээ гүйцэтгэсэн болохоос дур зоргоороо авирлаагүй. Ажлаа дуусгаад нэхэмжлэгчид өөрт нь сануулж хэлсээр байтал цаашдын засварын ажлаа үргэлжлүүлэн хийгээгүйн төлөө бид буруутан болох ёсгүй. Том цонхтой байна гэсэн бид тэр хэмжээнд нь тааруулж барьсан, хэрвээ захиалгын дагуу биш байсан бол тухайн торхоо хүлээж авах үедээ л хэлээд хүлээн авахгүй байх байсан, доголдолтой байна доголдлыг арилгуулна гэж хэлээгүй учраас бид доголдол гаргасан, үүссэн гэх доголдол нь гүйцэтгэгчийн буруу биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Н.Э 2015-12-22-ны өдөр “Д” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, байшин бариулахад өгсөн 15,000,000 төгрөгийг, хар цаас, дээврийн төмрийн үнэ  1,100,000 төгрөг нийт 16,600,000 төгрөг шаардсан /хх 1, 22, 80, 154-156/, хариуцагч  нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 20, 88/ маргажээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

       Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзвэл талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

       Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах, гэрээнээс татгалзах, цуцлах эрхтэй юм.

       Захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлж 15,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид  хүлээлгэн өгсөн, гэрээний зүйл доголдолтой болсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.       

       Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангах боломжгүй юм.

       Харин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.    

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 201/МА2018/00015 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг,  Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...221 дүгээр зүйлийн 221.5, 355 дугаар зүйлийн 355.1...” гэснийг “...343 дугаар зүйлийн 343.1...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                             ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ