Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00038

 

          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж-4, өөрийн байранд байрлах, “Капитрон банк” ХХК /РД: 2677344/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 48 дугаар байр, 35 тоотод оршин суух, Каражан овогт Орногбайн Гулнар /РД: УД64032105/-д холбогдох,

 

70 591 699 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Гулнар нь Капитрон банктай 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3009-2013/47 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон 3019-2013/47 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 60 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001916 дугаартай, 0012121 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан. Зээлдэгч О.Гулнар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан учир тус банк нь зээлдэгч О.Гулнарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан. Гэвч тус банкны шаардлагыг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч О.Гулнартай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3009-2013/47 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу үндсэн зээл 58 243 844 төгрөг, хүү 12 326 312.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 542.37 төгрөг, нийт 70 591 699 төгрөгийг гаргуулах, мөн зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Гулнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн 2 өрөө байраа Капитрон банкинд барьцаалж зээл авсан бөгөөд зээлийн төлөлтийг 2 сард багтаан барагдуулахаар тус банкны зээлийн хорооны ажилтан А.Энхтуяатай тохиролцсон тул зээл төлөлтийг 2 сараар хойшлуулж өгөхийг хүсье. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Гулнар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 70 591 699 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлтийг гаргажээ. Нэхэмжлэгч Капитрон банк нь дээрх 2 сарын хугацааг зөвшөөрч байх тул Иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч О.Гулнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70 591 699 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Гулнар нь нэхэмжлэлийн шаардлага 70 591 699 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Гулнарт холбогдох, 70 591 699 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 70 591 699 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510 909 төгрөгийн тал хувь болох 255 454 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 255 454 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 255 454 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                               М.БАЯСГАЛАН