Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00042

 

             

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, 14 дүгээр байрны харуулын байранд байрлах, “Гранд” Сууц өмчлөгчдийн холбооны /цаашид “СӨХ” гэх/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, 14 дүгээр байр, 57 тоотод оршин суух, Зодох овогт Ганболдын Дамбасүрэн /РД: ВЮ85090516/-д холбогдох,

 

дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 723 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Гранд” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “гранд” СӨХ-ны төлбөрт сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх орон сууцны 1 м.кв-г нь 300 төгрөгөөр, лифт 8000 төгрөг, хог 2000 төгрөг, цэвэрлэгээ 4550 төгрөг, цэвэрлэгээний материалд 500 төгрөг, орцны харуул хамгаалалтын зардалд 3000 төгрөг гэх мэтчилэн тооцож, сар бүр дээрх айлуудаас 36 150 төгрөгийн төлбөр авдаг. Гэтэл Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, 14 дүгээр байр, 57 тоотод оршин суугч Г.Дамбасүрэн нь 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал нийт 20 сарын төлбөрт 723 000 төгрөгийг төлөөлгүй байх тул Г.Дамбасүрэнгээс 723 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ нь 1 м.кв-ийн үнийг үндэслэлгүйгээр нэмж 300 төгрөг болгосон ба ийм хэмжээний төлбөр авах орон сууц биш. Уг СӨХ-ны хуралд цөөн хүн оролцож шийдвэр гаргасан. СӨХ-ны төлбөрийг олон айл төлөөгүй байгаа. СӨХ нь тохижилт, цэвэрлэгээ муу хийдэг. Дээврээс ус алддаг. Мөн СӨХ-ны захирал нь хирилцааны соёлгүй. СӨХ-ны үйл ажиллагааг зогсоолгох талаар бусад оршин суугч нар гомдол гаргасан байгаа. Иймд СӨХ нь үндэслэлгүйгээр төлбөрийг төлсөн байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Гранд” СӨХ нь хариуцагч Г.Дамбасүрэнд холбогдуулан 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 723 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй, СӨХ-ны төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн оршин сууж буй Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, 14 дүгээр байр, 57 тоот орон сууц нь нэхэмжлэгч “Гранд” СӨХ-д харьяалагддаг болох нь, мөн хариуцагч уг орон сууцанд оршин суудаг болох нь “Гранд” СӨХ-ны 151 дугаартай гэрчилгээний хуулбар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй юм.

 

Гэтэл хариуцагч нь 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 723 000 төгрөг төлөөгүйг үгүйсгээгүй байх бөгөөд уг төлбөрийг төлөөгүй нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь СӨХ-ны доголдолтой үйл ажиллагааны улмаас түүний эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу зохих этгээдэд гомдол гаргах эрхтэй ба мөн СӨХ-ны үйл ажиллагааны талаар сөрөг шаардлага гаргаагүй байхаас гадна ытатгалзалаа нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагчаас 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 723 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 723 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дамбасүрэнгээс 723 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гранд” СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21 902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 21 902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН