Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00045

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Авзага 10 дугаар байр, 10 тоотод оршин суух, Цэдэвийнхэн овогт Сонгуулийн Баярцэцэг /РД: НЛ81101268/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын байр, 1 тоотод оршин сууух, Бариачынхан овогт Гонгоржавын Хишигдаваа /РД: ЧТ77072174/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн нэмэлт зардалд 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Баярцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагч Г.Хишигдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Баярцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1999 онд Г.Хишигдаваатай танилцан гэр бүл болж ХБН Герман улсад амьдарч байсан. 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бидний дундаас хүү Х.Хишигбаяр төрсөн. Улмаар хүү Х.Хишигбаяр нь 4 сартайдаа хүндээр өвдөж байнгын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх болсон. 2001 оны 8 дугаар сарын дундуур нөхөр Г.Хишигдаваа Монголд ирж ажил хийхээр явсан. Түүнээс хойш 2 жилийн дараа миний хүүг эмчилгээтэй, эмнэлгийн хяналтанд байхад Г.Хишигдаваа нь хүү бид хоёрыг Монголд хүрээд ир гэж хэлсэний дагуу хүүгийн эмчилгээг орхин 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монголд ирж олон эмнэлгээр үзүүлсэн боловч бүрэн эмчлэгдэх боломжгүй аутизм гэдэг оноштойгоор ярьж чадахгүй хөгжпийн бэрхшээлтэй болсон. Хүү бид хоёрыг Монголд ирсэнээс хойш 4 сарын дараа Г.Хишигдаваа нь “...наад хүүхдийг чинь хархаас дургүй хүрч байна, битгий нүдэнд үзэгдээд бай...” гэх зэргээр доромжлон “...та хоёрыг тэжээж дийлэхгүй нь” гээд хаяад явсан. Би тэр үед маш хүнд байдалд орж яаж амьдархаа мэдэхгүй хэцүү байдалд орсон. Тухайн үед манай эцэг, эх хоёр надад тусалж хүүхдийг харж хандаж өдий хүрсэн. Одоо хүүхэд 16 нас хүрсэн. Миний бие ганцаараа хүүгээ харж дийлэхгүй бөгөөд 2-3 хүн байж харж чаддаг. Манай ээж миний хүүг 15 жил харж надад туслаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан. Аав нас дээр гарсан учир бие нь ойр ойр өвдөж хүүг хархад туслаж чадхгүй болсон. Одоо хүү бид хоёрыг харж хандах хүнгүй болж өдөр хоног өнгөрөх тусам хүү өсөж том болж би асран хамгаалж дийлэхгүй болоод байна. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд миний бие ажил хийж байгаагүй бөгөөд ямар ч ажил хийх боломжгүй, одоо ч ажил хийгээгүй байгаа. Хүүд байнгын асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай бөгөөд үргэлж дэргэд нь хүн байхгүй бол уураа хүрхээр бүгдийг авч шидлэн, өөрийгөө гэмтээх аюултай, амь насанд аюултай байдаг учираас ажил хийж чаддаггүй, байнга дэргэд нь хардаг. Би хүүгээ ХБН Герман улсад эмчлүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүүгийн өвчний онош болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Эмнэлгээс хариу ирвэл бид 2 гадаад явж эмчлүүлэх бодомжтой болоод байсан учраас Г.Хишигдаватай холбогдож энэ тухай хэлсэн боловч бид хоёроос зугтаж бүтэн 2 сар хөөцөлдөж байж хүүхдийн эмчилгээний төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж 15 000 000 төгрөг өгсөн. Г.Хишигдаваа нь энэ олон жилийн хугацаанд өөрийн төрсөн хүүхдээ асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд хүү бид хоёрыг элдэв бусаар хараан зүхэж, доромжилдог байсан. Эцэс сүүлдээ ээжтэйгээ нийлээн хэл амаар доромжлон, сэтгэл санааны их дарамт үзүүлдэг байсан. 2008 онд Г.Хишигдаваа нь надад мэдэгдэлгүйгээр гэрлэлтийг цуцпуулсан байсан. Улмаар миний бие 2008 онд энэ тухай олж мэдээд Баянгол дүүргийн шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 854 дугаар шийдвэрээр Г.Хишигдаваа болон С.Баярцэцэг бидний гэрлэлийн бүртгэлийн хүчингүй болгосон бичилтийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Хүү бид хоёр миний сард авдаг асаргааны 58 000 төгрөг, хүүгийн грүппийн 126 000 төгрөгөөр өнөөдрийг хүргэж байна. Миний хувьд эрүүл мэндийн байдал болон эдийн засгийн хувьд хүүгээ асран хамгаалж өгсөн хүмүүжүүлэх боломжгүй байдалд ороод байгаа учираас Г.Хишигдаваад төрсөн хүү Х.Хишигбаярыг өөрийн асрамжинд авах, хүү Х.Хишигбаярыг асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Баярцэцэг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд Г.Хишигдаваатай танилцан гэр бүл болсон. Улмаар ХБНГерман улсад бид амьдарч байхад буюу 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бидний дундаас хүү Х.Хишигбаяр төрсөн. Хүү Х.Хишигбаяр 4 сартайдаа хүндээр өвдөж байнгын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх болсон. 2001 оны 8 дугаар сарын дундуур Г.Хишигдаваа Монголд ирж ажил хийхээр явсан. Түүнээс хойш жилийн дараа миний хүүг эмчилгээтэй, эмнэлгийн хяналтанд байхад Г.Хишигдаваа нь хүү бид хоёрыг Монголд хүрээд ир гэж гуйсан тул хүүгээ аавтай нь хамт байлгах нь зөв гэж үзэж хүүгийнхээ эмчилгээг орхин 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монголд ирсэн. Монголд ирээд хүүгээ олон эмнэлэгт үзүүлсэн боловч бүрэн эмчлэгдэх боломжгүй аутизм гэдэг оноштойгоор ярьж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй болсон. Миний бие хүүгээ ийм хүнд өвчтэйг ойлгоогүй, хүүгээ зүгээр болно гэж итгэж найдсаар ирсэн. Г.Хишигдаваа нь хүүгээ ийм эдгэшгүй өвчтэй гэдгийн мэдсэнээс хойш буюу хүү бид хоёрыг Монголд ирсэнээс 4 сарын дараагаас “...наад хүүхдийг чинь хархаас дургүй хүрч байна, битгийн нүдэнд үзэгдээд бай...” гэх зэргээр хэл амаар байнга доромжлон, “...та хоёрыг тэжээж дийлэхгүй, харахаас дургүй хүрч байна” гээд хаяад явсан. Тэр үед миний бие маш хүнд цохилтонд орж яаж амьдрахаа мэдэхгүй хэцүү байдалд орсон бөгөөд манай аав, ээж хоёр хүүдийг харж хандахад тусалж өдий хүрсэн. Одоо хүү 16 нас хүрсэн. Миний бие ганцаараа хүүгээ харж дийлэхгүй болсон. Миний хүү Х.Хишигбаярын өвчинг Монголд эмчлэх ямар ч боломж байхгүй бөгөөд хүүгээ төрсөн ХБН Герман улсад очиж эмчлүүлэх хэрэгтэй болоод байна. Г.Хишигдаваа нь хүүгийн эцгийн хувьд хүүдээ анхаарал тавих, хүүгийнхээ ирээдүйд санаа зовох учиртай хүний хувьд хүүгийнхээ эмчилгээний зардлыг гаргах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд С.Баярцэцэг болон Г.Хишигдаваа нарын гэрлэлтийг цуцалж, С.Баярцэцэг нь өөрийн хүү Х.Хишигбаярыг өөрийн асрамжинд үлдээн, Хүү Х.Хишигбаярын эмчилгээний зардалд Г.Хишигдаваагаас 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Хишигдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжинд үлдээх, хүүхдийн эмчилгээний зардалд 30 000 000 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилсөн байна. Уг шаардлагуудыг зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дахин холбогдуулан ямар нэгэн шаардлага, нэхэмжлэл, гомдол санал гаргахгүй гэснийг шүүгчийн захирамжид тусгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Баярцэцэг нь хариуцагч Г.Хишигдаваад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн нэмэлт зардалд 30 000 000 төгрөг гаргуулах болгон өөрчилжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Баярцэцэг, хариуцагч Г.Хишигдаваа нар 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тэдний дундаас хүү Хишигдаваагийн Хишигбаяр төрсөн нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/014070 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 180 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2003 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү Х.Хишигбаяр эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаарлагаас хүүхдийн эмчилгээний зардалд 30 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалттай харшлаагүй байна.

 

Нөгөөтэйгүүр, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэн, эрүүл өсгөн бойжуулах, суурь боловсрол хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх тул хүүхдийн суурь боловсролын хүмүүжил олгоход гэрлэгчид тэгш үүрэгтэй оролцох учиртай.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Х.Хишигбаярыг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардалд 30 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талууд эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрчээр С.Баяртогтох, Г.Уранбилэг нарыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Цэдэвийнхэн овогт Сонгуулийн Баярцэцэг, Бариачынхан овогт Гонгоржавын Хишигдаваа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Хишигбаярыг эх С.Баярцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Хишигбаярыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Хишигдаваагаас гаргуулан олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хишигдаваагаас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Баярцэцэгт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 378 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

      

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН