Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00062

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, Юу Би Платинюм Билдинг-706 тоотод байрлах, “Сутай богд бридж транс” ХХК /РД: 5386365/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17 дугаар байр, 48 тоотод оршин суух, Харнууд овогт Чулуунбаатарын Ганбаатар /РД: ШВ75061516/-т холбогдох

 

18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

тээврийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, 10 110 590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, гэрч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-ийн төлөөлөгч Б.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганбаатар нь БНСУ-аас автомашин оруулж ирэхээр “Сутай богд бридж транс” ХХК-тай олон улсын тээвэр зуучийн компаниар зуучлуулан 2013 онд 5300 ам.долларын тээврийн хөлстэй DYLU5108479 дугаартай чингэлэг, 5300 ам.долларын тээврийн хөлстэй GESU6493059 дугаартай чингэлэг, 5300 ам.долларын тээврийн хөлстэй PCSU5102854 дугаартай чингэлэг, 4800 ам.долларын тээврийн хөлстэй GESU6489207 дугаартай нийт 20 700 ам.долларын тээврийн хөлстэй 4 чингэлгийг БНСУ-аас Монгол улс руу тээвэрлүүлсэн. “Сутай богд бридж транс” олон улсын тээвэр зуучийн компаниар Ч.Ганбаатар нь 4 удаагийн ачаатай чингэлгийн тээвэрлэлтийн хөлсийг дараа төлөх нөхцөлтэйгөөр буюу ачааг эцсийн хүлээн авах газар болох Улаанбаатар хотод ирсний дараа төлөхөөр тохиролцсон. Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” олон улсын тээвэр зуучийн компанийн зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийг албан ёсоор хүлээн авсан боловч “төлөх боломжгүй байна, удахгүй төлнө” гээд зээлээр тухайн 2 чингэлгийг авч явсан бөгөөд тэрээр DYLU5108479 дугаартай чингэлгийн тээврийн хөлс болох 5300 ам.доллараас 3226 ам.долларыг төлж, үлдэгдэл 2074 ам.долларын 3 чингэлгийн хөлс болох 15 400 ам.доллар, нийт 17 474 ам.долларыг төлөөгүй. Ч.Ганбаатар нь зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийн хөлс болох 17 474 ам.долларыг төлөлгүй компанийг хохироож байсан тул 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Тээврийн зээлийн 14/001 тоот” гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Мөн тухайн үед “Сутай богд бридж транс” ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Цэндсүрэн нь Ч.Ганбаатартай тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг бөгөөд тус тооцоо нийлсэн актаар Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-д нийт 17 474 ам.долларын үлдэгдэптэй болохоо хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. 14/001 дугаар тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 1.5, 2.1-д заасны дагуу Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-иар зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийн нийт үлдэгдэл төлбөр болох 17 474 ам долларыг 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч Ч.Ганбаатар нь DYLU5108479 дугаартай 40 тонн чингэлгийн үлдэгдэл хөлс болох 2 074 ам.долларыг бүрэн төлсөн, GESU6493059 дугаартай чингэлгийн хөлс болох 5300 ам.доллараас 3303 ам.доллар, нийт 5377 ам.долларыг төлсөн боловч үлдэгдэл 12 097 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэлгүй “Сутай богд бридж транс” ХХК-ийг хохироож байна. Ч.Ганбаатар нь 14/001 дугаар тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1-т заасан хугацаанд нэхэмжлэгч талаар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн үлдэгдэл төлбөр 12 097 ам долларыг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул хоёр талын байгуулсан Тээврийн зээлийн гэрээний 2.3-д зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Зээлдүүлэгч талд үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу 14/001 тоот гэрээний 2.1-д заасан хугацаа буюу 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн алданги тооцох ёстой боловч Ч.Ганбаатар нь хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гарах өдөр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өдрийн 60 ам.долларын алданги, нийт 156 өдрийн алданги 9360 ам.доллар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 6048 ам.долларын алдангийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд тээвэрлүүлсэн чингэлгийн үлдэгдэл хөлс 12 097 ам.доллар, алданги 6048 ам.доллар, нийт 18 145 ам.долларыг нэхэмжлэл гарах өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 1996.32 төгрөгөөр тооцож, нийт 36 223 226 төгрөгийг Ч.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Сутай богд бридж транс” ХХК-иар БНСУ-аас DYLU5108479 дугаартай чингэлэг илгээгч н.Баттөгс, хүлээн авагч н.Анхзаяа. Чингэлэг дотор 2 ширхэг Grander суудлын автомашин, Country автобус ачигдаж ирсэн тээврийн зардал 5300 ам.доллар. Энэ Ч.Ганбаатарт хамааралтай. Мөн GESU6489207 дугаартай чингэлэг илгээгч нь н.Баттөгс, хүлээн авагч н.Анхзаяа. Баттуул чингэлэг дотор 3 ширхэг Porter маркийн, 1 ширхэг Bongo маркийн автомашин ачигдаж ирсэн ба тээврийн зардал 4800 ам.доллар. Энэ нь Ч.Ганбаатарт хамааралтай. Мөн GESU6493059 дугаартай чингэлэг илгээгч нь н.Баттөгс, хүлээн авагч нь н.Нандинцэцэг. Цэрэндорж тээврийн зардал 5300 ам.доллар. Энэ нь н.Баттөгст хамааралтай. Мөн PCSU5102854 дугаартай чингэлэг илгээгч нь н.Баттөгс, хүлээн авагч нь н.Баттөгс, н.Батдэлгэр. Тээврийн зардал 5300 ам.доллар. Нийт 4 ширхэг чингэлэгийн тээврийн зардал 20 700 ам.доллар болсон. Дээрх чингэлэгүүдийг н.Баттөгстэй хамтран тээврийн зардалыг дараа төлөх нөхцөлтэйгээр тээвэрлүүлж авчирсан. Миний бие дээрхи 4 ширхэг чингэлэгийн тээврийн зардал 20700 ам.доллараас өөрт хамааралтай DYLU5108479 дугаартай чингэлэгийн тээврийн зардал 5 300 ам.доллар, GESU6489207 дугаартай чингэлэгийн тээврийн зардал 4 800 ам.долларыг хариуцах ёстой ба уг 2 ширхэг чингэлэгийн тээврийн зардал болох 10 100 ам.доллараас баримтаар эхлээд 3 226 ам.доллар, дараа нь 5 377 ам.долларыг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн. Одоо тооцоогоор үлдэгдэл 1 497 ам.доллар төлөх ёстой. GESU6493059, PCSU5102854 дугаартай 2 ширхэг чингэлэгийн тээврийн зардал 10 600 ам.долларыг БНСУ-аас чингэлэг илгээгч н.Баттөгс, Монгол улсад хүлээн авагч нь н.Баттөгс, н.Нандинцэцэг нар нар бүрэн хариуцах ёстой. Хүлээн авагч н.Нандинцэцэг нь н.Баттөгсийн эхнэр бөгөөд тухайн үед БНСУ-ын визд орох гзж байсан тул чингэлэгийн билл дээр би гарын үсэг зурсан. Иймд үлдэх 10 600 ам.долларыг н.Баттөгс хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчийг айлган сүрдүүлэн, түүнийг эрүүгийн хэрэгт холбогдсон байдлыг нь далимдуулан Б.Баттөгсийн төлөх ёстой тээврийн төлбөрийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ болгон хариуцагчтай байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар эд хөрөнгө, мөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцно. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн зүйл байхгүй. Иймд дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан айлган сүрдүүлж хийсэн гэрээ байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч.Ганбаатар нь 4 ширхэг чингэлгийн төлбөр тооцооны талаар нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн акт үйлдэж 17 474 ам.долларын үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан ба энэхүү баримтаар тухайн 4 ширхэг чингэлгийн үлдэгдэл төлбөр тооцоог Ч.Ганбаатар хүлээн зөвшөөрсөн. Дээрх тооцоо нийлсэн актыг үндэслэн өмнө нь үүссэн тээвэр зуучлалын эрх зүйн харилцааг өөрчилж 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тээврийн зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл төлбөр болох 17  474 ам.долларыг төлөх хугацаа, эрх, үүрэг, хариуцлагыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хуульд нийцүүлэн тогтоож хүчин төгөлдөр Тээврийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү Тээврийн зээлийн гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар өмнөх тээвэр зуучлалын үүрэг дуусгавар болж харин Тээврийн зээлийн гэрээний үүрэг үүссэн. Хоёр талын байгуулсан Тээврийн зээлийн зэрээнд заасан үүргийнхээ дагуу Ч.Ганбаатар нь зохих ёсоор үүргээ биелүүлж мөнгө төлж байсан зэрэг нь төлбөр төлж байсан баримтаар нотлогдоно. Хариуцагч Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны чингэлгийг тээвэрлэлтийн зардалд тооцоо нийлж, 17 474 ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-иар маргаан бүхий 4 чингэлэгийг БНСУ-аас Улаанбаатар хот хүртэл зуучлуулан тээвэрлүүлсэн бөгөөд  тэдгээрийн хооронд тээвэр зуулалын эрх зүйн харилцаа үүссэн. Энэ талаар талууд харилцан тохиролцож тээвэр зуучлалын эрх зүйн харилцаанаас үүсэх эрх, үүргийг сольж Тээврийн зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцэх бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн, айлган сүрдүүлж хийсэн гэж үзэх үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3 226 ам.долларыг, зээлийн гэрээ байгуулснаас хойш 5 377 ам.долларыг, нийт 8 603 ам.долларыг төлсөн бөгөөд 2013 онд DYLU5108479 дугаарын чингэлгийг 5 300 ам.доллар, РСSU5102854 дугаарын чингэлгийг 4 800 ам.доллар, GESU6493059 дугаарын чингэлгийг 5 300 ам.доллар,  GESU6493059 дугаарын чингэлгийг 5 300 ам.доллараар тус тус тохиролцож тээвэрлүүлсэн хэмээн мэдүүлжээ. Гэтэл Ч.Ганбаатар нь эдгээр чингэлгүүдээс DYLU5108479 дугаарын чингэлгийг тээвэрлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд “Сутай богд бридж транс” ХХК-ийн сүрдүүлгэнд автан илүү төлөлт төлсөн байдаг. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа “хоёр чингэлгийн төлбөрийг би төлсөн учир хоёр чингэлгийн хариуцна” хэмээн мэдүүлсэн байдаг. Ч.Ганбаатар нь Худалдаа хөгжлийн банк дахь Ариунгэрэл Батдэлгэр 410028032 тоот дансанд Ч.Ганбаатараас 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг буюу 274 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг буюу 274 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр 1 000 000 төгрөг буюу 555 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг буюу 544 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1 100 000 төгрөг буюу 595 ам.доллар, нийт 4 400 000 төгрөг буюу 2 242 ам.доллар төлсөн байх ба 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3 226 ам.долларыг төлсөн байдлаас 168 ам.доллар илүү буюу илүү төлөлт 310 590 төгрөг болж байна. 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 500 000 төгрөг буюу 1 255 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг буюу 404 ам.доллар,  2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1 200 000 төгрөг буюу 609 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөг буюу 255 ам.доллар,  2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг буюу 258 ам.доллар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 700 000 төгрөг буюу 354 ам.доллар, нийт 10 110 590 төгрөгийг “Сутай богд бридж транс” ХХК нь Ч.Ганбаатараас айлган сүрдүүлж авсан байх тул “Сутай богд бридж транс” ХХК-иас илүү төлөлт 10 110 590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны 4 ширхэг чингэлгийг тээвэрлэлтийн зардалд тооцоо нийлж, 17 474 ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Хариуцагч нь тээвэр зуучлалын гэрээ болон тээврийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлж байсан болохоос биш илүү мөнгө төлөөд байсан зүйл огт байхгүй тул 10 110 590 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК нь хариуцагч Ч.Ганбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Ч.Ганбаатар нь нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан айлган сүрдүүлж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, илүү төлсөн 10 110 590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй, хариуцагч илүү төлөлт хийгээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...тээврийн үлдэгдэл зардлыг хариуцагч хариуцахгүй, тээврийн зээлийн гэрээг айлган сүрдүүлж байгуулсан тул үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаар зуучлуулан 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ-аас Улаанбаатар хот руу ачигдсан GESU6493059 дугаартай чингэлэгийн тээвэр зуучлалын төлбөрөөс 5 300 ам.долларыг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ачигдсан PCSU5102854 дугаартай чингэлэгийн тээвэр зуучлалын төлбөрөөс 5 300 ам.долларыг 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ачигдсан GESU6489207 дугаартай чингэлэгийн тээвэр зуучлалын төлбөрөөс 4 800 ам.долларыг 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тус зээлсэн хэмээн чингэлийн баримт дээр гарын үсэг зурсан байх бөгөөд уг гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг мөн эсэхийг тэрээр баримтаар үгүйсгээгүй байна. /1хх-28-39 дүгээр тал/ Түүнчлэн, хариуцагч нь DYLU5108479 дугаартай чингэлэгийн тээвэр зуучлалын төлбөрт 5 300 ам.долларыг, мөн GESU6489207 дугаартай чингэлэгийн тээвэр зуучлалын төлбөрт 4 800 ам.долларыг тус тус нэхэмжлэгчид төлөх талаар шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байна. /1хх-54 дүгээр тал/ Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй тул хариуцагчийн дээрх тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна. Иймд дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан тээвэр зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу хариуцагч нь дээрх 4 ширхэг чингэлийг хүлээн авч, төлбөрийн үлдэгдэл нийт 17 474 ам.долларыг төлөхөөр тээврийн зээлийн гэрээ болон тооцооны үлдэгдэлийн баталгаа үйлдсэн болох нь зохигчийн тайлбар болон тээврийн зээлийн гэрээ, тооцоо нийлсэн баримтаар тус тус нотлогдож байна. /1хх-40-42 дугаар тал/

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан тээврийн зээлийн гэрээ болон гэрээний 1.4-д зааснаар дээрх 4 ширхэг чингэлэгийг тээвэрүүлсэний үлдэгдэл төлбөр болох 17 474 ам.долларыг 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх, уг төлбөрийг хариуцагч тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алдангийн хэмжээг гэрээний 2.3-т заасан хэмжээгээр буюу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцсан тохиролцсон байна. /1хх-40-41 дүгээр тал/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн байхаас гадна хариуцагч нь уг гэрээний үүргээс 5 377 ам.долларыг төлсөн үйл баримтаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар бодит үйлдлээр дээрх гэрээг зөвшөөрсөн байна. 

 

 

Зээлийн гэрээний агуулгаас үзвэл талууд тээвэр зуучлалын гэрээний үүргийг дээрх зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.3 дахь заалттай харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд анх байгуулагдсан тээвэр зуучлалын харилцаа нь зээлийн гэрээг байгуулснаар дуусгавар болж, шинээр зээлийн гэрээний харилцаа үүсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үндсэн үүргийн үлдэх төлбөрт 12 097 ам.долларыг шаардах эрхтэй байна. Түүнчлэн, талууд зээлийн гэрээгээр алдангийн хэмжээг тохиролцсон байх тул гэрээний хариуцлагад нийт 6 048 ам.долларыг хариуцагчаас шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгтэй нийцэж байна. Иймд нэхэмжлэгч нь мөн зүйлийн 232.6-д зааснаар 6 048 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 12 097 ам.доллар, алданги 6 048 ам.доллар. нийт 18 145 ам.долларыг Монголбанкны 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 1 ам.доллар 1996.32 төгрөгтэй тэнцэх ханшны лавлагааг үндэслэн нийт 36 223 226 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгтэй нийцсэн байна.

 

Хариуцагчаас 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 100 000 төгрөгийг тус тус н.Ариунгэрэлийн Худалдаа хөгжлийн банкинд төлсөн төлбөрийг зээлийн гэрээний гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “тээврийн зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 10 110 590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан тээврийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж байгуулсан, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн тул түүнээс тээврийн зардалд төлсөн 10 110 590 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан шаардсан байна.

 

Шүүх талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан тээврийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болгон гэж дүгнэсэн бөгөөд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж байгуулсан, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс 10 110 590 төгрөгийг тээврийн хөлсөнд илүү төлсөн үндэслэлээр шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тээврийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан нэхэмжлэгчээс 10 110 590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ч.Ганбаатараас 18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д холбогдох, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “тээврийн зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 10 110 590 төгрөг гаргуулан тухай хариуцагч Ч.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549 599 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 339 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН