Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1301

 

2020       07     16                                       2020/ШЦТ/1301

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга:Б.Билэгжаргал,

улсын яллагч: О.Баярсайхан,

шүүгдэгчийн  өмгөөлөгч:  Б.Гантөмөр

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.Б-т холбогдох эрүүгийн 2006 01171 0765 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт  Б.Б,          

Холбогдсон хэргийн талаар:

         Яллагдагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны 104 тоот өрөөний хаалгыг хайчаар хөшиж онгойлгон нэвтрэн орж, улмаар Канон 6ДИ загварын камерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгай хамгаалсан байранд нэвтэрч үйлдэн 2.159.700 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны өлгүүрт байсан иргэн О.Б-н гадуур хувцасны  халааснаас түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан

          2020 оны 01 дүгээр сард  Баянзүрх  1 дүгээр хороо Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны 503 тоот өрөөнөөс иргэн Н.О-н бугуйн цаг, опал шигтгээтэй монетон бөгж, талсттай орос монетон бөгж зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэн 1.154.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                 

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,    

Гэмт хэргийн талаарх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-14/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 09-18/, мөрдөн шалгах ажилгаанд иргэний нэхэмжлэгчээр Д.Ө-с авсан тэмдэглэл /хх-н 19-20, 76/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-24/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-30/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 35-39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/216 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-н 46-51/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 53/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 83/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 85-86/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 89-90/, эд зүйл,баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 94/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-н 103-104/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 105/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 108-111, 142-143/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 113-116/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-33, 74-75, 87,101-102, 112, 137-138 /, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 122/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 134/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны 104 тоот өрөөний хаалгыг хайчаар хөшиж онгойлгон нэвтрэн орж, улмаар Канон 6ДИ загварын камерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгай хамгаалсан байранд нэвтэрч үйлдэн 2.159.700 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны өлгүүрт байсан иргэн О.Б-н гадуур хувцасны  халааснаас түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сард  Баянзүрх  1 дүгээр хороо Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны 503 тоот өрөөнөөс иргэн Н.О-н бугуйн цаг, опал шигтгээтэй монетон бөгж, талсттай орос монетон бөгж зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэн 1.154.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

 Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 11 цагийн орчим камераа аваад хуралдаа орох гэхэд шүүгээнд байсан камер байхгүй байсан. Тэгээд би Э эгчид түлхүүрээ үлдээсэн учир Э эгчийг хамгийн түрүүнд дуудаж  асуусан юм. Э эгчид түлхүүр үлдээхдээ энд би камер үлдээсэн гэж хэлсэн, шаардлага гарвал тань руу утсаар хэлье гэж хэлээд гарахад энд үү гээд Э эгч шүүгээний хаалга татаж байсан шиг санагдаж байна гэсэн мэдүүлэг /хх-н 9-18/,

        Иргэний нэхэмжлэгч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... цагаандуу куртиктай 30 орчим насны эрэгтэй хүнээс canon eos 6d маркийн камер хүлээж авсан байсан. Тэр хүн нь 200.000 төгрөгөнд тавьсан байсан ба 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэмж 200.000 төгрөг авсан байсан гэсэн мэдүүлэг / хх-н 19-20/,

         Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Б манай өрөөнд орж ирээд намайг дуудаад нөгөө камер чинь байхгүй байна гэхээр чи юу яриад байгаа юм вэ яахаараа байдаггүй юм танай өрөө рүү хэн ч ороогүй надаас түлхүүр авсан хүн ч байхгүй өрөөний чинь урдаас хамгаалалтын албаны хүмүүс хараад сууж байхад хэн авхав дээ чи өөрөө өглөө ирээд зураг дарж байгаад энд тэнд тавиад мартчихсан юм биш биз дээ гэхэд өрөөнд юу ч хөдлөөгүй бүх юм хэвэндээ байна ганцхан камер алга байсан тэгээд би хамт түүний өрөө рүү орж шүүгээг онгойлгож үзэцгээсэн.  Б өөрийнхөө шүүгээг уудлаад бусад эд зүйл нь байрандаа байна гэж хэлсэн тэгээд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчидад хэлэхэд наад хаалга чинь онгойгоогүй ш дээ гээд өрөөнд орж ирээд камерийг хайсан... гэсэн мэдүүлэг /хх-н 21-24/,   

         Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... тухайн өрөөний нөөц түлхүүр байдаггүй. Харин 1 давхарт байрлах бусад өрөөний нөөц түлхүүр бүгд хадгалагддаг. Тухайн өрөө нь лацгүй өрөө юм. 104 тоот өрөөнд суудаг Б гэх эмэгтэйгээс нөөц түлхүүр үлдээ гэдэг шаардлага тавьж байсан боловч үлдээгээгүй гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,        

         Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би 104 тоот өрөөнөөс камер болсон гэдгийг мэдэж байгаа. Намайг албан үүргээ гүйцэтгэж байхад Б гэх эмэгтэй камер алга болсон гэж надад мэдэгдсэн. Тухайн өрөө нь хувцас өлгөдөг өрөөний хажууд байдаг тул хөдөлгөөн их байдаг. Тухайн өрөө рүү туссан хяналтын камер байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би 08 гэсэн дугаарын өлгүүрт өлгөсөн тэгээд дотор ажиллаа амжуулаад 17:40 цагт гарч ирээд хувцасаа авах гэхэд өлгүүрт бас хүн байхгүй байсан тул өөрөө ороод гадуур хувцасаа аваад хүнс хөдөө аж ахуйн яамнаас гарсан. Тэгээд хүнс хөдөө аж ахуйн ертөнцийн зүгээр хойд тхлд байрлах Солонгос рестораны хажуу талд цуг явж байсан 2 хүнийхээ машинд суугаад төслөө зассан энэ хооронд ойролцоонгоор 50 минут болсон төслөө засаж дуусчихаад машинтайгаа хөдлөөд Гэсур сүмийн зүүн талд байрлах М плазагийн үүдэнд буугаад тэндээсээ такси барих гээд курткины зүүн тэлын халаасандаа байсан түрийвчээ авах гэхэд байхгүй байсан тэгээд эргээд хүнс хөдөө аж ахуйн яаман дээр очоод халааснаас түрийвч алдагдсан байна гэхэд харуул нь та харъяа цагдаагийн байгууллагадаа мэдэгдээд маргааш ирж камер шүүх хэрэгтэй гэж хэлсэн. Хүнс хөдөө аж ахуйн яамруу явахдаа хамтарч төсөл бичиж байгаа Б, М нарын хамтаар Б-ны тээврийн хэрэгсэлтэй явсан. Хамгийн сүүлд яамруу орохдоо түрийвчээ гаргаж ирээд паспортоо үзүүлж шалгуулаад дотогшоо нэвтэрч орохдоо цагаан сагсан дотор түрийвч, цүнхээ хийгээд ороод түрийвч, цүнхээ аваад түрийвчээ гадуур хувцасны зүүн талын халаасанд хийгээд өлгүүрт нь өөрөө орж өлгөсөн. Тэрнээс хойш түрийвчээ шалгаагүй байж байгаад М плазаийн үүднээс такси барихдаа түрийвчээ авах гэхэд алга болсон байсан. Миний курткинээс түрийвч унах боломж байхгүй ээ. Машин дотор байхдаа түрийвчээ гаргаж ирж үзээгүй төслөө засчихаад машинаасаа буулгүй шууд яваад М плазагийн үүдэнд буусан.гэсэн мэдүүлэг /хх-н 84-86/,

Хохирогч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... зааланд тоглох гээд зүүж байсан цагаан өнгөтэй сваровски” шигтгээтэй цагаан нүүртэй шармал бугуйн цаг 1 ширхэг,  опал шигтгээтэй 17.5-18 размерийн 585-ын сорьцтой монетон бөгж 1 ширхэг тус тус ажлын өрөөний шургуулганд хийгээд мартсан байсан ба 1 сарын дараа ээмэг бөгч хоёроо яалаа гэж бодоход ажлын ширээний шургуулганд үлдээснээ санаад ажил дээр үзэхэд байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-н 108-111/, Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 121,122 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 134/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 120, 126/, Б.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 68-97/, прокурорын тогтоол /хх-н 69-70,98-99,135-136/,

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд шөнийн 03 цагийн үед Б-ны өрөөг хайчаар онгойлгоод жижиг шкафийг онгойлгоход тавцан дээр нь камер байсан.  Тэгэхээр нь камераа аваад машинд хийгээд өглөө ээлжээ хүлээлцэхийг хүлээж байгаад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9 цагт ээлжээ хүлээлцээд буусан. Тэгээд гэртээ харьж унтаж байгаад үдээс хойш Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байдаг ломбарданд очиж 200.000 төгрөгөнд тавьсан...”, “...Тэгээд үүдэн дээр шалгаж оруулж байхад нэг нь түрүүвчээ сээтэнд хийж үлдээсэн байхаар нь би тэр хар түрүүвчийг авсан. Тэр хар өнгийн түрүүвчинд карт, бэлэн 420.000 төгрөг байсан...”, “...5 давхарт 504 тоот өрөөний хаалга онгорхой байсан. Улмаар би уг өрөөг очиж харахад хүнгүй ширээн дээр 1 2 ширхэг бөгж ил байсан ба хараад уг эд зүйлийг авсан. Тэгээд өглөө ээлжээс буугаад урт цагаан дээр очоод явж байсан хувь хүнд 2 бөгжөө нийлүүлээд 280.000 төгрөгөөр зарсан. Цагийг нь авахгүй байсан учир би тухайн цагийг хаячихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 137-138/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг  хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн заалтыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангиийн 17.1 дүгээр зүйлийн  2 дэх хэсгийн 2.1,2.4-д зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Б.Б-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг тусгай хамгаалсан  байранд нэвтэрч үйлдсэн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв..

Шүүгдэгч Б.Б-г хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 Хохирогч  нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-н 78, 79, 94, 104/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Ж овогт Б.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг тусгай хамгаалсан байранд нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар Б.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай..

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ПҮРЭВСҮРЭН