| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07838/И |
| Дугаар | 00063 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 00063
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 13-101 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Хөтөлтномгон” ХХК /РД: 5299438/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4-р хороолол, 57 дугаар байр, 34 тоотод оршин суух, Манжир овогт Гангаагийн Лхагвасүрэн /РД: ХЛ66021625/-д холбогдох,
21 387 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөтөлтномгон” ХХК-ийн төлөөлөгч Э.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Лхагвасүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 120 тоот зээлийн гэрээ, Ф-24 тоот “Фидуцийн гэрээ”-ээр 72-81УБ улсын дугаартай, CАТ03250DCКDG00168 тоот арлын дугаартай, САТ маркийн гинжит экскаватор, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б95 тоот ипотекийн гэрээгээр 000522220 тоот гэрчилгээний дугаартай, 18634309747820 тоот нэгж талбарын дугаартай, 1500 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрыг тус тус барьцаалж, 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэвч Г.Лхагвасүрэн нь зээлийн гэрээний төлөлтийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн гэрээг ноцтой зөрчиж өдийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч Г.Лхагвасүрэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл болох 14 750 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 106 250 төгрөг, нийт 21 387 500 төгрөгийг Г.Лхагвасүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 21 387 500 төгрөгийг байгууллагатай зөвшилцөн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Лхагвасүрэнгийн 21 387 500 төгрөгийг тус байгууллагатай зөвшилцөн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөтөлтномгон” ХХК нь хариуцагч Г.Лхагвасүрэнд холбогдуулан 21 387 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Лхагваүсрэн нь нэхэмжлэлийн шаардлага 21 387 500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хөтөлтномгон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Лхагвасүрэнд холбогдох, 21 387 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 21 387 500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 890 төгрөгийн тал хувь болох 132 445 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 132 445 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 132 445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН