| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/6811/и |
| Дугаар | 00081 |
| Огноо | 2016-01-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 57 дугаар байр, 23 тоотод оршин суух, Торгууд овогт Сундуйжавын Дэлгэрмаа /РД: ЧЛ87082865/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6А дугаар байр, 16 тоотод оршин суух, Тайжууд овогт Бямбаагийн Тамир /РД: ХЗ87122276/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Б.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2004 онд Б.Тамиртай танилцан, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Тамир овогтой Мишээлт төрсөн. Одоо 2 настай эрүүл бойжиж байна. Гэтэл нөхрийн хууран мэхлэлт, архидан согтууралт, дарамттай байдлын улмаас маргалдах болж нөхөр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс салж, хүү бид хоёрыг хаяж явсан. Тэр үеэс хойш хүү Т.Мишээлт нь миний асрамжинд амьдарч өсч торниж байна. Энэ хугацаанд Б.Тамир хүүхдээ асран хамгаалсан зүйлгүй, тэтгэмж өгдөггүй, санаа тавьдаггүй, хүүтэйгээ утсаар ярьж асуудаггүй, халамж тавьдаггүй байсан. Мөн өөр хүнтэй холбогдон түүнтэйгээ одоог хүртэл холбоотой, хамт байгаа нь тодорхой болсон. Миний бие хүүгээ бодон эргэж гэртээ ирээч хэмээн нөхрийгөө олон удаа гуйсан ч үл тоомсорлон харьцаж байсан. Эвлэрлийн журмаар шийдүүлэх гэхэд эвлэрэхгүй гэсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.Мишээлтийг эхийнх нь асрамжинд өгч, эцгээс тэтгэмж гаргуулж, бидний дундын үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 57 дугаар байр, 23 тоотын орон сууцыг хүү бид 2-ын өмчлөлд үлдээж, 57-55 УНК улсын дугаартай автомашиныг хариуцагчид өмчлөлд үлдээж, уг 2 эд хөрөнгийн нийт үнэ болох 81 000 000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж, гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийг 27 000 000 төгрөгөөс тооцож, үүнээс орон сууцны банкны зээлийн үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийн тал хувь болох 11 000 000 төгрөгийг хариуцагч өөрийн оногдох 27 000 000 төгрөгөөс хасаж, үлдэх 16 000 000 төгрөгийг хариуцагчид төлнө. Хүү Т.Мишээлийн мөнгөн хадгаламжийн дэвтэрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагаа татан авч байна гэв.
Хариуцагч Б.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэр бүл болоод 5 жил болж байна. Энэ хугацаанд эхнэр С.Дэлгэрмаа нь байнга намайг загнаж дарамталж, хэл амаар доромжилсоор өдий хүрсэн. Миний бие “Сөүл” ХХК-д менежер хийдэг бөгөөд үндсэн ажлаасаа гадна өглөө 05:00 цагт босч “Зургаан хошуу’ ХХК-д гахай эвдэн давхар ажил хийдэг байсан. Ажлаа тараад ядраад гэртээ ирэх бүрт байнга хэрүүл хийдэг, чимээгүй суугаад байхаар чи асуусан асуултанд хариул, чи хариулах ёстой гэх мэтээр ямар ч уурлах бухимдах шалтгаан байхгүй байхад хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Үүнээс нь болж С.Дэлгэрмаатай хамт амьдрахад хэцүү байдаг байсан ч би хүүгээ бодоод түүний аашийг тэсч тэвчсээр ирсэн. 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад гэртээ орж ирэхэд өмнө нь хэрүүл хийдэг байсан шигээ яг л тэгж угтаад, уурлаж загнаж, цохиж, миний хувцасыг гаргаж намайг гэрээс хөөсөн. Тухайн үед яагаад ингээд уурлаад байгаан, яасан бэ, ярилцая гэхэд намайг сонсохгүй, орилж хашгирч “Малтай хамт амьдармаагүй байна” гэж гэрээс хөөсөн учраас өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байна. Миний хувьд гэр бүлийнхээ төлөө байнга санаа тавьж ажилласаар ирсэн бөгөөд эхнэр, хүүхдээ юугаар ч дутаалгүй харж хандан, тусдаа амьдарсанаасаа хойш ч хүү дээрээ очиж байсан. Бид тусдаа амьдарч байх хугацаанд С.Дэлгэрмаа над руу болон эцэг эх рүү маань байнга хэрүүл маргаан хийж утсаар ярьдаг байсан бөгөөд уурандаа өөрийнхөө амийг хорлох оролдлого хүртэл хийж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгүүлж байсан. Дээрхи үйлдлийнхээ дараа С.Дэлгэрмаа гэрээсээ явж би хүүгээ өөрөө харж хандаж байсан. Тэгтэл нэг өдөр ирээд би хүүгээ санаад хэцүү байна гэхээр нь би аавынх руугаа яваад хүү Т.Мишээлт, С.Дэлгэрмаа 2 гэрт үлдсэн. Дараа нь намайг гэртээ ирээд хүүтэйгээ уулзая гэхээр уулзуулдаггүй, хаалганы голоо солиод гэрт ч оруулахаа байсан. Тусдаа амьдарч байх хугацаандаа С.Дэлгэрмаатай ер нь таарч тохирохгүй юм байна гэдгээ ойлгосон. Бид гэр бүл болсоны дараа С.Дэлгэрмааг уурлаж уцаарлаад байхаар нь жирэмсэн болохоор тэгж байгаа байх гээд л дараа нь хүүхдээ хараад ажилгүй гэртээ байхаар бас уурлаж уцаарладаг юм болов уу гэж бодоод л юу ч хэлдэггүй байсан. Гэтэл тусдаа амьдарсанаасаа хойш бодоод байхад энэ хүн ерөөсөө л ийм зан ааштай. Бид цаашид хамт амьдрах боломжгүй юм байна гэх дүгнэлтэд хүрсэн. Тиймээс гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 57 дугаар байр, 23 тоотын орон сууцыг нэмэмжлэгч болон хүүгийн өмчлөлд үлдээж, 57-55 УНК улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд үлдээж, уг 2 эд хөрөнгийн нийт үнэ болох 81 000 000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж, гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийг 27 000 000 төгрөгөөс тооцон, үүнээс орон сууцны банкны зээлийн үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийн тал хувь болох 11 000 000 төгрөгийг надад оногдох 27 000 000 төгрөгөөс хасаж, үлдэх 16 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь хариуцагч Б.Тамирт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хүүхэд Т.Мишээлийн мөнгөн хадгаламжийн дэвтэрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд дээрх шаардлагаас “хүүхэд Т.Мишээлийн мөнгөн хадгаламжийн дэвтэрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлэх” шаардлагаа татан авчээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах” хэсгийг хангаж, үлдэх “хүүхэд Т.Мишээлийн мөнгөн хадгаламжийн дэвтэрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлэх” гэх шаардлагаа нэхэмжлэгч татан авсаныг баталж, холбогдох хэргийг болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, хариуцагч Б.Тамир нар 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Мишээлт төрсөн нь 0206460 Г-405 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ болон 1107000963 дугаар төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2015 оны 8 дугаар сараас тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь, мөн гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгох нь үр дүнд хүрэхээргүй байна гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү Т.Мишээлт эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “...гэрлэгчид гэрлэлт цуцлах үед ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан ...харилцан тохиролцож болно” гэж заажээ. Гэрлэгчид улсын бүртгэлийн Ү-2205024714 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 23 тоот орон сууц болон 57-55 УНК улсын дугаартай, “Тоёото Гранд марк-2” маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэхэд маргаагүй байна. Талууд дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд, автомашиныг хариуцагчийн өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч нь орон сууцнаас хариуцагчид ногдох хэсэг 16 000 000 төгрөг төлөхийг харилцан зөвшөөрсөн нь талуудын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байхаас гадна талуудын дээрх тохиролцоо нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалттай нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 23 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд, 57-55 УНК улсын дугаартай, “Тоёото Гранд марк-2” маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгчээс 16 000 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Торгууд овогт Сундуйжавын Дэлгэрмаа, Тайжууд овогт Бямбаагийн Тамир нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Т.Мишээлтийг эх С.Дэлгэрмаагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Т.Мишээлтийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Тамираас гаргуулан олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205024714 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 23 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн өмчлөлд, 57-55 УНК улсын дугаартай, “Тоёото Гранд марк-2” маркийн автомашиныг хариуцагч Б.Тамирын өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч С.Дэлгэрмаагаас 16 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Тамирт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “хүүхэд Т.Мишээлийн мөнгөн хадгаламжийн дэвтэрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлэх” шаардлагаа татан авсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН