Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 797

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Д.Үүлэн,

иргэдийн төлөөлөгч Б.Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А, түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Д-н Б-т холбогдох эрүүгийн 2005000001121 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ‘’ ***** ” ХХК-д ээлжийн ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 000 дугаар байрны 00 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, У овогт Д Б, /00: 00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 0 дугаар хороо, ХХХХХХ хотхоны 000 дугаар байрны 00 тоотод амь хохирогч А.Б-той маргалдан, улмаар түүний цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А мэдүүлэхдээ: “...Маш их гомдолтой байна. Миний хүү архи дарс уугаад байдаг хүн биш, хүүгээс минь үлдсэн 3 хүүхдийг орох оронтой болгож өг, хохирол, хор уршигт 116.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.   

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх16-26-р хуудас/,

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх27-31-р хуудас/,

3. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх44-46-р хуудас/,

4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх47-49-р хуудас/,

5. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх50-р хуудас/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-гийн:

“...2020 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай том хүү М Хөвсгөл аймгаас яриад “ээж та гандан явахгүй бол болохгүй байна, Ж /Б/-ын бие нь өвдөөд байна” гэсэн. Би за за гээд тасалсан. Гэтэл Б-ийн дүү О- руу М яриад “ээжийг эмийг нь сайн уулгаад гандан руу аваад яваарай, Баасандорж өнгөрчихсөн байна” гэсэн. О надад “агаа нас барчихсан байна” гэхэд би итгээгүй. Тэгтэл М дахиж яриад утасны спикерээ асаахад нь Б өнгөрчихсөн байна. Гандан аваад яваарай гэсэн. Талийгаач 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод манай 5 хүүгийн 2 дахь хүүхэд болж төрсөн. Бага насандаа Гандангийн модны 2 орчимд өнгөрүүлж цэцэрлэгт явалгүйгээр 1998 онд  1 дүгээр ангид А-гийн 00 дугаар сургуульд орж суралцаад уг сургуульдаа 9 дүгээр ангийг төгссөн. 9 дүгээр ангиа төгсөөд ойр зуурын ажил хийж байгаад “ххххххх” гэх хоолны газарт 7 жил орчим ажиллаж байна. Цэргийн алба хааж байгаагүй. Эхнэр Мтэйгээ 0000 оноос хойш амьдарч байна. 0 сартайгаас 0 насны гурван хүүхэд эхнэрийн хамт амьдарч байсан. Болсон хэргийн хувьд би эхнэрээс нь сонсоход гэртээ эхнэртэйгээ хамт байж байхад Б нь гэртээ дуудаж авчирсан гэсэн. Эхнэрээс нь сонсоход явах гээд байхад маргалдаад Б нь муухай муухай дуугараад агсраад байсан гэж хэлсэн. Тэгээд миний хүү машиныхаа түлхүүрийг аваад гарах гэж байтал юу юугүй хутга аваад хутгалсан гэсэн зүйл ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх52-53-р хуудас/,

7.Гэрч Э.Б-ийн:

“...Би 2018 оны 11 дүгээр сараас хойш эмээ Г.Д, ах Э.Б нарын хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо ХХХХХХХХ хотхоны 000 дугаар байрны 00 тоотын хажуу өрөөг түрээсэлж амьдрахаар болсон. Уг тоот байр нь 3 өрөө бөгөөд биднийг анх ирэхэд баруун талын том өрөөнд Б гэдэг хүн эхнэр болон 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Эмээ, ах бид 0 зүүн талын өрөөнд амьдрах болсон. Б ах хааяа архи уучихдаг, архи уусан үедээ савсгануур, давтиргүй, агсам согтуу тавих гээд байдаг хүн байсан. 1 жилийн өмнө гэж санаж байна нэг удаа намайг гаднаас орж ирэхэд тэр согтуугаар эхнэрээ зодож байхад нь би өрөө рүү нь орж салгаад цагдаа дуудаж эрүүлжүүлж байсан. Би өөрөө автомашинтай бөгөөд хааяа гадуур таксинд явдаг юм. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр таксинд яваад гэртээ хонолгүй гадуур байж явж байгаад 6 сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд гэртээ орсон. Гэрт орж ирэхэд Б-ын гэрийнхэн унтаж байсан, би өрөөндөө орж жаахан унтаж байгаад буцаад гараад явсан. Тэгээд өдөр 16 цагийн орчимд гэртээ ирэхэд Б ахынд хүмүүс ирсэн архи ууж байх шиг байсан. Ямар хүмүүс ирсэн байсныг анзаарч хараагүй, эрэгтэй. эмэгтэй хүн л гаднаас ирсэн байх шиг байсан. Эмэгтэй нь нялх хүүхэдтэй байх шиг байсан. Тэгээд би өрөөндөө ороод унтсан. Эмээ, ах хоёр өрөөндөө байсан. Орой намайг сэрэхэд Б ахынд юм түжигнэлдээд хүмүүс муудалцаад, зодолдоод байх шиг байсан. Гэнэт үүдээр түжигнэлдээд манай өрөө рүү Б ах, найзтайгаа ноцолдоод, зодолдоод ороод ирсэн. Тэр хоёрын нүүр ам нь цус болсон байсан бөгөөд Б ах нэг гартаа заазуур, нөгөө гартаа хутга барьчихсан. Найз нь хутгатай гарыг нь барьчихсан байсан. Ингээд би “юун заазуур хутга барьчихсан юм бэ” гээд босоод заазууртай гарыг нь бариад заазуурыг нь гараас нь салгах гэхэд Б ах “зүгээр байж бай, ах нь зүгээр” гэсэн. Би түүнийг арай ч хутгалчихгүй байлгүй дээ гээд бодоод байж байхад гэнэт найзынхаа цээж рүү нь хутгаараа хутгалчихсан. Тэгэхэд нь би Б ахын араас нь хоёр гарыг нь тэвэрч авахад манай ах Б хутга, заазуур хоёрыг нь булааж аваад эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгсөн. Найз нь шууд газарт унаад өгсөн. Цээжнээс нь цус их хэмжээгээр гарч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх54-56-р хуудас/,

8. Гэрч Э.Б-ийн:

"...21 цаг өнгөрөөгөөд 21 цаг 30 минутын үед Б ирсэн залуутайгаа маргаж байгаа нь дуулдсан чанга чанга орилдоод байсан. Намайг сонсоход Б тэр залуудаа хандаад “чи ганц пивон дээр үхлээ юу” энэ тэр гээд орилоод байсан. Тэгээд удалгүй түр тар хийгээд хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан. Би тэгэхээр нь хаалгаа нээгээд хартал том өрөөнд Б-ын дээр найз нь суучихсан. Гараараа 2-3 удаа цохисон. Намайг харахад найз нь давамгайлж зодож байсан. Б ч өөдөөс нь сарвалзаж байсан. Тэр үед Э бас тэр ирсэн залуугийн эхнэр хоёр хажууд нь харж байсан. Болиулах гээд чадахгүй байсан. Би тэгэхээр нь тоолгүй хаалгаа хаагаад сууж байсан. Тэгсэн мөн л удалгүй бүр орилолдоод тэр найз нь бас түүний эхнэр “болиулаач ээ хүн аллаа” гээд орилж байсан. Тэгээд хартал үүдний коридорт Б баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур барьчихсан зангаж байсан. Намайг харахад сүрдүүлж байгаа бололтой зангаад байсан. Гэхдээ тэр ирсэн залуу Б луу дайраагүй сүрдүүлж байгаа бололтой хутгаа барьж байсан. Тэгээд хэрэг бишид лээ гэж бодоод дүүг дуудсан. Дүү ч сэрчихсэн байсан. Бид хоёр Б-ын гараас хутгыг нь авах гээд аргаа олохгүй байсан. Ойртох гэхээр Б “би хутгатай байна шүү, хол байгаарай” гээд байсан. Б болохоор нөгөө залуу руугаа хандаад “чи хөөе гөлөг минь, чи надтай шаах уу, ална шүү лалраа” энэ тэр гээд орилоод байсан. Тэгсэн Б хоёр хутгатай гараараа огцом зангаж хөдөлтөл нөгөө залуу зугтаад манай өрөө рүү ороод ирсэн. Тэгэхээр нь эмээг өрөөнөөс гаргаад хүүхдүүдийг нь цаашаа болж бай гэсэн. Тэгээд яг тэр үед нөгөө залуу орон дээр сандайлаад суусан. Толгойгоо доош нь болгоод сууж байсан. Зугтаж манай өрөө рүү ороод суучихсан. Тэгсэн чинь Б баруун гартаа байсан хутгаар нөгөө ирсэн залуугийн зүүн суганаас баруун тийш зүрхэн тус орчим газар нь нэг удаа хутгаар хутгалж дүрээд авсан...” гэсэн мэдүүлэг /1хх57-58-р хуудас/,

9. Гэрч Я.Э-ийн:

“...Би 19 цаг өнгөрч байхад сэрэхэд Б эхнэрийн хамт явах гэж байсан. Баасандорж “би явлаа, маргааш ажилтай” гэж байсан. Харин манай нөхөр “жаахан суучих, ганц ирчхээд явах гээд байгаа юм уу, байж бай” гээд байсан. Би өндийгөөд ширээ рүү харахад өмнө ууж байсан пиво дууссан. Дахин нэмээд 2.5 литрийн савлагаатай пивоны хоосон сав, 0,33 литрийн Соёрхол нэртэй архины хоосон шил байсан болохоор энэ гурав нэмж архи, пиво авч уусан байна гэж бодсон. Ингээд байж байтал гэнэт манай нөхрийг Б яг юунаас болсон эсэхийг мэдэхгүй байна. Гэнэт хамар руу нь гараараа цохиход манай нөхрийн хамраас цус гарсан. Тэгээд тэр хоёр бие биеэ заамдаад харилцан цохилцсон. Тэгээд хоорондоо зууралдаад салахгүй байсан. М бид хоёр салгах гээд татаад больцгоо гээд орилоход Б, Б нар дийлдэхгүй байхад бид хоёрын салгах гэж чанга хашхирах чимээг сонсоод жижиг өрөө түрээсэлдэг Д эмээгийн 0 ач хүү Б, Б хоёр гарч ирж Б, Б нарыг салгахад нөхөр гал тогооны хэсэг рүү явж байсан. Б нь эхнэр М-гийн хамт гэрээс гарах гээд хаалга руу явж байхад манай нөхөр Б-нь гартаа хар иштэй хутга барьчихсан Б-ийн хажууд очоод хутгалах гээд дайрахад Б эсэргүүцээд гэрийн хаалганы өөдөөс харсан Д-д эмээгийн түрээсэлдэг өрөө рүү ноцолдоод орсон. Тухайн үед хоёр хүүхэд маань уйлаад байсан учир хүүхдүүдээ саатуулж байсан. Хажууд нь бас М ухаан алдаж унасан. Д эмээгийн өрөөнд юу болсон эсэхийг би мэдэхгүй байна. Бнад д ээр хүрч ирэхдээ “Б ах найзыгаа хутгалсан байна. Түргэн дуудах хэрэгтэй” гэж хэлсэн. Би Д эмээгийн түрээсэлдэг өрөө рүү шагайж харахад Б шалан дээр доошоо харсан байдалтай байсан. Эхнэр нь хажууд нь орилоод уйлаад байсан. М “нөхөр маань гаагүй байна уу, харъя” гэхээр нь би Б-ийн хамт Б-ийг дээш нь харуулахад цээж хэсэг нь нилэнхүйдээ цус болсон. Зүүн гарын булчин шуу нь цус болсон байсан. Энэ хоёр цэцэрлэгт байхаасаа л хамт найзалсан. Гандангийн 60 айл гэх байранд багаасаа хамт өссөн багын найзууд байгаа. Бие биеэ их сайн мэддэг. Б, Б нар нь миний мэдэхээр муудалцаж байгаагүй. Байнгын холбоотой, нэг нэгэндээ тус дэмтэй явдаг хүмүүс байсан. Тэдний дунд өр ширний асуудал байхгүй. Мөн бие биедээ өс санасан зүйл байхгүй. Муудалцах шалтгаан байхгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх59-62-р хуудас/,

10. Гэрч Б.С-ны:

“... 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эргүүлийн цагдаа, жолооч ахлах ахлагч Г-ын хамт Бугат 115 дугаар чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бугат 10-аас 22 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105-25 тоотод нэгнийгээ хутгалчихлаа, амьсгалахгүй байна гэсэн утгатай дуудлага мэдээллийн дагуу 22 цаг 36 минутын орчимд очиж шалгахад 25 тоотын үүдэнд холбогдогч Б-ын эхнэр, хохирогч Б-ийн эхнэр нар уйлсан байдалтай орилоод зогсож байсан. Ороод шалгахад жижиг өрөөнд  эмч ирчихсэн, биед нь үзлэг хийгээд “энэ хүн нас барсан байна” гэж хэлсэн. Талийгаач нь шалан дээр дээшээ харсан байдалтай, зүүн хөхнийх нь доод хэсэг хутгалуулсан байдалтай шархтай, их хэмжээний цус алдсан байсан. Цогцсын хажууд хар өнгийн иштэй хутга нэг ширхэг, мөн заазуур нэг ширхэг байсан тул хэргийн газрыг хамгаалалт авч холбогдогч Б угаалгын өрөөнд дотор талаасаа хаалгаа түгжсэн байдалтай байхаар нь тогшиход хажуу талынх нь өрөөг түрээсэлдэг гэх 2 залуугийн хамт байж байсан. Би ойлгохдоо тэр 2 залуу Б-г тусгаарласан гэж ойлгосон. Тэр хоёр залуу ярихдаа манай энэ байр түрээсэлдэг айлынд хохирогч эхнэр хүүхэдтэйгээ ирж архидсаны улмаас 2 нөхөр нь хоорондоо гэрийнхээ коридорт зодолдож, хохирогч Б манай өрөө рүү зугтаагаад ороод ирсэн. Араас нь Б нэг гартаа заазуур, нэг гартаа хутга барьж орж ирээд хутгалсан гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Энэ 2 байр түрээсэлдэг гэх залуучууд архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн биеэ хянах чадваргүй байсан тул саатуулсан. Б юм яриагүй шууд машинд гавлан суулгаж тусгаарласан юм. Ингээд хэргийн газрыг хамгаалж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /1хх63-64-р хуудас/,

11. Гэрч Т.М-гийн:

“... 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би нөхөр Б, хүү О нарын хамт 00 цагийн орчим нөхрийн найз Б-ын гэр болох ХХХХХХХ хотхоны 000 дугаар байранд очсон. Б-ын зочид ирсэн юм чинь гээд Б-ийн хамт дэлгүүр гарч нэг том савтай боргио пиво, нэг шил 0.5 л хэмжээтэй архитай авчирсан. Авчирсан архи, пивоо Б, Б, Э нар хувааж уугаад би хөхүүл хүүхэдтэй учир уугаагүй. Удалгүй юм ярьж байгаад Э согтоод бид нарын байгаа том өрөөнд унтчихсан. Б эхнэрээ унтсан хойно талийгаачийн хамт дахиж дэлгүүр гараад том савтай боргио пиво, дахиад нэг шил архи авчирсан. Сүүлд авчирсан архинаас нь талийгаач бид хоёр ууж барахгүй болохоор Б харагдалгүйгээр угаалтуур рүү асгасан. Нэлээн хэсэг хугацааны дараа Энхцэцэг сэрсэн. Бид 3 явах гэж байтал эхнэр нь Б-ийг “манай нөхрийг унтуулчхаад явчхаач” гээд гуйгаад байхаар нь Б буцаад орон дээрээ суусан. Б тэр өдөр архи ууж байхдаа эхнэртэйгээ өмнөх өдрийн таксины тооцооны талаар яриад маргалдаад байсан. Тэгснээ Б ууж байсан нэг удаагийн хуванцар аягтай пивоо Э рүү шидээд байсан юм. Гэтэл Б “чи эхнэрийгээ яах гэж ингэж байдаг юм бэ хөгшөөн боль” гэж хэлэхэд Б хальт сандал дээр суусан. Б орон дээр сууж байхад Б ямар нэгэн юм хэлэлгүй нүүр рүү нь нэлээн хэдэн удаа цохиод хамар амнаас нь цус гарсан. Б хөгшөөн боль гээд Б-ын шанаа руу 2 удаа цохиод зууралдаад коридор рүү орчихоор нь би хүүхэд уйлахаар нь хүүхдээ авах гээд очсон. Хүүхдээ аваад эргээд хартал Б нэг гартаа хоол хийдэг урт хутга, нөгөө гартаа заазуур бариад том өрөөнөөс гарсан. Би тэгэхээр нь хутгатай байна гээд хүүхдээ тэврээд орц руу гарсан. Б, талийгаач нарыг жижиг өрөөнд байхыг нь би хараагүй. Тэр өрөө рүү би ороогүй. Би гадна хаалганы завсраар харахад талийгаачийн хөл хэсэг харагдсан ба жижиг өрөөний шалан дээр хөдөлгөөнгүй байдалтай хэвтэж байсан. Талийгаач согтолт бага зэрэг гайгүй байсан. Б болохоор нэлээн согтсон байдалтай агсраад уурлаад байсан. Эхнэр лүүгээ уурласан янзтай байсан. Би нөхөр Б-тэй 2008 оны үед танилцсан цагаас хойш Б-ыг мэднэ. Б-ийн багын найз гэдэг байсан. Манай нөхөр их дөлгөөн ааштай, хүнд ямар нэгэн хорон муу санаагүй хүн байсан. Эхнэр хүүхдэдээ их халамжтай байсан. Манай том хүү А 5 настай, охин Э 2 настай, бага хүү О 10  сартай. Талийгаач 13 дугаар хороололд байх ХХХХХХ хоолны газарт сүүлийн 6 жил ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх67-68-р хуудас/,

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч А.Б-ын гаргасан 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай:

“...Б гэж хаягласан цусанд 3,1 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,1 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх83-84-р хуудас/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч Г.Г-н гаргасан 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаартай:

“... Шинжилгээнд ирүүлсэн цагаан цамцанд зүсэгдэлт, урагдалт шинээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт /1хх123-126-р хуудас/,

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 680 дугаартай:

“...Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт /1хх134-135-р хуудас/,

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн гаргасан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1307 дугаартай:

“...Талийгаач А.Б-ийн биед зүүн хөхний толгойноос доош 0 см зайд урдаас арагш, зүүнээс баруун чиглэлд цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдол, зүүн уушгины доод дэлбэн нэвт хатган сээрний 6 дугаар нугалам хүрч төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, баруун суга, зүүн мөр, баруун шуу, баруун гарын долоовор хуруу, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт, баруун чигчий хурууны зүсэгдсэн шарх, зүүн гарын эрхий хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн хөхний толгойноос доош 1 см зайд урдаас арагш, зүүнээс баруун чиглэлд цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдол, зүүн уушгины доод дэлбэн нэвт хатган сээрний 6 дугаар нугалам хүрч төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсгэгдэнэ. Хамрын нурууны цус хуралт, зулгаралт, баруун суга, зүүн мөр, баруун шуу, баруун гарын долоовор хуруу, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт, баруун чигчий хурууны зүсэгдсэн шарх, зүүн гарын эрхий хурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ.

Талийгаач нь цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.6 промилли, ходоодны шингэнд 7.4 промилли спиртийн зүйл илэрсэн нь дунд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /1хх137-150-р хуудас/,

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Б.Д-ийн гаргасан 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3450 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач А овогтой Б-ийн өмсөж явсан гэх зүүн энгэр хэсэгт Nike гэсэн брэндийн логотой, богино ханцуйтай цагаан өнгийн футболк, саарал өнгийн жинсэн өмд, Mizuno гэсэн бичигтэй цагаан өнгийн оймсон дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус АВО системээр 0(1) бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлт /2хх13-14-р хуудас/,

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3502 дугаартай:

“...Хар өнгийн хуванцар бариултай хутга, ногоон өнгийн хуванцар бариултай заазуур дээр цус илэрсэн. Илэрсэн цус ДНХ-ийн тогтоц тогтогдоогүй. А.Б, Д.Б нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

18. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд, амь хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “Бид бэст” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон дэвтрийн хуулбар болон бусад баримтууд,

18. Гэрч Р.О, Ч.Д, Б.З нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 7170 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Д.Бат-Очирын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 1.800.000 төгрөгийн хохирлыг төлсөн талаарх баримт болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ХХХХХХ хотхоны 000 дугаар байрны 00 тоотод амь хохирогч А.Б-тэй маргалдан, улмаар түүний цээжин тус газар хутгалж амь насыг нь хохироосон болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх16-26-р хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх27-31-р хуудас/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх44-46-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх47-49-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх50-р хуудас/,

- Гэрч Э.Б-ийн “...Би түүнийг арай ч хутгалчихгүй байлгүй дээ гээд бодоод байж байхад гэнэт найзынхаа цээж рүү нь хутгаараа хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /1хх54-56-р хуудас/,

- Гэрч Э.Б-ийн “...Тэгсэн Б хоёр хутгатай гараараа огцом зангаж хөдөлтөл нөгөө залуу зугтаад манай өрөө рүү ороод ирсэн. Б баруун гартаа байсан хутгаар нөгөө ирсэн залуугийн зүүн суганаас баруун тийш зүрхэн тус орчим газар нь нэг удаа хутгаар хутгалж дүрээд авсан...” гэсэн мэдүүлэг /1хх57-58-р хуудас/,

- Гэрч Я.Э-ийн “...Б ах найзыгаа хутгалсан байна. Түргэн дуудах хэрэгтэй” гэж хэлсэн. Өрөө рүү шагайж харахад Б шалан дээр доошоо харсан байдалтай байсан. Дээш нь харуулахад цээж хэсэг нь нилэнхүйдээ цус болсон. Зүүн гарын булчин шуу нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх59-62-р хуудас/,

- Гэрч Б.С-ын “...Ороод шалгахад жижиг өрөөнд 103-ын эмч ирчихсэн, биед нь үзлэг хийгээд “энэ хүн нас барсан байна” гэж хэлсэн. Цогцсын хажууд хар өнгийн иштэй хутга нэг ширхэг, мөн заазуур нэг ширхэг байсан тул хэргийн газрыг хамгаалалт авч холбогдогч Б угаалгын өрөөнд дотор талаасаа хаалгаа түгжсэн байдалтай байхаар нь тогшиход хажуу талынх нь өрөөг түрээсэлдэг гэх 2 залуугийн хамт байж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх63-64-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн гаргасан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1307 дугаартай “...Талийгаач нь цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ...” гэсэн дүгнэлт /1хх137-150-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3502 дугаартай “...Хар өнгийн хуванцар бариултай хутга, ногоон өнгийн хуванцар бариултай заазуур дээр цус илэрсэн. Илэрсэн цус ДНХ-ийн тогтоц тогтогдоогүй. А.Б, Д.Б нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7170 дугаартай “...Хар өнгийн хуванцар бариултай хутга, ногоон өнгийн хуванцар бариултай заазуур дээр цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй. А.Б, Д.Б нарын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б болон А.Б нар нь согтуугаар хоорондоо тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодолдож, улмаар Д.Б нь нэг гартаа хутга нөгөө гартаа заазуур барьж “би хутгатай байна шүү, хол байгаарай”, “чи хөөе гөлөг минь, чи надтай шаах уу, ална шүү лалраа” гэх зэрэг үг хэлээр доромжлох байдлаар биед нь халдаж А.Б-ийн цээжин тус газарт нь хутгалж, цээжний хөндийн нэвтэрсэн шарх учруулсаны улмаас дотуур цус алдаж нас баржээ.

Дөрөв. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амь хохирогч А.Б-той маргалдан, улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон эхнэр хүүхдүүд нь маш их гомдолтой байгаа. Шүүгдэгч Д.Б нь хохирол төлбөр төлөх талаар ямар ч санаачилга гаргаж байгаагүй. Амь хохирогчийн эхнэр 3 хүүхэд нь айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг тэжээгчээ алдсан тул тэдэнд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Д.Б-с гаргуулах, мөн хохирол, хор уршгийн зардалд 000.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үлдэж байгаа 3 хүүхдийг анхаарч өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “...Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр бүтэн өнчин бөгөөд түүнд хамаатан садан байхгүй. Баримтаар тогтоогдсон зардлуудыг бүрэн төлөх байсан боловч хамаатан садан, ах дүү байхгүй учир төлж чадаагүй. Мөн амь хохирогчтой маргалдсаны улмаас Д.Б хөнгөн зэргийн гэмтэл учирсан. 116.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэхээргүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүгдэгч Д.Б нь А.Б-ийн цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт тооцогдоно.

Д.Б-ын дээрхи хууль бус үйлдлийн улмаас А.Б-ийн амь нас хохирсон нь гэмт үйлдэл үхэл хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Тав.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж,

3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач А.Б-ийн хууль ёсны төлөөлөгчөөр /хохирогчоор/ Р.А-г тогтоосон нь хуульд нийцнэ.

Учир нь, талийгаач А.Б-ийн эхнэр Т.М нь бага насны 3 хүүхэдтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж Р.А-г томилоход татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан зэргээс үзвэл талийгаач А.Б-ийн ар гэрээс нэн түрүүнд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох боломжтой хүн нь түүний ээж Р.А мөн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А: “Маш их гомдолтой байна. Миний хүү архи дарс уугаад байдаг хүн биш, хүүгээс минь үлдсэн 3 хүүхдийг орох оронтой болгож өг, хохирол, хор уршигт 116.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-аас шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирол, хор уршигт нийт 116.000.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 10.187.496 төгрөгийн баримт байна. Үүнээс шүүгдэгч Д.Б 1.800.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул 1.800.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 8.387.496 төгрөгийг шүүгдэгч Д.Б-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-д олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол, хор уршигт “талийгаачийн эхнэр, хүүхдүүдийг орон байраар хангуулах”-тай холбогдох нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодох боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив. Үүнтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас сард олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг талийгаач А.Б-ийн хүү 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн 00: 00000000 дугаартай Б.А, охин 0000 оны 00 дугаар сарын 00 нд төрсөн 00: 00000000 дугаартай Б.Э, хүү 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн 00: 00;00000000 дугаартай Б.О нарт нийт 420.000 төгрөгөөр тогтоосон байна. /2хх-41-р хуудас/,

Шүүх, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн цалин хөлсний зөрүүг гаргахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар тогтоосон Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а/-д “....дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу талийгаач А.Б-ийн “Бид бэст” ХХК-ийн албан ёсны тамга тэмдэгтэй цалингийн тодорхойлолтыг  үндэслэн түүний сүүлийн 3 сарын цалинг 3.000.000 төгрөгөөр тооцож дундаж цалинг 1.000.000 төгрөгөөр тогтоов. /2хх-ийн 38, 41-18-р хуудас/,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж зааснаар нас барагч, түүний эхнэр, 0 хүүхдийн тоогоор сарын дундаж цалинг хувааж (1.000.000:5=200.000 төгрөг) үүнээс Нийгмийн даатгалын газраас тогтоосон  (420.000:3=140.000 төгрөг)-ийг хүүхэд тус бүрийн мөнгөн дүнгээс хасаж (200.000-140.000=60.000) төгрөгийг талийгаач А.Б-ийн хүү 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр төрсөн 00: 00000000 дугаартай Б.А, охин 0000 оны 00 дугаар сарын 00-нд төрсөн 00: 0000000000 дугаартай Б.Э, хүү 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн 00: 00000000 дугаартай Б.О нарт тус бүрт сар тутамд 60.000 төгрөг тэдгээрийг 18 нас хүртэл шүүгдэгч Д.Б-оос гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Зургаа. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Д.Б нь 2 гартаа хутга, заазуур барьчихаад хохирогчийг тохуурхан доромжилж, нийтэд аюултай нөхцөл байдалд байсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр байна. Улсын яллагчийн 10 жилийн хорих ялаар яллаж байгаа нь түүний үйлдэлд хөнгөдсөн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан бага ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхэд халдаж хүний амь нас хохироосон байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Д.Б-ын үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001121 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 15,5 см урттай, лого ханз бүхий бичиглэл, troy weight бичиглэл бүхий ажлын хэсэгтэй, 12 см урттай, 3 хадаас бүхий бариултай хутга 1 ширхэг, 16,5х7 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 10,5 см хэмжээтэй, 3 хадаас бүхий ногоон пивор иштэй заазуур 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл нь тодорхойгүй, дугуй захтай, хагас ханцуйтай, цагаан өнгийн футболк 0 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Д Б-ыг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 15,5 см урттай, лого ханз бүхий бичиглэл, troy weight бичиглэл бүхий ажлын хэсэгтэй, 12 см урттай, 3 хадаас бүхий бариултай хутга 1 ширхэг, 16,5х7 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 10,5 см хэмжээтэй, 3 хадаас бүхий ногоон пивор иштэй заазуур 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл нь тодорхойгүй, дугуй захтай, хагас ханцуйтай, цагаан өнгийн футболк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-с 8.387.496 /найман сая гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А, талийгаачийн хүүхэд Б.А /РД:000000000/, Б.Э /00: 0000000000/, Б.О /00: 0000000000/ нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар тутамд 60.000 төгрөг гаргуулж тэдгээрийг 18 нас хүртэл сар болгон эх Т.М-д олгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохирол, хор уршигтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ДАЛАЙХҮҮ

                      ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ 

                     ШҮҮГЧ                                      Л.ОЮУН