Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00083

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхон С1-611 тоотод оршин суух, Олхонууд-Маам овогт Дамбын Мөнхжаргал /РД:АЭ67102009/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 7 дугаар байрны 4 дүгээр орцны 202 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Оюунномин /РД:УП89012320/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 7 дугаар байрны 4 дүгээр орцны 202 тоотод оршин суух, Чонс овогт Лхагвын Эрдэнэбулган /РД:ХЗ82031875/ нарт холбогдох,

 

61 524 690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв:

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, хариуцагч Г.Оюунномин, Л.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон Л.Эрдэнэбулган, түүний эхнэр Г.Оюуномин нарын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн зээлийн гэрээ болон 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийсэн зээлийн гэрээнүүдийн нийт төлбөр болох 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэнээс хойш одоог хүртэл төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт хугацаа дууссан учир гэрээнд заасаны дагуу иргэний хуулийн 232.6 дахь заалтыг үндэслэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданга тооцож, үндсэн зээл болон хүү алданги оруулан нийт 60 000 000 төгрөгийг, Л.Эрдэнэбулганд надаас түрээслүүлсэн ажлын байрны түрээсийн төлбөр болох 1 200 000 төгрөг ба цахилгааны төлбөр 324 690 төгрөгийг оролцуулан нийт 61 524 690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Оюунномин, Л.Эрдэнэбулган нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус 1 жилийн хугацаатай “Зээлийн гэрээ” байгуулан зээлж авсан бөгөөд зээлийн хүүг 5 сарын турш төлж, нийт 6 000 000 төгрөгийг Л.Мөнхжаргалын нэр дээрхи, Хаан банкны 5015030590 тоот дансанд шилжүүлж төлсөн. Улмаар миний бие Д.Мөнхжаргалын хүсэлтээр түүнтэй ярилцаж тохирон, нэхэмжпэлд дурдсан зээлийн төлбөрт Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт сайрлах Горхи Тэрэлжийн байгалын цогцолбор газрын Орог Ямаатын аманд жуулчны баазын барилга байгууламж барьж өгөхөөр болсон. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс би өөрийн “Юниквүүд” ХХК-ийн 20 ажилчинтай дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцад нийт 9 гэрийн суурийг машин механизмаар ухаж, далан босгон бэлдэн, зуурмагийн машины тусламжтайгаар суурийг цутган, гэрүүдийг барьсан. Үүний дараа рестораны зориулалтаар 201.6 м.кв талбай бүхий 2 давхар барилга барьж, гадна бүжгийн талбай, галын наадам хийх талбай зэргийг хийж тохижуулсан. Мөн уг талбайгаас дараагийн талбай руу явахад шаардлагатай, төмөр бетонон тулгууртай, 200 м.кв талбайтай модон гүүр, 36 м.кв талбайтай боловсон жорлон, душ, караоке барилга, элсний гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, баазын гаднах төмөр хашаа зэргийг барьсан. Уг ажлыг гүйцэтгэхэд газрын талбай нь их налуу, уулын хажуу байсан учраас газар шорооны ажил маш их хийгдэж, нийт 8 ширхэг машин механизм ажиллуулсан ба баазын доторх цахилгааны монтаж, төмөр бетон цутгамал бүхий бохирын цооног  бохир болон цэвэр усны шугам татах, бохирын шингэлтийн нүх ухах, гал тогооны бохирын цооног барих, авто зогсоол байгуулах, замын хөрс хуулалт хийж хайрга асган тэгшлэх, гадан жорлон барих, гүний худагт хаалт, хамгаалалт хийх, хөшөөний суурь бэлдэх, эко хавтан өрөх зэрэг ажлуудыг хийсэн. Мөн жуулчны баазад 75 тооны модон тавилгыг хийж тохижуулж өгсөн бөгөөд дээрх ажпуудын тээвэрлэлтийг өөрийн хөрөнгөөр, унаагаар хийж гүйцэтгэсэн. Жуулчны баазын ажлыг гүйцэтгэх явцад Д.Мөнхжаргал нь манай эхнэр Г.Оюунномингийн нэр дээрх Хаан банкны 5072046569 тоот дансаар ажлын хөлс гэж нийт 61 964 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 24 519 500 төгрөгөөр нь материал авсан. Баримтуудыг нь түүнд өөрт нь тухайн үед нь өгсөн. Дээрх жуулчны баазын ажлын нийт зардал нь 140 519 000 төгрөг болсон бөгөөд би энэ хүнд мөнгө өгөх биш харин ч авлагатай гарч байгаа. Харин би тухайн үед энэн хүнд итгээд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, ажил хийсэн акт, төлбөр тоцооны талаар санхүүгийн баримт үйлдээгүй бөгөөд энэ бүхнийг хийсэн ажилчдын мэдүүлэг, барьсан барилга зэргээр нотлогдоно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч Г.Оюунномин, Л.Эрдэнэбулган нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, хариуцагч Л.Эрдэнэбулганд холбогдуулан түрээсийн төлбөр болон цахилгааны төлбөрт 1 524 690 төгрөг, нийт 61 524 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг “...зээлийн үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэж төлөхөөр тохиролцсоны дагуу ажил хийсэн” гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Эрдэнэбулганд холбогдох хэсгээс зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Оюунноминд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Мөнхжаргалаас зээлдэгч Г.Оюунномин, Л.Эрдэнэбулган нар нь 15 000 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувь байхаар, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Мөнхжаргалаас зээлдэгч Г.Оюунномин, Л.Эрдэнэбулган нар нь 25 000 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувь байхаар тус тус харилцан тохиролцож талууд гарын үсэг зурсан байх бөгөөд энэ талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул хариуцагч Л.Эрдэнэбулганы шүүхэд гаргасан “Д.Мөнхжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус 1 жилийн хугацаатай “Зээлийн гэрээ” байгуулан зээлж авсан” гэх тайлбар болон зээлийн гэрээгээр нэхэмжлэгч болон хариуцагч Л.Эрдэнэбулган нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин дээрх гэрээнүүдэд хэдийгээр хариуцагч Г.Оюунномин гарын үсэг зурсан байх боловч тэдний хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан буюу зээлийн гэрээний мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч Г.Оюунноминд шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч Г.Оюунномин нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч  Г.Оюунноминд зээлийн мөнгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Г.Оюунноминг дээрх зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч Л.Эрдэнэбулганы “Д.Мөнхжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус 1 жилийн хугацаатай “Зээлийн гэрээ” байгуулан зээлж авсан” гэх тайлбараас үзвэл тэрээр дээрх 2 гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, 25 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч Л.Эрдэнэбулган дээрх төлбөрийг ажил гүйцэтгэх аргаар төлсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Л.Эрдэнэбулган нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр солихоор талууд тохиролцсон гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 15 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25 000 000 төгрөг, нийт үндсэн зээл 40 000 000 төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбулганаас шаардах эрхтэй. Түүнчлэн, хариуцагч Л.Эрдэнэбулган нь дээрх үндсэн зээлийг төлөөгүй болох нь хариуцагч нарын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн “авсан зээлийн тухай өргөдөл”-р нотлогдож байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Л.Эрдэнэбулган нь зээлийн гэрээний хүүд 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх боловч үндсэн зээлийг буцаан төлөөгүй талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч нь энэ талаар шаардлага гаргаагүй байх тул уг хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй байна.  

 

Талууд гэрээний 2-т алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцэж байхаас гадна 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний алдангийн хэмжээ үндсэн үүрэг 15 000 000 төгрөгийн 50 хувиас, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 25 000 000 төгрөгийн 50 хувиас тус тус хэтэрч байх тул нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 15 000 000 төгрөгийн 50 хувь 7 500 000 төгрөг, 25 000 000 төгрөгийн 50 хувь 12 500 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэнтэй нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний хариуцлага буюу алданги 20 000 000 төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбулганаас шаардах эрхтэй байна.

 

Түрээсийн төлбөр 1 200 000 төгрөг, цахилгааны төлбөр 324 690 төгрөг, нийт 1 524 960 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх, мөн нэхэмжлэгч нь ямар хөрөнгийг хариуцагч Л.Эрдэнэбулганы эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч түрээсийн төлбөр болон түүнийг хэрэглэсэн зардал нийт 1 524 960 төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбулганаас шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Эрдэнэбулганаас зээлийн гэрээний үүрэгт нийт 60 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 524 960 төгрөг, хариуцагч Г.Оюунноминд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбулганаас 60 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 524 960 төгрөг, хариуцагч Г.Оюунноминд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 465 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбулганаас 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч   этгээд,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН