Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2017/00054/И |
Дугаар | 0100 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 0100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 9А дугаар байр, 30 тоотод оршин суух, Тайчууд овогт Содхүүгийн Гийгүүлэн /РД: ХЕ83020307/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 53 дугаар байр, 46 тоотод оршин суух, Сутай овогт Галбадрахын Анхбаяр /РД: 83100713/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Гийгүүлэн, хариуцагч Г.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Гийгүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд Г.Анхбаяртай гэр бүл болсон ба хамтран амьдрах хугацаанд буюу 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү А.Хорвоо, 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин А.Аялгуу нар төрсөн. Бид хоёр 13 жилийн хугацаанд хэд хэдэн удаа салж нийлж байсан бөгөөд сүүлд 2015 онд Г.Анхбаяр нь өөр эмэгтэйтэй болж бид тусдаа амьдраад 1 жил болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Г.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд С.Гийгүүлэнтэй гэр бүл болсон ба хамтран амьдрах хугацаанд буюу 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү А.Хорвоо, 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин А.Аялгуу нар төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Гийгүүлэн нь хариуцагч Г.Анхбаярт холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Гийгүүлэн, хариуцагч Г.Анхбаяр нар 2002 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү А.Хорвоо, 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин А.Аялгуу нар төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан ПА 616 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 0000942460 Г-609, 0288331 Г-1274 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү А.Хорвоо, охин А.Аялгуу нар эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдүүдийн насны онцлог болон өсөж торнисон орчин, мөн санал зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэв.
Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тайчууд овогт Содхүүгийн Гийгүүлэн, Сутай овогт Галбадрахын Анхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Хорвоо, 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Аялгуу нарыг эх С.Гийгүүлэнгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Хорвоо, 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Аялгуу нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Анхбаяраас гаргуулан олгосугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН