Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 812

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Онон /томилолтоор/,

шүүгдэгч З.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт З-ын Золбоод холбогдох эрүүгийн 2005019031183 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0 , ээж, дүү болон охины хамт Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 00-р хороолол 00-р байрны 00 тоотод оршин суух. улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Ө овогт З-ын З /регистрийн дугаар: 0000000000/ гэв.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.З нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байрлах “ХХХХХХ” зочид буудлын 000 дугаартай өрөөнд А.С-тай маргалдан тавагны хагархай хэсгээр цээжин тус газарт нь зүсэж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.З мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч А.С-гийн:

“...2020 оны 05 дугаар сарын 24-нд би найз нартайгаа уулзаад 3 шил 0.5 литрийн Сэнгүр гэх пиво уугаад орой С-т байгаа Х гэх эмэгтэй рүү залгахад хорооллын эцэст буудалд Б-той хамт байна гэсэн. Тэгээд би “ХХХХХХ” гэдэг зочид буудлын 0 давхарт 000 тоот өрөөнд ороход Х Б нар хэвтэж байсан. Намайг орсны дараа тэр 2 босоод ирсэн бөгөөд жаахан хууч хөөрөөд суусан. Б-ын дуудсан дүү нь гэх З гээд залуу 00.75 литрийн экс архи аваад эрүүл саруул орж ирсэн. Тэгээд уг архийг бид 4 хувааж уусан. Х нэг архи авах гээд гараад явсан бөгөөд өрөөнд Б, З бид гурав үлдсэн. Бид 3 юм ярьж байгаад ямар нэг зүйлээс болоод маргаан болсон. Маргаан нь Б гэх залууг би танилцаад “хэн гэж дуудах вэ, үеийн юм байна чи гээд дуудчих” гэхээр нь чи гэж дуудсан. Гэтэл дүү нь гэх залуу орж ирээд намайг ахаа гэж хэлсэнгүй гээд маргаан болсон. Энэ үед Б гэх эрэгтэй хажуугийн өрөөнд бие засах гээд орсон. Энэ хооронд нөгөө дүү нь гэх залуу намайг хажуугаас цохисон. Намайг газарт унахад орны шүүгээн дээр байсан таваг газарт унаад хагарсан. Би босч ирээд нөгөө З гэх залууг гараараа нэг хоёр цохисон бөгөөд унаад босож ирэх үедээ газар байсан хагархай таваг барьж босож ирээд намайг зүүн хавирга орчиж нэг удаа цохисон. Энэ үед Б гэх эрэгтэй орж ирээд “яагаад байгаа лалрууд вэ” гээд хашхираад байсан ба намайг гэмтээснээс болоод цус гараад байсан чинь намайг бууж гэмтэл оръё гээд байсан. Бид нар миний цамцаар бие ороож цус тогтоож байхад гаднаас хаалга тогшоод буудлын үйлчлэгч нэг хүний хамт ирсэн. Тэгээд бид нар доошоо буугаад угаах үйлчилгээний дэргэд очиж байх хооронд нэг нь дуудлага өгөөд байсан. Надад баримтаар 400.000 төгрөгийн зардал байгаа ба ажилдаа явж чадаагүй. Хувийн байгууллага болохоор лист амралт бодоогүй тул энэ хугацааны цалин мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Нийт 2.500.000 орчим төгрөг болно. Надад учирсан хохирол болох 2.500.000 төгрөгийг З надад өгсөн. Надад ямар нэг гомдол санал байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх68, 73-р хуудас/,

2. Гэрч Б.А-ын:

“...2020 оны 5-р сарын 23-нд манай буудлыг 000 тоот өрөөнд 15 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн бөгөөд орой 20 цаг болж байхад нөгөө 2 хүн дээр өөр нэг эрэгтэй хүн орсон. Тэгээд 22-23 цагийн үед өөр нэг эрэгтэй бас “найз дээрээ юм оруулж өгнө” гээд байхаар нь би “за удахгүй шүү” гээд оруулсан. Би камер хараад сууж байхад дээр чимээ гараад зодоон болов уу гээд үйлчлэгч эгч Э-г гараад хараад ир гээд явуулсан. Тэгээд манай үйлчлэгч өрөөнд байсан хүмүүстэй хамт буугаад ирсэн. Нэг нь нэлээд цуг гарсан бололтой цамцаараа гэдсээ ороосон зүүн хэсгээр нь цээжнээс нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх18-р хуудас/,

3. Гэрч Б.Э-гийн:

“...Угтах ажилтан А надад “дээр чимээ гараад байна” гэхээр нь би яваад очиход орой ирсэн 2 залуугийн эхлээд ирдгийн суга хавьд нь нэлээд том шарх болсон байсан. Намайг өрөөнд ороод харахад хоорондоо нээх хэрэлдэж байгаа зүйл байгаагүй... Намайг ороход нөгөө гэмтсэн хүн боссон байдалтай, нөгөө нэг нь цамцаар нь шархыг нь боогоод байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх21-р хуудас/

4. Гэрч О.Б-ын:

“...С- надтай ахаа гээд ярихаар нь би “зүгээр чи гээд харьц” гэж хэлсэн. Тэгээд байж байхад З- С-д хандаад “чи манай ахыг чи гэлээ” гээд маргаан болсон. Тэгээд би 00-ын өрөөнд байж байхад нөгөө 0 ноцолдоод маргаан болоод аяга таваг хагарсан. Би ороод ирэхэд С 2 хөллөөд газар нумраад хэвтсэн хажуу бөөр хэвлий хэсгээс нь цус гарсан байдалтай, З орон дээр хагархай таваг бариад өөрийгөө зүсээд гэмтээж байсан ба би “яах гээд байгаа юм” гэхэд ингээд харилцан адил болж байгаа юм гээд орон дээр суугаад байсан... гэсэн мэдүүлэг /хх26-р хуудас/,

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6195 дугаартай:

“...А.С-гийн биед цээжинд шарх, баруун нүдний алим, дээд, доод зовхи, хүзүү, баруун хөх, гуя, шилбэнд цус хуралт, зүүн зулайн хуйх, хүзүү, зүүн шуу, баруун гуя, шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх60-р хуудас/,

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.З-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч З.З нь хохирогч А.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч З.З нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байрлах “ХХХХХХ” зочид буудлын 000 дугаартай өрөөнд А.С-тай маргалдан тавагны хагархай хэсгээр цээжин тус газарт нь зүсэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч А.С-гийн “...З гэх залуу намайг хажуугаас цохисон. Намайг газарт унахад орны шүүгээн дээр байсан таваг газарт унаад хагарсан. Би босож ирээд нөгөө З гэх залууг гараараа нэг хоёр цохисон бөгөөд унаад босож ирэх үедээ газар байсан хагархай таваг барьж босож ирээд намайг зүүн хавирга орчиж нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх68-р хуудас/,

-Гэрч О.Б-ын “...Би ороод ирэхэд С 2 хөллөөд газар нумраад хэвтсэн хажуу бөөр хэвлий хэсгээс нь цус гарсан байдалтай, З орон дээр хагархай таваг бариад өөрийгөө зүсээд гэмтээж байсан ба би яах гээд байгаа юм гэхэд ингээд харилцан адил болж байгаа юм гээд орон дээр суугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-р хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 6195 дугаартай шинжээчийн “...А.С-гийн биед цээжинд шарх, баруун нүдний алим, дээд, доод зовхи, хүзүү, баруун хөх, гуя, шилбэнд цус хуралт, зүүн зулайн хуйх, хүзүү, зүүн шуу, баруун гуя, шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх60-р хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч З.З хохирогч А.С нар нь хоорондоо тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хохирогч А.С-г цээжин тус газарт нь тавгаар зүссэн, шүүгдэгч З.З-гийн үйлдлээс хохирогч А.С-гийн цээжинд шарх, баруун нүдний алим, дээд, доод зовхи, хүзүү, баруун хөх, гуя, шилбэнд цус хуралт, зүүн зулайн хуйх, хүзүү, зүүн шуу, баруун гуя, шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 6195 дугаар шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгч З.З-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч А.С-гийн биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд -2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч З.З нь 2.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч З.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч З.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Шүүгдэгч З.З-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч З.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч З.З оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005019031183 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тавагны хагархайг зохих журмын дагуу устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч З.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө овогт З-ын Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн тавагны хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч З.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

    

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ