Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 814

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч З.Д түүний өмгөөлөгч Л.Энхсайхан, Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ын Д-д холбогдох эрүүгийн 201726021245 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00-р гудамж, 000 тоотод оршин суух хаягтай,

-Урьд Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 282 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, Б овогт З-ын Д /РД: ХХ00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод “би айлаас хөөгдөж гардаг хүн биш” гэх шалтгаанаар хохирогч Ч.М-ын цээжний зүүн дээд хэсэгт хутгалж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 0000 тоот хашаанд хохирогч М.Э-ын зүүн гарын шуун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6787 дугаартай:

“...Ч.М-ын биед цээжний зүүн талд уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх64-р хуудас/,

2. Гэрч Б.Ш-гийн:

“...Энэ үед ямар нэгэн маргаан болоогүй ба дуусахаар нь бид 2 ажилтай одоо харьцгаа гэж хэлсэн чинь Д гэдэг хүн нь “би айлаас хөөгдөж гардаг хүн биш, чи авгайтайгаа хөөлөө” гээд уурлаад байсан ба Ц гаръя гэсэн. Тэр Д нь гарахгүй байхаар нь татаж байгаад түрүүлээд гараад явсан. Тэгсэн Д дуртай дургүй үүд рүү явсан ба М гаргаж өгөхөөр үүд рүү очсон. Би том өрөөнд байсан ба хаалга дуугараад Д гараад явсан ба М нэлээн согтчихсон хаалга түгжээд том өрөөнд ороод ирсэн. Тэгсэн цээж хэсгээс цус гарсан байсан ба “яасан бэ” гэхэд М “Д ийшээ дүрчихлээ” гэсэн. Том өрөөнд архи ууж байхдаа Д нь “би шоронд 7 жил суусан хулгайч” гээд бор иштэй тонгорог үзүүлээд байсан юм. Би тэр хутгийг авах гээд оролдсон чинь дийлээгүй, тэр өгөөгүй. Ц ч М ч энэ хутгыг харсан. Тэгээд л гарахдаа хутгалчихсан байсан. Ингээд эмнэлэг дуудсан ба Цийг дуудах гээд хаалгыг нүдэхэд тайлж өгөөгүй. Эмнэлэг ирж үзээд гайгүй байна гэсэн. Үүнээс хойш Ц, Д нар орж ирээгүй уулзаагүй байж байтал 2 хоногийн дараа М гэртээ хэвтэж байгаад босохоор толгой эргээд бие нь өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд дотогшоо нэвтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх48-49-р хуудас/,

3. Хохирогч Ч.М-ын:

“...Би 2017 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гэртээ найз Ш-тэй унтаж байхад орой 23 цагийн орчим Ц, Д нар манайд 0.75 граммын Хараа архи 2.5 литрийн Нийслэлийн пиво авч орж ирсэн. Тэгээд архи пиво хувааж ууж дуусгачхаад байж байхад манай найз Ш “одоо амаръя” гэж хэлэхээр нь би Ц, Д хоёрыг үүд рүү дөхүүлж байхад Д гэх залуу нь “би айлаас хөөгдөж гардаггүй юм” гэж хэлээд миний зүүн талын хөхний дээд хэсэгт цохих шиг болоод тэгээд тэр хоёр гараад явсан. Тэгээд унтах гээд хувцсаа тайлтал миний цээж хэсгээс шүүс гарч байхаар нь Ш түргэн дуудаад удалгүй түргэн ирээд үзээд “зүгээр байна” гэж хэлээд шархны лент наачих гэж хэлээд түргэн яваад өгсөн. Би тэгээд унтчихаад өглөө боссон чинь давсаг руу чинэрч өвдөөд байхаар нь эмийн сангаас өвчин намдаах эм авч 2 өдөр уугаад 3 дахь өдөр нь манай дүү ирээд миний биеийг үзээд түргэн дуудсан чинь цагдаа ирээд намайг аваад гэмтэл хүргэж өгсөн. Тэр Д гэдэг хүн гэрийн хаалга дээр очоод гутлаа өмсөөд гарахдаа “би айлаас хөөгдөж гардаг хүн биш” гээд миний зүүн талын цээжний хөхний дээд талд нэг удаа цохичхоод гарсан. Яг энэ үед гарт нь юу байсныг хараагүй, Ц үүдэн дээр бас гутлаа өмсөөд байж байсан, анзаарсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх39-41-р хуудас/,

4. Гэрч Ц.Г-ийн:  

“...тухайн үед би Бэлх гэх газар барилга дээрх ажилладаг байсан юм. 2017 оны 05 дугаар сарын 14-ний орой цалингаа аваад гэр лүү харьж явж байгаад өмнө нь таньдаг байсан Дтой 22 цагийн Баянбүрдийн тойрог дээр таараад 23 цаг болж байхад найз Мын гэрт очсон. Гэрт нь ороод 1 шил 0.75 литрийн Хараа архи авсан байснаа задалсан. Тэр үед М-ын эхнэр гэх эмэгтэй хамт байсан. Ингээд Д, М бид 3 суугаад архи хувааж уусан. М-ын гэр орохоос өмнө Д бид хоёр 1 шил архи уусан байсан. Ингээд М-ынд сууж байгаад би “гарлаа харья” гээд гарсан. Би шууд доод давхарт нь байх гэртээ орсон. Д яваад өгсөн. Нөгөөдөр нь М-ын гэрт нь яваад ортол “танай найз чинь намайг хутгаар хатгачихсан ш дээ” гэж хэлсэн. Би гэрт нь 1 шил архи уучхаад гараад явсан. Тэр орой нь би гэртээ байж байтал М-ын эхнэр над руу залгаад “М-ыг Д хутгалсан байна” гэж хэлсэн. Би тасраад ухаан орж гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх42-44-р хуудас/,

5. Хохирогч М.Э-ын:

“...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим би гэртээ эхнэр У-ийн хамт бид хоёр зурагт үзээд байж байтал манай хашаанд байдаг байшинд амьдардаг 40-45 орчим насны залуу байшингаас гарч ирээд гэрийн гаднаас “та нар наад зурагтынхаа дууг багасгаач” гээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад “та одоо гэрт орж унтаач ээ” гэтэл тэр ах “чи муу миний дууг хорьдог хэн бэ” гээд над руу дайраад, миний нүүр лүү мөргөхөөр нь би тэр ахыг өөрөөсөө холдуулаад түлхтэл тэр “чамайг алнаа” гээд орилоод гэр лүү гээ ороод хар өнгийн иштэй хутга авч гарч ирээд шууд над руу дайраад байхаар нь би тэр ахын барьж байсан хутгыг нь булааж авах гэтэл тэр ах миний зүүн гарын шууг зүсэхээр нь би тэр ахын хутганаас нь бариад доошоо дарж байгаад хутгыг нь булааж авсан. Тэр ах надад хутгаа булаалгачхаад гарч явах гээд байхаар нь тэр хүнийг бариад байж байтал цагдаа нар хүрч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх127-128-р хуудас/,

6. Гэрч Б.У-гийн:

“...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим шиг санагдаж байна, нөхөр бид хоёр гэртээ зурагтаа үзээд байж байхад манай хашаанд байдаг ах байшингаасаа гарч ирээд “чимээгүй байж чадахгүй байна уу” гээд гэрийн гаднаас орилоод байхаар нь манай нөхөр Э гэрээсээ гараад “ах аа юу болсон юм бэ, яагаад орилоод байгаа юм бэ” гэтэл тэр ах “та нар чимээгүй байж чадахгүй байна уу” гээд манай нөхрийг мөргөхөөр нь манай нөхөр тэр ахыг түлхтэл тэр ах “чамайг алаад хаяна” гэж хэлээд гэр лүүгээ ороод хар өнгийн иштэй хутга авч гарч ирээд манай нөхөр лүү дайраад байхаар нь би гэр лүү гээ ороод цагдаа дуудаад буцаад гараад иртэл тэр ах манай нөхрийн гарыг нь зүсчихсэн, манай нөхрийн зүүн гараас нь цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх129-130-р хуудас/,

7. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Б--ын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7089 дугаартай:

“...М.Э-ын биед зүүн шуунд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх134-135-р хуудас/,

8. Шүүгдэгч З.Д-гийн хувийн байдлын талаарх баримтууд болон хохирогч Ч.М-ын эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 760.000 төгрөг төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Д нь хохирогч Ч.М-ын цээжний зүүн хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Мөн хохирогч М.Э-ыг зүүн гарын шуун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, Л.Энхсайхан нар “Шүүгдэгч З.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, мөн хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар нь гомдол саналгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч З.Д нь:

2017 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод “би айлаас хөөгдөж гардаг хүн биш” гэх шалтгаанаар хохирогч Ч.М-ын цээжний зүүн дээд хэсэгт хутгалж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ч.М-ын:

“...Д гэх залуу нь “би айлаас хөөгдөж гардаггүй юм” гэж хэлээд миний зүүн талын хөхний дээд хэсэгт цохих шиг болоод тэгээд тэр хоёр гараад явсан. Тэгээд унтах гээд хувцсаа тайлтал миний цээж хэсгээс шүүс гарч байхаар нь Ш түргэн дуудаад удалгүй түргэн ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх39-41-р хуудас/,

- Гэрч Б.Ш-гийн:

“...Бид 2 ажилтай одоо харьцгаа гэж хэлсэн чинь Д гэдэг хүн нь “...би айлаас хөөгдөж гардаг хүн биш, чи авгайтайгаа хөөлөө” гээд уурлаад байсан...  М нэлээн согтчихсон хаалга түгжээд том өрөөнд ороод ирсэн. Тэгсэн цээж хэсгээс цус гарсан байсан ба “яасан бэ” гэхэд М “Д ийшээ дүрчихлээ...” гэсэн мэдүүлэг /хх48-49-р хуудас/,

-  Гэрч Ц.Г-ийн:  

“...Тэр орой нь би гэртээ байж байтал М-ын эхнэр над руу залгаад “М-ыг Д хутгалсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх42-44-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6787 дугаартай:

“...Ч.М-ын биед цээжний зүүн талд уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Д нь:

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо,  0000 тоот хашаанд хохирогч М.Э--ын зүүн гарын шуун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.Э-ын:

“... “та нар наад зурагтынхаа дууг багасгаач” гээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад “та одоо гэрт орж унтаач ээ” гэтэл тэр ах “чи муу миний дууг хорьдог хэн бэ” гээд над руу дайраад, миний нүүр лүү мөргөхөөр нь би тэр ахыг өөрөөсөө холдуулаад түлхтэл тэр “чамайг алнаа” гээд орилоод гэр лүү гээ ороод хар өнгийн иштэй хутга авч гарч ирээд шууд над руу дайраад байхаар нь би тэр ахын барьж байсан хутгыг нь булааж авах гэтэл тэр ах миний зүүн гарын шууг зүсэхээр нь би тэр ахын хутганаас нь бариад доошоо дарж байгаад хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх127-128-р хуудас/,

Гэрч Б.У-гийн:

“...Манай хашаанд байдаг ах байшингаасаа гарч ирээд “чимээгүй байж чадахгүй байна уу” гээд гэрийн гаднаас орилоод байхаар нь манай нөхөр Э гэрээсээ гараад “ах аа юу болсон юм бэ, яагаад орилоод байгаа юм бэ” гэтэл тэр ах “та нар чимээгүй байж чадахгүй байна уу” гээд манай нөхрийг мөргөхөөр нь манай нөхөр тэр ахыг түлхтэл тэр ах “чамайг алаад хаяна” гэж хэлээд гэр лүүгээ ороод хар өнгийн иштэй хутга авч гарч ирээд манай нөхөр лүү дайраад байхаар нь би гэр лүү гээ ороод цагдаа дуудаад буцаад гараад иртэл тэр ах манай нөхрийн гарыг нь зүсчихсэн..." гэсэн мэдүүлэг /хх129-130-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Б-ын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7089 дугаартай:

“...М.Э-ын биед зүүн шуунд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх134-135-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, Ч.Мын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч З.Д нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн үед үйлдсэн байна. Энэхүү гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба, тус зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын төрөл, хэмжээ нь таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Харин шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх үед 2015 онд батлагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь дээрх хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байх ба, тус зүйл хэсэгт зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул шүүгдэгч З.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч З.Д нь хохирогч Ч.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх ба хохирогч Ч.М нь эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 601.449 төгрөг нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд 500.000 төгрөгийг шүүгдэгч З.Д төлсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж хохирогчид эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 760,000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн бөгөөд нийт 1.260.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

Харин хохирогч М.Э нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч З.Д--г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 465 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 465.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, Л.Энхсайхан нар “Шүүгдэгч З.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд нийт 1.260.000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч нь хувийн байдлын тухайд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч З.Д нь урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан байх боловч ялыг эдэлж дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч З.Д-д хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан түүнд:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 465 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 465.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 465 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 465.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 31 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Мөн 2020 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 201726021245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч З.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт З-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 465 /дөрвөн зуун жаран таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 465.000 /дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 465 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 31 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-гийн 2020 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 85 /наян таван/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч З.Д бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ