Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 0193

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 15 гудамж, 22 тоотод оршин суух, Боржигон овогт Чүлтэмийн Лхагва /РД: ЧО41031517/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Цэрмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Нямсүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Лхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 05 сарын 20-ны өдөр иргэн Д.Цэрмаад 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед Цэрмаа нь Өгөөмөр зах дээр зогсдог байсан. Мөнгө зээлснээс хойш миний мөнгийг буцааж өгөхгүй байсан бөгөөд би удаа дараа нэхэж шаардаж байсны үр дүнд энэ жил 150,000 төгрөгт тооцож сэлбэг, 150 000 төгрөгийг бэлнээр авсан. Би өөрөө хөгшин настай, бие муутай хүн тул байнга араас нь нэхэж хөөцөлдөөд байжчадахгүй тул арга буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгч Р.Алтантуяа Д.Цэрмааг хаягтаа оршин суудаггүй шалтгаанаар миний нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо миний бие өвчний учир эмчлүүлж сувилуулах шаардлагатай байгаа бөгөөд тэтгэвэрээс өөр орлогогүй хүнд нөхцөлд байна. Иймд Д.Цэрмааг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Лхагва нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Цэрмааг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Лхагва нь Д.Цэрмаад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 27926 дугаар захирамжаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3-р хороолол, 33-р байр, 35 тоотод оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Д.Цэрмаад холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхогүйгээс нэхэмжлэгчид Д.Цэрмааг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Цэрмааг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3-р хороолол, 33-р байр, 35 тоотод оршин суух бүртгэлтэй, Д.Цэрмааг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Ч.Лхагва /утас: 9597 7425/-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Д.Цэрмаа нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3-р хороолол, 33-р байр, 35 тоотод оршин суух бүртгэлтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Цэрмааг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Цэрмааг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ч.Лхагва /утас: 95977425/-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН