| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/7950/и |
| Дугаар | 00202 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6Б дугаар байр, 75 тоотод байрлах, “Ганхарцага” ХХК /РД: 2797941/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6А дугаар байр, 18 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэбатын Батбаяр /РД: УК91070891/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 702 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ганхарцага” ХХК-ийн төлөөлөгч Х.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Э.Батбаяр гар утсаа барьцаалан манай байгууллагаас 500 000 төгрөгийг, мөн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэмж 150 000 төгрөгийг, нийт 650 000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл эргэн төлөгдөх хугацаа дууссан боловч тэрээр зээлийг төлөөгүй ба барьцаанд тавьсан гар утас нь эвдэрхий байсан. Иймд Э.Батбаяраас үндсэн зээл 650 000 төгрөг, хүү 52 000 төгрөг, нийт 702 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбайртаа: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гар утсаа барьцаалан “Ганхарцага” ХХК-иас 500 000 төгрөгийг, мөн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэмж 150 000 төгрөгийг, нийт 650 000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй ба төлбөрийг хүүгийн хамт төлнө гэдгээ тухайн үед нэхэмжлэгчид хэлсэн. Миний бие харин эвдэрхий утсыг барьцаалаагүй, миний утас ажилладаг байсан ба нэхэмжлэгч тухайн үед утсыг шалгаж авсан. Иймд асуудпыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ганхарцага” ХХК нь хариуцагч Э.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 702 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...барьцаанд эвдэрхий гар утас тавиагүй, хэвийн ажилладаг гар утас тавьсан” гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 0101614 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Э.Батбаяр нь 650 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл буюу 21 хоногийн хугацаатай зээлдүүлэгч “Ганхарцага” ХХК-иас зээлэх, зээлийн барьцаанд Iphone 6plus гар утас барьцаалахаар харилсан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн “...“Ганхарцага” ХХК-иас нийт 650 000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн...” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг гэрээний үүрэг болох 650 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд харин хариуцагчийн “...зээлийн төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй ба төлбөрийг хүүгийн хамт төлнө” гэх тайлбараас үзвэл хариуцагчийг гэрээний үүрэг болох үндсэн зээл болох хүү төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь зээл болон зээлийн хүүг төлсөн талаар маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар үндсэн зээл 650 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Гэрээнд талууд зээлийн хүүг сарын 8 хувь байхаар харилцсан тохиролцсон Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг тохиролцсон байна.
Гэрээний хугацааг талууд сунгасан нь баримтаар тогтоогдохгүй байхаас гадна сарын хүүгийн хэмжээг 8 хувиар тогтоосон, гэрээний хугацаа 21 хоног байхаар тохиролцсон зэргээс үзвэл үндсэн зээл 650 000 төгрөгийн 1 хоногийн хүүгийн хэмжээ 0.26 хувь буюу 1690 төгрөг, 21 хоногийн хуугийн хэмжээ 5.45 хувь буюу 35 425 төгрөг болж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д зааснаар зээлийн хүүгийн төлбөрт нийт 35 425 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 685 490 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд шүүх хуралдаанд барьцааны зүйлийн доголдолтын талаар тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй, хариуцагч нь уг эд хөрөнгөтэй холбоотой үүргийн талаар сөрөг шаардлага гаргаагүй тул шүүх барьцааны зүйлийн талаар дүгнэлт өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Батбаяраас 685 490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ганхарцага” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21 398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21 002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН