Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 134

 

Т.Бямбадуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00883 дугаар шийдвэртэй, Т.Бямбадуламын нэхэмжлэлтэй, Д.Эрдэнэбаярт холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Бямбадулам нь Д.Эрдэнэбаяртай тохиролцож, хонь, ямааны гэдэс бөөний үнээр авч хагас боловсруулалт хийж арилгаж, цэвэрлээд жижиглэн зарж борлуулан ашгаа хуваан авахаар тохиролцсон ам хэлцэл хийж, хөрөнгө оруулалт болгож 5.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр түүнд өгсөн. Ингээд хамтран ажиллах гэрээ байгуулах байсан боловч тухайн үед төслийг нь боловсруулаад байгуулж чадаагүй. Учир нь гэрээ байгуулаад мөнгөө шилжүүлье гэж Т.Бямбадулам хэлсэн боловч нөгөөдүүл нь  1000 цувдай хүнээс авахаар болчихлоо, алдах гээд байна яаралтай 5.000.000 төгрөг өгчих гээд гэрээ байгуулалгүй мөнгийг нь авсан. Энэхүү 5.000.000 төгрөгийн 2.250.000 төгрөгийг Янжинлхамын дансаар, 2.750.000 төгрөгийг Д.Эрдэнэбаярт бэлнээр өгсөн.

Д.Эрдэнэбаяр сүүлд цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа 5.000.000 төгрөгийг би хариуцаж төлнө гэсэн байдаг. Үүнээс хойш 1000 цувдай авсан гэж нэг яриад, дараа нь 500 цувдай авсан гэж яриад, цэвэрлэж байгаа гэж яриад мөнгөө өгнө гээд алга болсон. Т.Бямбадулам ямар ч хувь аваагүй, цувдай хаагуур зарагдаж, хэн ашгийг хүртсэнийг мэдэхгүй, мөнгө ч өгөөгүй, хамтарч ч ажиллаагүй. Т.Бямбадулам өөрийн нөхөр н.Ганболдын хамт очиж бүгд уулзан ярилцсан боловч мөнгийг дараа өгье гээд өгөхгүй байхаар нь 6 дугаар сард “итгэл эвдэх замаар залилан мэхэлж мөнгө авлаа” гэж цагдаагийн байгууллагад хандсан ч иргэний хэрэг байна, шалгах шаардлагагүй гэсэн.

Ингээд бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бичгийн гэрээ байхгүй учир алданги, торгууль, хүү нэхэмжлээгүй, өгсөн 5.000.000 төгрөгөө л нэхэмжилж байна гэжээ

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай цехэд нягтлангаар ажиллаж байсан Д.Янжинлхам нь 2016 оны 2 дугаар сард н.Ганболд гэдэг хүнийг дагуулж ирж, хамтарч ажиллах талаар ярьсан. 2016 оны 4 дүгээр сард дахин ирээд хамтрах санал тавьсан, хүлээж аваагүй бөгөөд Д.Янжинлхам нь танай цехийг ашиглаад н.Ганболдтой хамтарч ажиллая гэхэд нь би мэдэхгүй, та нар өөрсдөө учраа ол гэсэн. Үүнээс хойш цехэд 1000 гаруй гэдэс авчраад цэвэрлэж янзлаад байсан. Энэ үед н.Ганболдын эхнэр Т.Бямбадулам, Д.Янжинлхам нар бүх ажлыг хийж тооцоогоо бодож байсан.

Д.Эрдэнэбаярын хувьд эмнэлгээр явж байсан, ямар нэгэн ашиг өгөх талаар яриа гаргаагүй, 5.000.000 төгрөгийг Д.Янжинлхамын Хаан банкны дансаар 2.500.000 төгрөг, бэлнээр 2.500.000 төгрөг Д.Янжинлхамд өгсөн. Өөрсдөө худалдаж авчихаад, энэ ажиллагаандаа оролцоогүй байж хаясаны дараа цагдаад хандаж Д.Эрдэнэбаярт холбогдуулж гомдол гаргасан. Д.Эрдэнэбаяр дуудагдсан учраас н.Янжинлхам таньд хамаагүй, би н.Ганболд, Т.Бямбадулам нартай хамтарч ажиллаж байгаа, энэ мөнгийг өгнө та зүгээр хэргийг хаалгахын тулд ингээд бичээд өгөөч гэхээр нь хавтаст  хэрэгт байгаа Д.Эрдэнэбаярын 5.000.000 төгрөгийг 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг бичээд өгсөн.

Энэ асуудлыг н.Ганболд, Д.Янжинлхам, Т.Бямбадулам нар өөрсдөө хийж гүйцэтгэчихээд надаас мөнгө нэхэх нь үндэслэлгүй. Д.Янжинлхамаас энэ асуудлын учрыг ол гэхэд мөнгийг би төлнө, таньд хамаагүй гэж хэлдэг. Д.Эрдэнэбаяр би оролцоогүй, мөнгийг хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хамтран ажиллах гэрээ гэж үзээд байгаа бол ажилласан хүмүүсийн цалин болон бусад эрсдлийг хамтдаа хүлээх ёстой. Муудаж хаясан цувдайны хохирлыг хамтран хариуцах үүднээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэбаяраас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бямбадуламд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бямбадуламаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбаяраас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч хамтран ажиллах үйл ажиллагаандаа эрсдэл гарсан гэж тайлбарладаг боловч энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг дурдав гэжээ. Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар 2 удаа Прокуророос нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй.

Прокурорын архив нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай Эрүүгийн хэргийн төв болон салбар архивын ажлын журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 5.15-д “шүүх эрх мэдлийн болон холбогдох хуулийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой баримтыг тухайн хуулийн этгээдийн хууль ёсны итгэмжлэгдсэн өмгөөлөгч, төлөөлөгч, ажилтанд зөвхөн хуулийн этгээдэд холбогдолтой баримтыг, хувь хүний баримтыг өөрт нь өөрөө ирж чадахгүй тохиолдолд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, төлөөлөгчид зөвхөн тухайн хүнд холбогдолтой баримтыг ашиглуулж, холбогдох бичмэл нотлох баримтын хуулбарыг олгоно” гэж зааснаар хуулбар олгох журамтай.

Гэтэл шүүгч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр гаргуулах хүсэлтийг хангаагүйгээс хариуцагчийн мэтгэлцэх эрх ноцтой зөрчигдсөн тул шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Т.Бямбадулам нь хариуцагч Д.Эрдэнэбаярт холбогдуулан “Хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч хамтарч ажиллаагүй, мөнгийг аваагүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулан  үнэлж талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Зохигчид бичгийн гэрээ байгуулаагүй боловч харилцан тохиролцож, малын гэдэс цувдай бөөнөөр авч цэвэрлэн, жижиглэнгийн үнээр зарж борлуулан ашиг орлогыг хуваах зорилгоор нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, хамтын үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүйтэй холбогдуулан хариуцагч уг төлбөрийг буцаан төлөхөөр хугацаа зааж баталгаа гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг зөв гэж үзнэ. /хх 3 дахь тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Бямбадулам уг гэрээнээс гарсан болон гэрээ дуусгавар болсон, түүний үр дагавар буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.2, 479 дүгээр зүйлийн 479.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн байна.

 

Хариуцагч Д.Эрдэнэбаярын хувьд “5 000 000 төгрөг хүлээн аваагүй, хамтарч ажиллаагүй, мөнгө өгөх бичгийг эрүүгийн хэрэг хаалгах зорилгоор бичсэн, хамтран ажилласан нь үнэн, эрсдэлийг хамтран хариуцах ёстой гэж зөрүүтэй тайлбар өгч байсан,  өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болж буйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг “хариуцагч өөрөө олж авах боломжгүй” гэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эрх зөрчсөн, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Т.ТУЯА