Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Т-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 124/ШШ2021/12 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч Э.Лхагвасүрэн

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

 

Хэргийн оролцогчид: 

Гомдол гаргагч З.Т-

   Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Жавзандулам

 

Гомдлын шаардлага: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Жавзандуламын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 124/ШШ2021/12 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

   Гомдол гаргагч З.Т-

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 124/2021/0055/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар

 

 

зүйлийн 38.2.1, 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч З.Т-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Жавзандуламын үйлдсэн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э давж заалдах гомдолдоо: 2.1. З.Т- нь 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Увс аймгийн Тариалант сумаас Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын данснаас бэлнээр 999,000 төгрөг гаргасан.

 

2.2. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас “сонгуулийн зардлын данснаас бэлэн мөнгө гаргаж, буруу зарцуулалт хийсэн” гэх зөрчлийн талаарх мэдээлэл ирүүлсний дагуу татварын улсын байцаагч Т.Жавзандулам зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэр дэвшигч З.Т- нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “...сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасны зөрчсөн болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Сонгуулийн зардлын... дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №0176490 тоот шийтгэлийн хуудсаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

 

2.3. Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гомдлын үндэслэлээ “...Намаас нэгдсэн журмаар сурталчилгааны материал гаргасан тул нэр дэвшигч нар тус тусдаа материал хийлгэхгүй, сонгуулийн сурталчилгааны материал хийлгэх мөнгийг гаргаж өг гэсний дагуу зардлын данснаас хандивын 1 сая төгрөгийг бэлнээр авч, намдаа өгсөн” гэж, мөн шүүх дээрх үндэслэлийг зөвтгөн, шийтгэлийн хуудас үндэслэлгүй болсон талаар “...сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргахыг зөвшөөрсөн нь данснаас бэлнээр зарлага гаргаж, өөрийн намын байгууллагаар дамжуулан сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоогүй байна” гэх хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

 

2.4 Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-38.2.8-д заасан үйл ажиллагаанд зориулж зардал гаргах бол 51.1-д зааснаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр л гаргаж болно, бусдаар гаргаж болхгүй гэдэг шууд утга илэрхийлэгдсэн бөгөөд энэхүү сонгуулийн зардлын данстай холбоотой харилцаа нь хууль бус хандив цуглуулж, төвлөрүүлэхийг хориглож, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилсан сэргийлэх зорилготой болохыг шүүх анхаараагүй бөгөөд энэхүү маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

2.5. Өөрөөр хэлбэл сонгуулийн зардлын дансанд цугласан хандив нь хууль ёсны орлогоос бүрдэж буй эсэх, зардлын дансанд төвлөрсөн хандив хаашаа ямар иргэн, аж ахуй нэгжид шилжиж байгаа, тэрхүү аж ахуйн нэгж тухайн орлогыг хүлээн зөвшөөрч төлж, тайлагнасан эсэхэд хяналт тавих зорилгоор данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зардал гаргахаар хууль тогтоогч хуульчилсан бөгөөд өөрөөр /данснаас бэлнээр гаргах/ зарцуулах нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “...зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” зөрчил болохоор хуульчлагдсан.

 

2.6. Гэтэл намд хүлээлгэж өгсөн нь яг тэрхүү орлогоор сурталчилгааны материал хийлгэсэн гэсэн үг биш болох нь намдаа хандив өгсөн гэх тайлбараар тодорхойлогдох бөгөөд нам сурталчилгааны материал хийлгэсэн гэж байгаа бол намын эсхүл намын захиалгаар сурталчилгааны материал бэлтгэсэн этгээдийн данс руу шилжүүлэх байсан. Гэтэл нам бэлнээр гаргуулан авч байгаа нь зориулалт бусаар зарцуулсан үндэслэлд хамаарах юм.

 

2.7. Энэхүү маргааны хувьд 1 сая төгрөгийг намдаа өгсөн, нам сонгуулийн сурталчилгааны материал нэгдсэн журмаар хэвлүүлсэн эсэх нь ач холбогдолтой биш, гагцхүү зардлын данснаас дансанд бус, бэлнээр гаргасан үйлдэл нь маргааны гол үйл баримт болохыг шүүх анхаараагүй.  Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 124/ШШ2021/12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, З.Т-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, З.Т-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дүгээр шийтгэлийн хуудсаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд Тариалан сумын 13 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Т- нь “сонгуулийн зардлын данснаас бэлнээр мөнгө зарцуулсан” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

 

3. Анхан шатны шүүх “... З.Т- нь сонгуулийн зардлын данснаас 999,000 төгрөгийг бэлнээр авч, Ардчилсан намд хүлээлгэн өгсөн, ... намаас сонгуулийн сурталчилгааны материал хамт хэвлүүлсэн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-д сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болохыг зөвшөөрсний зэрэгцээ өөрийн намын байгууллагаар дамжуулан сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоогүй байна” гэж дүгнэн,  уг шийтгэлийн  хуудсыг хүчингүй болгож, З.Т-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно.гэж зааснаас үзвэл зардлын данснаас мөнгө зарцуулах хэлбэрийг “данснаас дансанд” гэж тусгайлан тодорхой зохицуулжээ.

5. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

 

6. Татварын улсын байцаагч нь З.Т-ыг сонгуулийн зардлын данснаас сурталчилгааны зорилгоор мөнгө зарцуулсан гэх үйлдэлд нь холбогдуулж хариуцлага ногдуулаагүй, харин сурталчилгааны зорилгоор мөнгө зарцуулахдаа дээрх хуульд заасан хэлбэр, журмаар буюу данснаас дансанд шилжүүлээгүй, “бэлнээр авсан” үйлдлийг нь зөрчил гэж үзсэн байх тул шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... дээрх хуульд сонгуулийн зардлын дансанд төвлөрсөн хөрөнгө хаашаа ямар аж ахуйн нэгжид шилжиж байгаад хяналт тавих, ... хууль бус үйл ажиллагаанд мөнгө зарцуулахаас сэргийлэх зорилготой болохыг шүүх анхаараагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж дурдсаныг хүлээж авах үндэслэлтэй.

 

8. Иймд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, З.Т-ын  “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн З.Т-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, З.Т-аас гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ