Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01631

 

У.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00899 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1221 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: У.Г

         Хариуцагч: Э.Э

         Хариуцагч: Х.Э нарт холбогдох       

         Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 160,560,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай, 

         Сөрөг нэхэмжлэл: Зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

         Хариуцагч Э.Эы төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Ю.С, С.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Х.Э, түүний өмгөөлөгч Ю.С, С.Д, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Х.Эийн хүсэлтээр түүнд 2014-09-01-ний өдөр 40 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, хүүтэй зээлдүүлж, улмаар 2015-01- 07-ны өдөр 15 сая төгрөгийг нэмж, нийт 55 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 % хүүтэй зээлэхээр тохирсон. Бид тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм /18103/, 10А байр, 18 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 61.8 м.кв талбайтай Б.Оюунтөгсийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Үүний дараагаар 2015-05-08-ны өдөр зээлдэгч Х.Эээс дээрх барьцаа хөрөнгийг яаралтай чөлөөлөх, 20сая төгрөг нэмж авах хүсэлт гаргасныг үндэслэн Б.О өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр үүрэг дуусгавар болох тухай хэлцэл үйлдэж, улсын бүртгэл дэх барьцаа хөрөнгийн бүртгэлээс хасуулж, өмнө олгосон 55 сая төгрөг дээр 20 сая төгрөгийг нэмж, нийт 75 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр болсон. Хэрэгт эдгээр үйл баримтыг нотлох тодорхой баримт байгаа ба талууд  Э.Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн 700 м.кв талбайтай  газар эзэмших эрхийг тус тус барьцаалж, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэхдээ Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газар эзэмших эрхийг барьцаалахдаа харъяа дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч, гэрчилгээнд бичилт хийлгэх зэрэг үйл ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, 20 сая төгрөгийг нэмж өгөхдөө 55 сая төгрөгийн төлөгдөөгүй хүү болох 2,346,000 төгрөгийг суутган авч, 17,654,000 төгрөгийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй бөгөөд түүний 2015-11- 08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн авсан хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл төлөгдөөгүй байна. Хариуцагч Х.Э энэ хугацаанд үндсэн зээлээс ганц ч төлбөр төлөөгүй, 12 сарын хүү 36 сая төгрөгөөс 3,960,000 төгрөгийг төлж, 32,040,000 төгрөгийн хүү төлөх, гэрээнд зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн.  Х.Эт холбогдуулан үндсэн зээл 75 сая төгрөг, зээлийн хүү 32,040,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 53,520,000 төгрөг, нийт 160,560,000 төгрөг гаргуулах,  Э.Эд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг бүрэн дэмжиж байна. Иймд  160,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хууль зөрчиж байгуулагдсан тул хүчин төгөлдөр биш юм. Учир нь зохигчид 2015-01-07-ны өдөр байгуулсан 55 сая төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай баримтыг 2015-05-08-ны өдөр үйлдсэн. Гэтэл талууд уг өдөр 75 сая төгрөг зээлэх тухай гэрээ байгуулсан боловч хариуцагч тал 17,654,000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг нотлохгүй байж нэгэнт дуусгавар болсон 55 сая төгрөгийн зээлийг сүүлд нэмж олгосон гэх төлбөрийн хамт шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй. Э.Эд анхнаасаа барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгч У.Гт барьцаалуулах хүсэл зориг байгаагүй. Гэвч хариуцагч Х.Э түүнийг хуурч мэхлэн барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалуулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Үүнийг хэрэгт авагдсан итгэмжлэлд барьцаалагч этгээдийн нэрийг тусгайлан заагаагүй байтал ийнхүү барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үйлдлээр тогтоож болно. Хэдийгээр хэрэгт авагдсан 75 сая төгрөгийг хүлээн авсан гэх зарлагын баримтад талууд гарын үсэг зурсан боловч 17,654,000 төгрөгийг олгоогүй, банкны зарлагын баримтаар л нэхэмжлэгч тал өөрийнхөө данснаас 17,654,000 төгрөгийг гаргасан гэдгээ нотолдог ч хариуцагчид үүнийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байхад зохигчдын хооронд 75 сая төгрөгийг хүлээн авсан эсэх талаар тогтоогдсон үйл баримт байхгүй тул энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн, аль эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүчин төгөлдөр бус байдаг. Гэтэл зохигчид хэдийгээр 75 сая төгрөгийг зээлэх тухай гэрээ байгуулсан ч бодитоор гэрээний зүйлийг шилжүүлээгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч этгээдээс эдгээр хөрөнгүүдийг иргэнд барьцаалуулахыг зөвшөөрөөгүй байхад тус гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Эы гаргасан гомдолтой эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэдэн төгрөг зээлсэн тухайгаа санадаггүй, зээлийн барьцаа хөрөнгийг солихыг зөвшөөрдөг гэх зэрэг түүний өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр хэрхэвч 75 сая төгрөгийг зээлээгүй, итгэмжлэл дэх хугацаа дууссан байхад зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх үндэсгүй юм. Иймд, дээр дурдсаныг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт авагдсан итгэмжлэлд ямар нэгэн банкинд барьцаалуулах тухай дурдаагүй, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргаагүй тул энэхүү нэхэмжлэл үндэслэлгүй юм. Х.Э тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа 75 сая төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Хэдийгээр талууд 55 сая төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болох тухай хэлцэл байгуулсан ч зөвхөн Б.Оюунтөгсийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх зорилготой байсан гэдгийг бүгд мэдэж байсан. Иймд зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00899 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Х.Эээс 129,196,440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,363,560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Х.Эрдэнчимэгийн гаргасан нэхэмжлэгч У.Гт холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан Х.Эрдэнчимэг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  Э.Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам -331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,030,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 532,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 803 932 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1221 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00899 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “хариуцагч нараас 803,932 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч Э.Эаас 70,200 төгрөг, Х.Эээс 733,732 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч У.Гт олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч тал хяналтын  гомдолдоо: У.Г 2017-05-03-ны өдөр Э.Эрдэнэчимэгт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 75сая төгрөг, зээлийн хүүд 32.040.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 53.520.000 төгрөг, нийт 160.560.000 төгрөг шаардсан.  2017-09- 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “2015-05-08-ны өдрийн 15/05/01 тоот барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэсэн байна. Харин барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. 2017-09-15-ны өдөр тодруулсан шаардлагадаа 2018-10- 13-ны өдөр 70,200 төгрөг нэхэмжлэгчээс сүүлд нөхөж тушаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгохоор хуульд заасан боловч Э.Эы хувьд эрх нь хөндөгдсөн гуравдагч этгээд байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуриуцагч гэж үзсэнд гомдолтой байна.  Мөнгийг шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Х.Э Г.Гэсэрээс 75сая төгрөгийг 2015-05-08-ны өдөр бодитоор хүлээн аваагүй нь нотлогддог. Гэтэл Х.Энхтайваны  Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот 400сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 17.654.000 төгрөгийн барьцаанд тавьсан байхад 129.196.440 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Шүүх Х.Эийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэдэгт нийцэж байна гэж дүгнэсэн нь бодит үнэнтэй нийцээгүй. Э.Э 2018-03- 15-ны өдөр “Э.Эы өмчлөлийн газар, үл хөлдөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг У.Гт даалгуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдож байна. Татгалзахдаа Х.Э сөрөг нэхэмжлэл гаргасантай давхацсан гэсэн нь үндэслэлгүй юм. 2015-05-08-ны өдөр Э.Эы өмчлөлийн  газар болон  хувийн сууцыг барьцаанд тавьж У.Гээс зээл авахдаа  Х.Э 75 сая төгрөг авсан  тогтоогдоогүй.  Банкны хуулгаар 17.650.000 төгрөг шилжүүлсэн нь  тогтоогддог. У.Г 2018-01- 10-ны өдөр сөрөг нэхэмжлэл тайлбар гаргахдаа “... Х.Э 2015-05- 08-нд 75 сая төгрөг зээлж аваагүй ...” гэдгийг хүлээн зөвшөөрсөн.Энэ нь уг гэрээ анхнаасаа Иргэний хуулийн 59.1 дэх хэсэгт “... Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй...” байгаа нь Х.Э, У.Г нарын хууль бус үйлдлээс Э.Эы эрх ашиг хөндөгдөж, хохирч байна. Иргэний хуулийн 107.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно...” гэж заасны дагуу 2015-01-07-ны өдрийн 15/01/03 тоот зээлийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг Х.Э биелүүлж 2015-05-08-ны өдөр “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл байгуулж СХД-ийн 20 дугаар хороо, Титэм /18103/ 10а байр, 18 тоотыг үүргээ  гүйцэтгэсэн үндэслэлээр  барьцаанаас суллаж Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар зөвхөн гүйцэтгэх ёстой байсан үүргийг гүйцэтгэсэн, тохиолдолд л үр дүн үүсэх, гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. Гэтэл шүүх зөвхөн 55сая төгрөгийг төлсөн байдлаа хариуцагч нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр 55 сая төгрөг дээр 17.650.000 төгрөгийг нэмж хүүгийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болсон гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байна. Х.Э Э.Эы  газар, хувийн  сууцыг өөрийн гахайн ферм барихтай холбоотойгоор авч байгаа банкны зээлийн барьцаа хөрөнгө дутсан учир зөвхөн банкнаас авсан зээлийн барьцаанд тавих зорилготой байгаа бөгөөд итгэмжлэлийн дагуу барьцаа тавихтай холбоотойгоор Э.Э нь ямар ч төлбөр аваагүй, нэхээгүй зөвхөн туслах зорилготой байсан болно гэсэн тодорхойлолтыг 2015-05- 08-ны өдөр хийж өгсөн байдаг. Э.Э нь анхнаасаа иргэн У.Гт өөрийн хөрөнгийг барьцаалах хүсэл зориг байгаагүй зөвхөн банкинд барьцаанд тавихыг зөвшөөрсөн хүсэл зориг байсан. Х.Э  хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тодорхойгүй 2015-05- 08-ны өдрийн зээлийн гэрээний 20 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлдэгчтэй харилцан тохиролцож, алдангийн хамт төлөгдөөгүй дүнгийг төлөх хугацаа заасан төлбөрийн акт үйлдэнэ. Төлбөрийн акт нь заасан хугацаанд хүү тооцно...” гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2 талаас зээлийн гэрээтэй холбоотой ямар ч акт үйлдээгүй нь тодорхой харагддаг. Мөн барьцааны гэрээнд Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон талаар аль нь болох эсэх тодорхойгүй, энэ талаар гэрээнд тодорхойлоогүй байдаг. Нэхэмжлэгч нь барьцааг сольж оронд нь Э.Эы үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан гэж байгаа боловч барьцааны гэрээнд энэ талаар болон барьцааг өөрчилж байгаа талаар дурдаж тодорхойлоогүй байна. Иймд  хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

      У.Г 2017-05-03-ны өдөр Х.Э, Э.Э нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 32,040,000 төгрөг, алданги 53,520,000 төгрөг нийт 160,560,000 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахыг хүссэн байна. /хх 1-1, 41-44, 74, 76-79, 123, 133-135/

      Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж /хх 1-64, 66-67/, Х.Э сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 162/ 2015-05-08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаарджээ. 

       Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй... нэхэмжлэгч 72,654,000 төгрөг зээлүүлсэн нь тогтоогдлоо ...6 сарын хүү 17,436,960  төгрөгөөс төлөгдсөн 3,960,000 төгрөгийг хасаж хүүд 13,476,960 төгрөг, алдангид 43,065,480 төгрөг гаргуулна...газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээг бүртгүүлээгүй тул зээлийн үүргийг орон сууцаар хангуулна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

     Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шүүх “...улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан...” гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.   

      Хариуцагч Э.Эы төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо “.... нэхэмжлэгчээс Х.Эт 75 сая төгрөг шилжүүлсэн нь тогтоогдоогүй... 2015-05-08-ны өдөр “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл байгуулж  ...18 тоотыг ...барьцаанаас сулласан... Э.Э өөрийн хөрөнгийг У.Гт барьцаалах хүсэл зориг байгаагүй... нэхэмжлэгч барьцааг сольж оронд нь Э.Эы хөрөнгийг барьцаалсан гэх боловч барьцааны гэрээнд энэ талаар тодорхойлоогүй байдаг... хэргийг буцааж өгнө үү...” гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. У.Г /хх 1-н 20/ Э.Эг хариуцагчаар татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26, 27 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

        Нэхэмжлэгч өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн аливаа этгээдийг хариуцагчаар хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй юм.

        Иймд “....Э.Эг...шүүх хариуцагч гэж үзсэн нь буруу...” гэх агуулга бүхий гомдол эрх зүйн  үндэслэлгүй байна.  /хх 1-н 41, 42-44/       

        2. Нэхэмжлэгч тал 160,560,000 төгрөгөөс гадна “....үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах...” шаардлагыг 2017-09-15-ны өдөр шүүхэд гаргасан /хх 1-н 74, 76-79/ байна.

        Иймд “..У.Г барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй...” гэх гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийг зөрчинө.   

        3. “...шүүх Э.Эы сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй...” гэх гомдол  үндэслэлгүй байна.   

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, У.Гийн нэхэмжлэлтэй хэрэгт Х.Э сөрөг нэхэмжлэл гаргасан, харин Э.Э болон түүний төлөөлөгч М.Цэндсүрэн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй байна. 

       Анхан шатны шүүх хуралдаан дээр М.Цэндсүрэн нь Х.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, “...үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг ...” хүссэн /хх 2-н 2/ бөгөөд шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь зөв болжээ. /хх2-11/

       Өөрөөр хэлбэл, М.Цэндсүрэн нь Э.Эг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул Х.Эийн сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлэх, өөрчлөх эрхгүй юм. 

       4. Э.Э нь Х.Эт итгэмжлэл олгохдоо эд хөрөнгийг зөвхөн банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн тухай баримт хэрэгт байхгүй тул энэ тухай гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна.   

       5. У.Г зээлийн мөнгийг Э.Эаас нэхэмжлээгүй тул “...мөнгийг бодитоор хүлээн аваагүй...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

       6. Э.Эы олгосон итгэмжлэлээр Х.Э түүний хөрөнгийг барьцаанд тавьсан нь тогтоогдсон, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. 

       Барьцаа нь үндсэн зээлийг бус, харин үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахаар хийгдсэн тул “...эд хөрөнгийг 17,654,000 төгрөгийн барьцаанд тавьсан байхад 129,196,440 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна...” гэх  гомдол үндэслэлгүй юм.

       Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1221 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Э.Эы төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                             ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ