| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2015/7967/и |
| Дугаар | 00263 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 12 айл, 1-5 тоотод байрлах, “Техникфорум” ХХК /РД: 5047277/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Товчооны зам 37/2, 7 тоотод байрлах, “Монтрак групп” ХХК /РД: 5520169/-д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний дагуу төлбөр 41 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Түмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагчийн төлөөлөгч Н.Уранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Техникфорум” ХХК-ийн төлөөлөгч Ц.Түмэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Техникфорум” ХХК нь өөрийн хөрөнгөөр Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам-37/2 тоотод орших офиссын барилга, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102 /, Товчооны зам-37/1 тоотод орших авто засварын төв, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод орших сэлбэгийн дэлгүүр тус бүрийг 6009 м.кв газрын хамтад нь худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд “Техникфорум” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Н.Уранчимэг нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 сарын 1 000 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг “Монтракгрупп” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж улмаар эзэмшилд нь шилжүүлсэн. Үүнээс хойш “Монтракгрупп” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшилдээ авч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд “Техникфорум” ХХК-д нэг ч төгрөгний түрээс төлөөгүй өдий хүрсэн. Нэхэмжлэгч нь өмч хөрөнгөө өмчлөлдөө авах талаар шаардахад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан өгөхгүй, үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэоэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан. Иймд түрээслэх нэрээр “Техникфорум” ХХК-ийн өмч хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа “Монтракгрупп” ХХК-г “Техникфорум” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод орших офиссын барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод орших авто засварын төв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод орших сэлбэгийн дэлгүүр тус бүрээс албадан гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч “Монтрак групп” ХХК-ийн төлөөлөгч Н.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийг миний бие 2006 онд өөрийн мөнгөөр худалдаж авч, өргөтгөн сайжруулж, тохижуулсан. Энэ хөрөнгийн өмчлөлийн асуудлын талаар өнөөдөр нэхэмжпэгч тал маргаж байна. Миний бие эдгээр 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан эзэмшил, өмчлөлийг нь тогтоолгохоор шүүхэд шаардлага гаргах гэж байсан хэдий ч н.Эрдэнэбилэг нь хүүхдийн маань эцэг учраас гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс ногдох хувь гаргуулж, өгнө үү гэсэн нэхэмжпэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Товчооны зам 37/2 тоотод байрлах барилга, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай авто засварын төв, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам-1 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаартай сэлбэгийн дэлгүүр зэрэг нь одоогийн байдлаар үнэлгээ хийгдэж, битүүмжлэгдсэн байгаа. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрчүүдээс мэдүүлэг авч, ажиллагаа хийгдэж байгаа. Би анхнаасаа өөрийн хөрөнгөөр босгосон өөрийн эд хөрөнгөө ханийнхаа нэр дээр шилжүүлж байна гэдэг утгаараа “Техникфорум” ХХК-д шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар эдгээр объектуудад ямар нэгэн үйл ажиллагаа явагдахгүй байгаа ба “Монтрак групп” ХХК-ийн бүх хөрөнгө байгаа. Манай компанийн манаач тус үл хөдлөх эд хөрөнгийг манаж байгаа гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Техникфорум” ХХК нь хариуцагч “Монтрак групп” ХХК-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, автозасварын зориулалттай, 200 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 41 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзав.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас бусдын хууль бус эзэмшлээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх хэсгийг “...тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь миний хөрөнгө” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх хэсгийг хангаж, 41 000 000 төгрөг гаргуулах хэсгийг нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн 000187624 дугаар, 000187623 дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, автозасварын зориулалттай, 200 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдож байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...“Монтрак групп” ХХК-ийн бүх хөрөнгө байгаа, Манай компанийн манаач тус үл хөдлөх эд хөрөнгийг манаж байгаа” гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх, мөн түүнийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нь тухай үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмших эрхтэй эсэхээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул хариуцагчийг уг 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул хариуцагч нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй.
Дээрх үндэслэлээр улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, автозасварын зориулалттай, 200 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагч “Монтрак” ХХК-ийг “Монтракгрупп” ХХК-иар сольж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гардуулах гэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч гардаж авахаас татгалзсан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан, мөн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариу тайлбар гаргасан зэргээс үзвэл түүнийг нэхэмжлэлийн хувийг гардан авсанд тооцов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамжийг төлөх ба харин мөн зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлнө. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд нийт 740 900 төгрөг төлсөн байх бөгөөд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага нь эд хөрөнгийн бус, өөрөөр хэлбэл бусдын өмчлөх эрхтэй холбоотой байх тул 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөнд тус бүр 70 200 төгрөг, нийт 210 600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд, мөн 41 000 00 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжинд 362 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчээс илүү төлсөн 167 350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, автозасварын зориулалттай, 200 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 740 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос 167 350 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгө өлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН