Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 810

 

 

 

 

 

 

 

 

   2020         9            09                                     810

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Дайрийжав  нарын бүрэлдэхүүнтэй

 

нарийн бичгийн дарга: О.Жавхлан, 

иргэдийн төлөөлөгч: П.Буянжаргал,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

хохирогч: Г.Б,

шүүгдэгч: Л.Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД:0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 2005022111212 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 0-15 насны 6 хүүхдийн хамт,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар, 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн, Г.

 

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 21 дүгээр гудамжны 1168 тоотод хохирогч Г.Буян-Эрдэнийн хэвлийн тус газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, түүний биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн, хэвлийн гялтангийн ар ханаар дайрч баруун гуяны хураагуур том судас гэмтээсэн, баруун гуяны хураагуур судасны гадна, дотор салааг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цочмог цус алдалт 3000 мл, цус алдалтын шок гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.Г мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул ямар шалтгаанаар хохирогчтой маргалдсанаа санахгүй байна. Хохирогчийг хутгалсан хутга нь жижиг хар хутга байсан юм. Одоо тэр хутга олдохгүй байгаа. Хохирогчид гэмтэл учруулсныхаа дараа эмнэлгийн тусламж дуудаж хохирогчид анхны тусламж үзүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйсан, түүний эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Өнөөдрийг хүртэл би ажил хийж олсон цалингаа хохирогчид өгсөн. Би эхнэр, бага насны 6 хүүхдийн хамт амьдардаг ба ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг тул надад хөнгөн ял шийтгэлийг оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Б мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шөнө Г гэрийнхээ амбаарын хаалгыг налаад зогчихсон “чамайг ална” гээд наашаа ирж байсан. Тухайн үед гартаа хутга барьсан байсныг нь би анзаараагүй. Гэнэт хутгаар хүчтэй бүлтэл хэвлий хэсгээр халуу дүүгэж, би атиралдаж унасан. Гэтэл Г миний цамцнаас чирээд нохойдоо “хүний мах идүүлнэ” гэж хэлж байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Энэ өдрөөс 5 хоногийн дараа сэхээн амьдруулах тасагт ухаан орсон. Эмнэлэгт хэвтэх хугацаанд эхний хагалгаагаар баруун хөлийн венийн судсыг боож, 2 дахь хагалгаагаар венийн судсыг залгаж оёсон байсан. Сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжиж, өөрөө босч чадахгүй 1 сар хэвтсэн. Тус эмнэлгийн эмч нар миний хөлийн судсыг эмчлэх боломжгүй, улсын 3 дугаар эмнэлэгт эмчлүүл гэж хэлсэн. Улсын 3 дугаар эмнэлэгт очиход харъяа дүүргийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Тус эмнэлэгт очиход цус өтгөрч, судас бөглөрөх аюул үүссэн байсан тул цус шингэлэх эм бичиж өгч, надад уулгасан. Мөн эмч нар дахин эмнэлэгт хэвтэхгүй бол гэнэт үхэх аюултай гэж хэлсэн. Одоо миний гэдэс 2 сантиметр орчим хэмжээтэй цоорхой байгаа. Г ах эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг өгсөн. Сүүлд эмчилгээ хийлгэхэд 348 200 төгрөгийн зардал гарсан. Би өөрөө хөл дээрээ босож, ажил хөдөлмөрөө хиймээр байна. Миний эмчилгээний зардлыг төлж, намайг хөл дээрээ явдаг болоход тусалбал Гт гомдолгүй. Тэр эрүүл саруул атлаа намайг эмнэлгээр дагуулж яваагүй, хааяа л гар утсаар ярьж байсан. Г ах эхнэр, 6 хүүхэдтэй тул түүний хувийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулна уу. Би өөрөө хөл дээрээ босохыг л хүсч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Га мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед над руу манай нөхөр Г өөрийн 86065906 дугаарын утсаар залгаад “би гэмтлийн эмнэлэг дээр байна” гэхээр нь би “чи юу хийж байгаа юм” гэтэл “Шүмбэг /Б/ хутгалуулсан, яаралтайгаар хагалгаанд орно, том хүний памперс хэрэгтэй гэж байна, чамд мөнгө байна уу” гэсэн. Би тэгэхээр нь нөхрөө худлаа ярьж мөнгө авч, архи уух гэж байна гэж бодсон. Гэтэл утасны цаана нэг эмэгтэй хүн “энэ Шүмбэг мөн биздээ, эхнэрийг нь Ундармаа гэдэг биз дээ” гэж ярихаар нь би Гын яриад итгэсэн. Тэгээд би “одоо яваад очъё, чи наанаа хаашаа ч явахгүй байж байгаарай” гэсэн. Тэгтэл “за хурдан ирээрэй, миний утасны цэнэг 3 хувьтай байна” гэхээр нь би Жигжидийн лагераас гараад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг явах замдаа Буяндэлгэрийн эхнэр Ундармаа руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Би шөнө 02 цагийн орчим гэмтлийн эмнэлэг дээр ирсэн.

Гтай уулзаад “юу болоод байгаа юм бэ” гэхэд “би өөрөө ч мэдэхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “хоёулаа хамт явъя, хамт очиж уулзая” гэхэд “би согтуу байна, архиа гаргамаар байна. Архиа гарахаар би өөрөө яваад очно” гэж хэлээд 1 дүгээр хорооллын арын грашийн голоор гүйгээд яваад өгсөн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.П мэдүүлэхдээ:

Б 21 цаг 50 минутын үед ирсэн бөгөөд ганцаараа ирсэн. Надад гэмтэж бэртсэн зүйл анзаарагдаагүй бөгөөд нилээн гуйвж дайваад байсан. Тэгж байгаад манай дүү Гтай жаахан маргаан хийгээд удалгүй ойролцоогоор 20 орчим минут болоод гараад, гудам уруудаад явсан бөгөөд шөнө 22 цаг өнгөрч байхад хаалга хүн нүдэхээр нь би гараад очих үед хоёр цагдаа Буян-Эрдэнийг дагуулаад “дүүгээ ав” гээд ирсэн. Тэгээд би “манай дүүгийн хамт ажилладаг залуу байна. Манай дүү бол биш” гээд хэлсэн. Тэгээд нөгөө хоёр цагдаа “бос, ор” гэхэд босохгүй байсан бөгөөд түүнийг орхиод явсан. Шөмбөгийг “манай гэрт унт” гэтэл “үгүй, гадаа майханд унтана” гээд байсан. Ингээд манай Гтай уулзаад үлдсэн бөгөөд би гэртээ ороод унтсан. Гэтэл шөнө 01 цаг 47 минут болж байхад манай бэр Гын эхнэр Га над руу утсаар залгаад “Г гэмтлийн эмнэлэг дээр байна” гэнэ гээд хэлсэн. Тэгэхэд нь би “сая 23 цагийн үед зүгээр байсан шүү дээ” гэхэд эхнэр нь “би одоо очиж байна, лагераас буугаад явж байна” гэсэн. Гаднаас ямар нэгэн хүн ирээгүй байх. Надад тийм зүйл мэдэгдээгүй.

Би хэрэг маргаан гарсан талаар гэртээ унтаж байгаад шөнө мэдсэн бөгөөд манай дүү Г, Б нар хамт байсан. Тэр хоёр нилээн согтуу байсан учир маргаад байсан болохоор хоорондоо болсон зүйл байх гэж бодож байна. Би тэр өдөр юунаас болоод маргаад байгааг ойлгоогүй. Өмнө нь маргаангүй, хамт ажил хийдэг ах дүү гээд байдаг хүмүүс байсан гэжээ. (хэргийн 22-26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ё.Б мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд Баянгол дүүргийн 7, 9, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бугат 113 чиглэлд дэд ахлагч Анхбаярын хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат 10-аас 22 цаг 14 минутанд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Ганбаатарын зам дагуу Оргил дэлгүүрийн зүүн хойд талд хүн хэвтэж байна гэх дуудлага өгсөн байсныг 22 цаг 20 минутанд очиж шалгахад өөрийгөө Шөмбөгөө гэх 30-35 насны эрэгтэй өмдөндөө шээсэн байдалтай явган хүний зам дээр хэвтэж байсан бөгөөд уг хүнийг сэрээж гэр, хаягийг нь тодруулахад манай гэр энэ хажууд байна. Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1161 тоотыг заасан бөгөөд уг тоот руу өөрөө босоод алхаж орсон. Уг тоот хашааны улаан тоосгон байшингаас өөрийгөө П гэх 50 орчим насны эмэгтэй гарч ирэхэд уг хүнийг таньж мэдэх эсэхийг асуухад манай дүүтай хамт ажиллаж амьдраад байгаа хүн мөн байна гээд би дүүгээ гэртээ байна уу, үгүй юу үзээд ирье гээд орсон. Удалгүй манай дүү байхгүй байна гээд байшингийн ард байдаг гэрээс гарч ирсэн. Тэгээд П гэх хүн наад хүнээ үлдээчих, дүү ирэхээр оруулж унтуулна гэж хэлээд аваад үлдсэн. Намайг очих үед явган хүний зам дээр дээш хараад хэвтсэн байдалтай, өмдөндөө шээсэн байсан. Намайг татаж сэрээхэд өөдөөс гайхаж хараад байсан бөгөөд хаана байдаг талаар асуухад замын эсрэг талын хашааг заасан. Нэр хэн бэ гэхэд өөрийгөө Шөмбөөк гэж байсан. Тухайн хүнд ил харагдах гэмтэл байгаагүй. Намайг очих үед нэлээн орой болсон, харанхуй байсан боловч уг хүн замын гэрлийн шонгийн ойролцоо байсан тул шээсэн байгаа нь харагдаж байсан гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Блокон байшингийн хажуугаар өгсөж явахад уг байшингийн зүүн урд булангаас 3.7 м зайд цагаан эрээн өнгийн хөнжил байв. Хөнжил байсан газраас 1.2 м зайд шороон хөрстэй газарт цус мэт зүйлээр бохирлогдсон байв.

Гэрээс гарч араар нь тойроход эрээн өнгийн 1 хүний майхан байх бөгөөд майхны ам онгорхой, гудас болгон ашиглаж байсан порлон зөөлөвч цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Уг порлоны урд хэсэгт цагаан өнгийн даавуу цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн цус мэт зүйлээр бохирлогдсон чулуу 1 ширхэг, даавуу нэг ширхэг зэргийг үзлэгээр хураан авав гэжээ. (хэргийн 4-5 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 7403 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Буян-Эрдэнийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн хэвлийн гялтангийн ар ханаар дайрч баруун гуяны хураагуур том судас гэмтээсэн, баруун гуяны хураагуур судасны гадна, дотор салааг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цочмог цус алдалт 3000 мл, цус алдалтын шок гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 дахь заалт, 3.1.11 дэх заалт болон 3.1.13 дахь заалтад зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Л.Г Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар, 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 103 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 21 дүгээр гудамжны 1168 тоотод хохирогч Г.Буян-Эрдэнийн хэвлийн тус газарт зэвсэг болох хутга хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн, хэвлийн гялтангийн ар ханаар дайрч баруун гуяны хураагуур том судас гэмтээсэн, баруун гуяны хураагуур судасны гадна, дотор салааг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цочмог цус алдалт 3000 мл, цус алдалтын шок гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч С.Га, Л.П, Ё.Б нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 7403 дугаартай дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

Иймд Л.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид учруулсан хохирлоос заримыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч эрүүл мэнддээ учирсан хүнд хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой мөрдөн байцаалтын шатанд 1 895 390 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 348 214  төгрөгийн нотлох баримт гаргаж, 2 243 604 төгрөг нэхэмжилсэнээс Л.Г 1 300 000 төгрөгийг төлсөн ба үлдэх 943 604 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд шүүгдэгч Л.Гаас 943 604 төгрөг гаргуулж, хохирогч Г.Бд олгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон даавууны тасархай 1 ширхэг болон 1 ширхэг чулууг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Гыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Гыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.Гын эдлэх 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.Гаас 943 604 төгрөг гаргуулж, хохирогч Г.Бд олгосугай.

 

6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Л.Гаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон даавууны тасархай 1 ширхэг болон 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Г цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН

 

                                               

                                                  ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

 

                                                  ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ