Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 811

 

 

 

 

 

 

 

 

    2020         9            09                                     811

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                          

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

өсвөр насны шүүгдэгч: Д.А, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ар,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа /1824/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ат холбогдох эрүүгийн 2005 0243 41298 тоот дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас, 11 сар, 18 хоногтой, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 500 000-600 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УО 02292625, Бүрэн энэрэлт овогт Даваахүүгийн А.

 

             Өсвөр насны шүүгдэгч Д.А нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны орчим 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч А.Быг газар унагаан цохиж, түүний дух, хүзүү, нуруу, зүүн эгэм, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-Д.А мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд миний буруутай үйлдлийн улмаас уг хэрэг үйлдэгдсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйдлээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч-С.Ар мэдүүлэхдээ:

А урьд нь хичээлдээ сайн байсан. Сүүлийн үед бүтэхгүй хүүхдүүдтэй нийлэх болсон. А одоо хийсэн хэрэгтээ гэмшиж, ажилд орж, дүүгээ харж, миний ажилд тусалдаг болсон. Сүүлийн үед найз залуутай болж, манай гэрт байгаа тул зан ааш, хүмүүжил нь засарч байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Б мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 18-ны орой 00 цагийн үед би дэлгүүр орж явахдаа Атай таарсан. А найз Одко болон эрэгтэй хоёр найз нь байсан бөгөөд бас А гэх охин байсан. А тамхи авах гэсэн юм гээд дэлгүүрээс тамхи авсан. Ингээд тэд нар пиво авсан байсан ба ууна гэж байсан. Би гэр рүүгээ ороод 2.5 литрийн савтай пиво аваад тэд нар дээр очсон. А болон найзууд нь 3 дугаар байрны үүдэнд сууж байсан. Ингээд бид зургаа нийлээд 6 дугаар байрны далангийн урд талын грашны тэнд очоод пиво ууцгаасан. Өглөө 04 цаг өнгөртөл суусан. Аын найз залуу Одко согтоод тасарчихсан байсан бөгөөд Атай андуураад миний хөхийг бариад авсан. Тэгээд байж байтал А намайг тусдаа уулзъя гэсэн. Ингээд А бид хоёр машинаас буусан. А надад хандан юу болоод байгаа юм бэ, Одко яагаад чиний хөхийг барьдаг юм гэхээр нь согтуудаа чамтай андуурсан байхаа гэсэн чинь намайг цагдаад өгчихөөрэй гэж хэлээд үсдээд газар унагаад, газар мөргүүлээд байсан. Хүзүүний зүүн талаас хазсан. Намайг унагах үед өвдөг, зүүн талын гуя, нуруун хэсгээрээ унасан бөгөөд зулгарсан байсан. Тэр үед найзууд нь машинаас гарч ирээд салгаад холдуулсан. А намайг ална гээд хөөгөөд байсан бөгөөд би баригдалгүй зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхээр нь дагуулаад А дээр очсон чинь А намайг дахиж барьж аваад цохих гэж дайрсан. Гэхдээ цохиогүй. Духны цус хуралт, зулгаралтыг үсдэж байгаад газар мөргүүлэхэд учирсан. Хүзүүний цус хуралт, зулгаралтыг хазах үед учирсан. Зүүн эгэмний цус хуралтыг намайг үсдээд газар унагах үедээ цохиж учруулсан. Нуруу, зүүн гуя, өвдөгний цус хуралт гэмтлийг унах үедээ авсан. Эмчилгээ хийлгээгүй, эмнэлгийн байгууллагад хандаагүй, эмчилгээний баримт байхгүй.

Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Атай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 17, 19 дүгээр хуудас)

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8449 тоот дүгнэлтэд:

1. А.Бын биед дух, хүзүү, нуруу, зүүн эгэм, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух, хүзүү, зүүн өвөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Өсвөр насны шүүгдэгч Д.А нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны орчим 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч А.Быг газар унагаан цохиж, түүний дух, хүзүү, нуруу, зүүн эгэм, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Бын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8449 тоот зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.Б нь өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй бөгөөд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн тул өсвөр насны шүүгдэгч Д.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өсвөр насны шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Өсвөр насны шүүгдэгч Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ат оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхийг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН