Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 817

 

 

 

 

 

 

 

 

   2020           9            15                                   817

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал

хохирогч: Ч.Х,

иргэний хариуцагч: У.Ха,

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Бямбасүрэнгийн Бд холбогдох эрүүгийн 2003 0000 00306 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх судлаач, рентген техникч мэргэжилтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвд рентген техникчээр ажилладаг, сард 686 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, нөхөр, 7-11 насны 2 хүүхдийн хамт Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун талын замд “Тоёота Приус” загварын 24-63 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Хийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдэснээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажилиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би жолооч болоод 8 жил болж байна. Тухайн үед намайг ухрах үйлдэл хийх үед хохирогч машины камерт харагдаагүй. Хохирлын хувьд манай нөхөр хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд одоогоор ажлын хөлс нь орж ирээгүй, мөн би банкнаас цалингийн зээл нэмж авах гэсэн боловч нэмж зээл олгох боломжгүй гэх хариу өгсөн. Цалингаа аваад зээлээ төлөөд дуусдаг тул хохирол төлж чадаагүй. Гэхдээ энэ долоо хоногтоо хохирогчийн хохирлыг төлнө. Мөн би хохирогчийг эмнэлэгт үзүүлье гэж хэлэхэд тэрээр Хэнтий аймагт үзүүлнэ гэж хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ч.Х мэдүүлэхдээ:

Тэр өдөр манай хүүхэд эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон тул би хүүхдээ эмнэлэгт сахиж байгаад өглөө нь таяг авах гэж явж байгаад осолд орсон. Би барилгын мэргэжилтэй хэдий боловч Хэнтий аймагт оёдлын цех ажиллуулдаг. Манай оёдлын цех Өмөрмонгол болон Улаанбаатар хотоос захиалга авч дээл оёдог байсан боловч ослоос хойш ажлаа хийгээгүй. Миний гар хаван ихтэй, яс нь бэхжээгүй, юм чимхэх боломжгүй байгаа. Эмч гарын гипсээ авахуулах болоогүй, дахиад 1 сар орчим гипстэйгээ байна гэж хэлсэн. Хохирогч надтай осол болсон үеэс хойш холбоо бариагүй, уулзаагүй. Ах нь надтай нэг удаа утсаар ярьсан. Ослын дараа би шүүгдэгч рүү яриад “миний зээлийн хугацаа болчихсон байна. Танд мөнгө байвал миний зээлийг төлж өгөх боломж байна уу. Чи над руу огт ярихгүй юм аа” гэж хэлэхэд шүүгдэгч “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш надтай холбогдоогүй. Би осолд ороогүй, бие эрүүл байсан бол 1 сард 20 дээлийг тус бүрийг нь багадаа 50 000 төгрөгөөр оёх байсан. Гэтэл 2 сарын хугацаанд ямар ч орлогогүй болсон тул надад хэцүү байна. Би яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлыг нэхэмжилж байна. Баримтаар гаргаж өгсөн 1 476 450 төгрөг болон 2 сарын ажлын байрны түрээс 340 000 төгрөг, 2 сарын зээл 780 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-У.Ха мэдүүлэхдээ:

Миний 1 сарын орлого 600 000-700 000 төгрөг байдаг. Би хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг энэ долоо хоногт багтаан төлж барагдуулна. Миний ажлыг заавал улсын коммисс хүлээж авсан тохиолдолд ажлын хөлс олгодог. Би маргааш улсын коммиссд ажлаа хүлээлгэж өгнө. Тиймээс ажлын хөлсөө аваад хохирол төлж барагдуулах боломжтой гэв.

 

2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Бичлэг эхлэхэд Улаанбаатарын цаг 2020 оны 8  дугаар сарын 03-ны өдрийн 10:28:42 цаг болж байна. Бичлэгийн зүүн доод буланд gadaa urd гэж тэмдэглэсэн байв.

Камерийн бичлэгт дэлгүүрийн урд талын замын зорчих хэсэг бүрэн харагдаж байна.

10:28:47 цагт явган зорчигч ГССҮТ-ийн орж, гардаг хаалганы урдуур зорчих хэсэг дээр алхаж явж байгаа нь харагдаж байна.

10:28:54 цагт мөнгөлөг өнгийн Т.Приус-30 загварын автомашин ГССҮТ-ийн баруун талын хаалгаар гарч ирж байгаа нь харагдаж байна.

10:28:58 цагт хаалгаар гарч ирсэн мөнгөлөг өнгийн Т.Приус-30 загварын автомашины өөдөөс буюу замын зүүн талаас цагаан өнгийн Т.Приус-10 загварын автомашин явж байгаа нь харагдаж байна.

10:29:04 цагт мөнгөлөг өнгийн Т.Приус-30 загварын автомашин ухарч байгаа нь харагдаж байна.

10:29:08 цагт мөнгөлөг өнгийн Т.Приус-30 загварын автомашин ухарч байгаад явган зорчигчийг мөргөж унагааж байгаа нь харагдаж байна.

10:29:17 цагт мөнгөлөг өнгийн Т.Приус-30 загварын автомашины баруун урд талаас хүн бууж явган зорчигч дээр очиж байгаа нь харагдаж байна.

10:29:58 цагт явган зорчигчийг мөргөсөн автомашинд явган зорчигчийг суулгаж байгаа нь харагдаж байна гэжээ. (хавтаст хэргийн 62 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 8954  тоот дүгнэлтэд:

1. Ч.Хийн биед зүүн шуу ясны хугарал, тархи доргилт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

           3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 75 дугаар хуудас)

 

            Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн магадлагаанд:

1. Явган зорчигч Чойдог овогтой Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Жолооч Бямбасүрэн овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. (хавтаст хэргийн 76 дугаар хуудас)

 

            Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазрын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 44195 дүгнэлтэд:

            1. Тоёота Приус-30 загварын 24-63 УБИ улсын дугаартай автомашин тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангаж байна.

            2. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлгүй байна.

            3. Энэхүү тээврийн хэрэгсэлд уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй болно.

            4. Энэхүү тээврийн хэрэгсэл нь цахилгаан буюу шингэн дамжуулагтай, ABS тоормосны системтэй ба ажиллагаа нь хэвийн стандартын шаардлага хангаж байна.

            5. Уг автомашины тоормос ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна гэжээ. (хавтаст хэргийн 83 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хавтаст хэргийн 105 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол  дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун талын замд “Тоёота Приус” загварын, 24-63 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Хийг мөргөн эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал, тархи доргилт, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Х, иргэний хариуцагч У.Ха нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8954 тоот дүгнэлт, Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар магадлагаа, Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 44195 дугаар дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Б.Бгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд 896 450 төгрөг нэхэмжилж, үүнээс гадна олох ёстой байсан орлого 580 000 төгрөг, нийт 1 476 450 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч У.Ха нь 1 476 450 төгрөгийг хохирогчид төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байх тул иргэний хариуцагчаас 1 476 450 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Хт олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Х нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Бд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арвантаван / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар У.Хагаас 1 476 450 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Хт олгосугай.

6. Хохирогч Ч.Х нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.ОЮУН