Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 576

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        09           04                                     2020/ШЦТ/576                                 

                                                                                                                     

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Г-ын А-ад холбогдох эрүүгийн 20030 0073 0099 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Чинзориг /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Амар, Т.Отгонбаатар, техникийн шинжээч В.Балжинням нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Даариймаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Г-ын А- /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 05 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Korea Group”-ийн зүүн талын замд хххх улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 14.2-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota Premio” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.А-ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, би өөрөө хохирлоо төлнө, хохиролд 25 сая төгрөгийг би өөрөө төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Тээврийн хэрэгсэл эргэж байгааг харсан, зогсоох арга хэмжээ авсан боловч зогсолгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэв.  

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө цагдаагийн газраас залгаад “та энэ хүний эхнэр мөн үү” гэж асуухаар нь “мөн” гэхэд “та цагдаа дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд би хүүхдүүддээ “аав чинь осолд орсон байна, яаралтай оч” гээд цагдаа дээр очиход “авто ослоор өнгөрчихлөө” гэсэн. Би маш их гомдолтой байна. Миний хүүхдүүд аавгүй өнчин үлдэж байна. Миний болон миний хүүхдүүдийн амьдралыг авч явдаг хүн манай нөхөр байсан. Манай нөхөр уул уурхайн салбарт 15 жил ажилласан, сайн уурхайчин, сайн нөхөр, сайн аав байсан. Миний бага хүүхэд өдөр бүр аавыгаа асуудаг. Бүхэл бүтэн автомашиныг яагаад харалгүй хүний амь хөнөөчихөж байгаа юм бэ. Нэг хүний архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлээс болоод нэг айлын амьдрал сүйрчихлээ. Хэрвээ шүүгдэгч ямар нэгэн үйлдэл хийсэн бол миний нөхөр тахир дутуу ч гэсэн хамт байх байсан. Тэгээд хохирол барагдуулсан гэж яриад байдаг. Хүний амийг юугаар ч нөхөшгүй. Би маш их гомдолтой байна...” гэв.

3. Техникийн шинжээч В.Балжиннямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хяналтын камерын бичлэгийг үзэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 840 дугаартай дүгнэлтэд үндэслэж дүгнэлтээ гаргасан. Мөн тодорхой шинжилгээний үр дүнгээс хамаарч дүгнэлт гаргадаг. 840 дугаартай дүгнэлтийн тухайд бол тухайн осол хэргийн бичлэг дээр үндэслэж гарсан дүгнэлт учир энэхүү дүгнэлтэн дээр үндэслэж гаргасан. Тоормосны мөрийн тухайд янз бүрийн мөр үүссэн байсан. Тэгэхээр зогсоох арга хэмжээ авах боломжтой. Автомашины хурдын тухайд их бага судлагдахуун байхгүй. Уг ослын хувьд туулсан зам нь тодорхой байгаа учир нийлбэр томъёогоор бодох шаардлагагүй. Амь хохирогч анхааруулах дохио өгсөнөөр учирч болох хохирлыг багасгах боломж байсан эсэх тал дээр хариулах боломжгүй.  Осол хэргийн хувьд давуу эрх бүхий орон зай биш. Өөрөөр хэлбэл давуу эрх яригдахгүй орон зай байдаг. Хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Хоёр автомашин хоёулаа дүрэм зөрчиж байхад давуу эрх гэсэн ойлголт байж болохгүй. Камерт үзлэг хийж хурд, хугацааг нь тодорхойлох боломжгүй учир өөр шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслэж өөрийн дүгнэлтийг гаргах боломжтой. 2 секундад автомашин 74 метр замыг туулах боломжтой...” гэв.

Эрүүгийн 20030 0073 0099 дугаартай хэргээс:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-05х, 06х, 07-16х/,

2. Зам тээврийн осол, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн хавсралт /хэргийн 2-р хавтас 32-33х, 34х, 35-37х, 198-199х, 200х, 201-204х/,

3. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 19-22х/,

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.83% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан  тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 23х/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч У.Бийн өгсөн: “...Миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин 2020 оны 01 сарын 16-ны өдөр 11 цаг 40 минутын орчимд миний утас руу 88032080 гэсэн дугаараас залгаж “хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.А-ын эхнэр мөн үү” гэхээр нь “мөн” гэхэд “зам тээврийн осол болсон байна” гэж хэлээд утсаа тасалсан. Би юу болсон талаар лавлахад “Зам тээврийн осол болсон байна, та яаралтай Тээврийн цагдаагийн албан дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би гэрээсээ гарахдаа хоёр хүүхэдтэйгээ утсаар ярьж “аав чинь осолд орсон байна, та хоёр яаралтай Тээврийн цагдаагийн албанд яваад оч” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би яваад очиход манай хоёр хүүхэд ирчихсэн байсан ба хоёр хүүхдийнхээ хамт өрөөнд ороход “танай нөхөр зам тээврийн осолд орж, өөд болсон байна” гэж хэлсэн. Ингээд би ослын талаар мэдсэн юм.

...Би оршуулгын зардал болон машины зардлыг нэхэмжилнэ. Манай бага охин дөнгөж 7 настай, тэжээгчээ зам тээврийн ослын улмаас алдсан тул цаашид амьдралын баталгаа байхгүй болоод байна. Маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х, 2-р хавтас 130х/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ц-ын иргэний хариуцагчаар өгсөн: “...2019 оны 3 сард байна уу эсвэл 4 сарын хавьцаа би хуучин унаж байсан хар өнгийн Lexus LS350 маркийн машиныг хувь хүнд өгч, зөрүү мөнгийг нь төлөөд уг Mercedes Benz маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм. Тухайн үед би уг машиныг авахад өөр нэг хүний нэр дээр байсан. Тэгээд 2019 оны 7 сард энэ машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тэгэхэд манай хүргэн ах Галбадрах нь “ахдаа 25.0 сая төгрөг зээлэх боломж байна уу” гэхээр нь би уг машинаа 2019 оны 12 сард “Централ капитал” бан бус санхүүгийн байгууллагын нэр дээр 3 сарын хугацаатай 25.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хүргэн ахдаа 25.0 сая төгрөгийг өгсөн. Би өөрөө үндсэн зээлдэгчээр нь явдаг.

Би Г.Аыг танина, бид хоёр 2017 оны 7 сараас үерхэж нөхөрлөх болсон. 2020 оны 01 сарын 15-ны өдөр 15 цагийн орчим манай найз залуу надаас “би гадуур ажил хөөцөлдөөд ирье” гэж хэлээд машиныг маань аваад явсан, авахдаа зөвшөөрөл аваад явсан. Тухайн үед эрүүл байсан. Миний машины урд хэсэг нь нилээн их хэмжээний эвдрэлтэй байна, би Г.Ааас хохирол нэхэмжлэхгүй. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 108х, 2-р хавтас 133х/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Алтанцойжийн гэрчээр өгсөн: “...2020 оны 01 сарын 16-ны үүрээр 05 цаг 45 минутын орчим зүүн талын төв зам дээр хоёр машин мөргөлдөх чимээ гарч, бид хоёр цонхоор харахад 2 машин зам дээр мөргөлдсөн байсан. ...тухайн жийп автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг эхлээд би мэдээгүй, дотор өрөөнд дагуулж орж ирсэний дараа архи уусан байна гэж мэдсэн, үнэртэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 123-124х/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Отгоны гэрчээр өгсөн: “...2020 оны 01 сарын 16-ны үүрээр 04-05 цагийн орчим “Суруга” төв дээр хамгаалагчийн ажилтай байхад зүүн талын зам дээр осол болсон. Ослыг бол хараагүй, тас хийх чимээ гарахаар нь даруйд нь харахад хар өнгийн билүү, шар өнгийн билүү Бенз маркийн автомашин жижиг суудлын автомашинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан харуул Алтанцойжийн хамт ослын газарт очиход Бенз маркийн автомашины жолооч залуу “би хүн дайрчихлаа, туслаарай” гээд орилж байсан. Уг залуу архи уусан, согтуу байсан. Алтанцойж нөгөө машины жолооч дээр очиж амьд эсэхийг нь хамар дээр нь гараа тавьж үзээд “амьсгалахгүй байна, үхсэн юм шиг байна” гээд эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Алтанцойж бид хоёр эмнэлэг, цагдаа иртэл жолооч залууг тайвшруулах гэж харуулын байрандаа авч орсон. Тэгэхэд тэр залуу “манай эхнэр лүү залгаад өгөөч” гэхээр нь Алтанцойж өөрийнхөө утсаар залгаж яриулсан. “Суруга” төв нь шилэн барилга учир эргэн тойрны юмс нэвт харагддаг. Ослын газарт очиход Бенз маркийн автомашин баруун тийшээ харсан, замын голд, урд хэсэг нь эвдрэлттэй байсан. Харин жижиг суудлын автомашин баруун тийшээ харсан, замын голд, баруун талын урд, хойд хаалга нь дотогшоогоо чихэгдсэн байсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 248-249х/,

9. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 313 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний хариу:

1. Шүүх химийн шинжилгээний 874 тоот хариунд: “Ж.А-ын цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн зүйл илрээгүй, ходоодны шингэнд нитрит, димедрол илрээгүй, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй, ходоодны шингэнд хүчтэй хүчил, шүлт илрээгүй. Химийн шинжээч а/х Б.Энхмандах, 2020.01.27 гэжээ.

2. Шүүх биологийн 875 тоот хариунд: Ж.А-ын цус нь АВО системээр ВIII-р бүлгийн харъяалалтай байна. Биологийн шинжээч а/д Бямбадорж 2020.01.23 гэжээ.

3. Шүүх эд эсийн С-313 тоот шинжилгээнд: Тархи-3, Зүрх-2, Уушги-2, Элэг-1, Бөөр-2, Нойр булчирхай-1, Бөөрний дээд булчирхай-1, Дэлүү-1, Нугас-2, Нугасны хатуу хальс-2, хүзүүний булчин-1 авч архивлав.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Авто осол: Бүхээг доторх гэмтэл: Хүзүүний нэг хоёрдугаар нугалмын мултрал, нугасны дарагдал шахагдалт, нугасны няцрал, цус хуралт. Тархины багана хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, эдийн няцрал. Зүүн талын 1-6, баруун талын 1-с 4-р хавирганы шууд бус хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, дотор эрхтний доргилт, холбоосны цус хуралт. Баруун хацар, эрүү, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шанаа, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал.

Дүгнэлт:

1. Талийгаач Ж.А-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүнийн нэг хоёрдугаар нугалмын мултрал, нугасны дарагдал шахагдалт, нугасны няцрал, цус хуралт. Тархины багана хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, эдийн няцрал. Зүүн талын 1-6, баруун талын 1-с 4-р хавирганы шууд бус хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, дотор эрхтний доргилт, холбоосны цус хуралт. Баруун хацар, эрүү, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шанаа, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. 2020.01.16-ны өдрийн 09:55 цагт талийгаачийн цогцост үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 3-5 цаг болсон байх боломжтой гэжээ.

6. Талийгаачийн цус нь АВО системээр ВIII-р бүлгийн харъяалалтай байна.

7. Химийн шинжилгээгээр талийгаачийн цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна. Ходоодны шингэнд нитрит, димедрол илрээгүй, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй, ходоодны шингэнд хүчтэй хүчил, шүлт илрээгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 07-10х, 14-17х/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс, бичлэг-дүр зургийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээний 0677 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн “8_21_R_20200116053300.mp4’, ‘7_22_R_202000116053300.mp4’, ‘6_23_R_20200116053300.mp4’, ‘5_25_R_20200116053300.mp4’, ‘4_26_R_20200116053300.mp4’, ‘3_27_R_20200116053300.mp4’, ‘2_28_R_20200116053300.mp4’, ‘1_29_R_20200116053300.mp4’ гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “8_21_R_20200116053300.mp4’, ‘7_22_R_202000116053300.mp4’, ‘6_23_R_20200116053300.mp4’, ‘5_25_R_20200116053300.mp4’, ‘4_26_R_20200116053300.mp4’, ‘3_27_R_20200116053300.mp4’, ‘2_28_R_20200116053300.mp4’, ‘1_29_R_20200116053300.mp4’ гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийн дэлгэцийн цагаар 2020-01-16 05:34:22 секундэд Toyota Premiо маркийн автомашиныг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр эсрэг урсгал руу зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байх үед зорчих хэсгийн үргэлжилсэн шугамын голд Mercedes Benz маркийн автомашин Toyota Premiо маркийн автомашины зүүн талын хаалганы хэсэг рүү мөргөж байгаа дүрс дүрслэгдсэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн ‘7_22_R_202000116053300.mp4’ гэсэн нэртэй дүрс бичлэгт Mercedes Benz маркийн автомашины жигд хурдтай явсан дэлгэцийн дээд хэсэгт дүрслэгдсэн явган хүний гарцны хэвтээ тэмдэглэгээний наад үзүүрийг хөдөлгөөний эхлэл, дэлгэцийн зүүн хэсэгт дүрслэгдсэн гэрлийн шонгийн цаад талын хашлаганы шонг хөдөлгөөний төгсгөл цэгээр тооцон тухайн зайг ямар хугацаанд туулсныг шинжилж үзэхэд дээрх зайг 49 Framrate буюу 00:00:02:450 секунд хугацаанд туулж өнгөрч байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 22-х/,

11. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 16430788 дугаартай:

“Toyota Premio хххх улсын дугаартай автомашин нь зүүн урд буферийн сэнж сэтэрсэн, урд 2 их гэрлийн сэнж хагарсан, зүүн 2 хаалга, багана, хормой, хонго, шагаа чихэгдэж, ханзарч урагдсан, хойд 2 их гэрэл хагарсан, багаажны таг нугларсан, зүүн 2 хаалга үрчийсэн, салон хагарсан гэмтсэн, баруун хойд хаалга урагдсан, урд хаалга гажсан, урд салхины шил хагарсан байдалтай байлаа.

...Нийт шууд зардлын засварлах дүн 205.000 төгрөг, солих дүн 7.988.000 төгрөг, шууд бус зардлын дүн 1.600.000 төгрөг, техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 9.793.000 /есөн сая долоон зуун ерөн гурван мянга/ төгрөг” гэсэн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 141-148х/,

12. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 840 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 16 Gb флаш дахь камерын бичлэг, нөхөн үзлэгийн материалууд нь автотехникийн шинжилгээнд тэнцэнэ.

2. Mercedes Benz маркийн хххх улсын дугаартай автомашин ослын өмнө 112.5 км/цаг хурдтай явж байсан байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 39-42х/, 

13. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1660 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн нөхөн үзлэгийн материалд үндэслэн туулсан зай, зарцуулсан хугацаа тодорхой, өөрчлөгдөхгүй тул хурд болон тооцоолол хийсэн аргачлалд өөрчлөлт орохгүй.

2. Нөхөн үзлэгээр хэмжилт хийсэн “4”-өөс “5” хүртэлх зай нь тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх “А” цэгтэй хамааралгүй тул “4”-аас “5” хүртэлх зайг туулсан Mercedes Benz G class маркийн хххх улсын дугаартай автомашины хурдад өөрчлөлт орохгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 193-196х/, 

14. Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128 тоот актын:

1. Г.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ойлгон удирдах чадвартай байсан байна.

2. Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг хариуцах чадвартай байна.

3. Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг хариуцах чадвартай байна.

4. Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болсон байдлыг тусган авч мэдүүлэх чадвартай байна.

5. Г.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

6. Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

7. Г.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 46-47х/,

15. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 127 тоот:

1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх цэгийн байрлал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, зорчих хэсэгт үлдсэн тээврийн хэрэгслүүдийн дугуйн тоормослосон, түрэгдсэн, шилжсэн мөрүүд, гэрчүүдийн мэдүүлэг, осол хэрэг гарах үеийн камерын бичлэг, тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох зорилгоор хийсэн нөхөн хэмжилтийн үр дүн, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 361 дугаартай, 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлсон 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 840 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд хийсэн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 705, 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 744 дугаартай дүгнэлтүүд, уг дүгнэлтүүдээр тодорхойлсон тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөх үеийн байрлал зэргийг үндэслэхэд М.Бенз маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 14.2-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Т.Премио маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг ханган”, энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна.

Г.Аын өмгөөлөгч Х.Даваахүүгээс тавьсан асуултын хариулт:

4. Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон тоормосны мөрөөр Г.Аын жолоодож явсан гэх М.Бенз маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл шингэн дамжуулга бүхий АВS төрлийн тоормосны системээр тоноглогдон үйлдвэрлэгддэг. Энэ төрлийн тоормосны систем нь дугуйг түгжиж, тоормослодоггүй, энгийн тоормосны системээс онцлог, ялгаатай систем бөгөөд харьцангуй их хурдтай яваа автомашин тоормослоход зорчих хэсэгт тасалдалттай тоормосны мөр үүсдэг нь туршилтаар тогтоогддог. Уг осол хэргийн хувьд 20.3 м, 18.3 м урттай, энэ мөр үүссэн байх боломжтой байх нь хэргийн газрын үзлэгээр илэрч, хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэг хүртэл үргэлжилж, хурд, мөрийн чиглэл, хэлбэр, шинж чанар нь өөрчлөгдсөн гэхээр байна. Ийм мөрийн нийт уртыг тоормосны мөрийн үргэлжилсэн мөр гэж үзэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох нь учир дутагдалтай. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 840 дугаартай дүгнэлтээр тодорхой цэгүүдийг тодорхойлж, тэдгээрийн хоорондох зайг туулсан хугацаанд харьцуулж тодорхойлсон дундаж хурд нь бодит хурд байх боломжтой гэж үзэж байна.

5. Осол хэрэг гарсан гэх зам, орчны байдал, зорчих хэсгийн хөдөлгөөний зохион байгуулалтаар тогтоосон хэм хэмжээ, тэмдэглэлий байдал /үргэлжилсэн хос шугам/ зэргээс харахад Т.Премио маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч буцаж эргэх, эсрэг урсгалд сөрж орох буюу орохоор завдах үйлдэл хийхийг дүрмээр зөвшөөрөөгүй, хөдөлгөөний чиг өөрчлөх, хөдөлгөөнийг бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй огтлолцуулахдаа давуу эрх /МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.2-т заасан зам тавьж өгөх, давуу эрх тодорхойлолтыг үзэх/ эдлэхгүй байна.

6. Зам тавьж өгөх этгээд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хурд болон чиглэлийг өөрчлөхгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байсан бол тухайн зам тээврийн осол гарах байсан үйлдэл, эс үйлдэхүйн талаар шинжээч хариулт өгөх боломжгүй.

Талийгаач Ж.А-ын хууль ёсны төлөөлөгч У.Бээс тавьж буй асуултын хариулт:

7. Зам тээврийн осол гарсан шалтгааныг осолд холбогдсон жолооч нарын өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол хэрэг гарах нөхцөл бүрдсэн үндэслэлтэй гэж шинжээч үзэж байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 110-112х/,

16. Амь хохирогч Ж.А-ын иргэний үнэмлэх болон нас барсны бүртгэлийн 0000242739 дугаартай гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн №0238939 дугаартай гэрчилгээ, Амаржаргалын Амирлан, Амаржаргалын Мөнгөншагай, Амаржаргалын Сарнайцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 35-37х, 40-42х/

17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бээс гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын баримтууд /хэргийн 1-р хавтас 48-85х, 2-р хавтас 214-216х/,  

18. Шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Миний утасны цэнэг дууссан байсан ба би унтаад сэрсэн болохоор гайгүй байх гэж бодоод, машинаа бариад гэртээ харих зорилгоор ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 40-50 орчим км цагийн хурдтай явж байх үед E-mart худалдааны төвийн уулзварын зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан байсан учраас хурдаа хасалгүйгээр нэвтэрч ороод явж байхад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд суудлын саарал өнгийн тээврийн хэрэгсэл явж байснаа гэнэт огцом зүүн гар тийшээгээ дарсан. Тэр үед би харсан даруйдаа тоормозоо гишгэж, зүүн гар тал руугаа дарсан боловч машиныхаа урд хэсгээр тухайн машины зүүн хэсэг рүү мөргөсөн юм. Тэр үед хэсэг шоконд орсон. Тэгээд би машинаас бууж, эсрэг талын машины жолооч талаар нь очоод “ахаа, та зүгээр үү” гэхэд тэр эрэгтэй жолооч “ах нь амьсгалж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь эргэж машин руугаа явж очоод утсаа хайж олоод, цэнэглээд олох гэсэн боловч утас маань асахгүй байсан. Тэгээд ойр орчимд явж байсан машинуудыг зогсоож тусламж хүсэх гэсэн боловч машинууд зогсохгүй яваад байсан. Ингээд би суудлын машины жолооч талаар нь очиж хаалгыг нь онгойлгож, тухайн хүнийг татаж гаргах гэсэн боловч суудлын бүс нь тайлагдахгүй гацсан байсан. Би уг машины араар нь орж тэр хүнийг гаргаж авах гэж нилээн үзсэн боловч болохгүй байхаар нь машинаас гарсан. Тэгэхэд ойр орчмоос хоёр хамгаалагч ирэхээр нь “энэ хүнийг гаргаж авахад туслаач ээ” гэхэд тэр хоёрын нэг нь “хөдөлгөж болдоггүй юм аа, цагдаа болон түргэн тусламж ирэхээр нь бол” гэж хэлээд намайг World Korea group-ийн нэгдүгээр давхарт дагуулж орсон. Тэгээд би тэр хоёр хамгаалагчийн нэгнийх нь гар утсыг нь авч найз охин Д.Ц-ын утас луу залгаж уйлаад “би осол хийчихлээ” гэж хэлсэн. Удалгүй гаднаас нэг цагдаа орж ирээд “жолооч нь хаана байна вэ” гэхээр нь “би байна” гэж хэлэхэд намайг авч гараад, алаг машиндаа оруулж суулгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын албан хаагч нар ирсэн.

Замын хөдөлгөөн сийрэг, машин бараг байхгүй байсан. Зам гэрэлтүүлэгтэй, харанхуй, хальтиргаатай, цаг агаарын хувьд хүйтэн байсан ба зам эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээ хатуу хучилттай асфальтан зам байсан. Би машин барьж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би нийт 3 бакал пиво уусан, тэрнээс архи бол уугаагүй. Би осол болох үед машиныхаа хурдыг анзаараагүй. ...Ийм асуудал гарсанд маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115-117х, 2-р хавтас 210-211х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Р.Болормаа /хэргийн 1-р хавтас 110х/, С.Энхтуяа /хэргийн 1-р хавтас 112х/, Н.Ганбат /хэргийн 1-р хавтас 120х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 185х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 189х/, сурагчийн хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын үнэмлхийн хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 191-196х, 197х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 05 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Korea Group”-ийн зүүн талын замд хххх улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 14.2-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota Premio” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.А-ын биед “хүзүүнийн нэг хоёрдугаар нугалмын мултрал, нугасны дарагдал шахагдалт, нугасны няцрал, цус хуралт. Тархины багана хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, эдийн няцрал. Зүүн талын 1-6, баруун талын 1-с 4-р хавирганы шууд бус хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, дотор эрхтний доргилт, холбоосны цус хуралт. Баруун хацар, эрүү, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шанаа, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл авч, ...дээрх хавсарсан гэмтлийн улмаас амь нас барж, амь хохирсон болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь тухайн осол хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.83% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 23х/, гэрч Ц.Эрдэнэбат, гэрч Ч.Алтанцойж нарын мэдүүлэг болон шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдсон.  

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн Прокуророос Г.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Аыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэрэг гарахад Т.Премио маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.А- /амь хохирогч/ нь “тээврийн хэрэгслийн жолооч буцаж эргэх, эсрэг урсгалд сөрж орох буюу орохоор завдах үйлдэл хийхийг дүрмээр зөвшөөрөөгүй, хөдөлгөөний чиг өөрчлөх, хөдөлгөөнийг бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй огтлолцуулахдаа давуу эрх /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.2-т заасан “Зам тавьж өгөх”, “Давуу эрх”/ эдлэхгүй байна” гэснийг зөрчсөн зохих буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 127 дугаартай дүгнэлт /хэргийн 2-р хавтас 110-112х/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. 

Шүүгдэгч Г.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 1-р хавтас 189х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм. 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй /шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн үйлдэл нь санаатай, уг үйлдлийн улмаас үүсэх хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан/ бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын зарим болох 25.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, үлдэх хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа тус тус харгалзан үзэв.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Г.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Ж.А-ыг оршуулахтай холбоотой гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 27.107.574 төгрөг нэхэмжилсэн баримт, хохирлын тооцоог хэрэгт гаргаж өгсөнөөс /хэргийн 1-р хавтас 48-85х, 2-р хавтас 214-216х/ шүүх нэг бүрчлэн тооцож үзэхэд нийт 23.996.769 төгрөг байна.

Хэргийн 1-р хавтас 81-82 дугаар талд авагдсан амь хохирогчийн оршуулгын ажиллагаанд оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн гэх 2 хүний онгоцны тийзийн үнэ болох 1.979.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэх шаардлагын тухайд уг онгоцны тийз нь гэмт хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиалж авсан байх тул энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 2-р хавтас хэргийн 214-216 дугаар талд авагдсан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан гэх баримтууд нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хамаарахгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлээс 3.098.461 төгрөгийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бийн нэхэмжлэлээс баримтаар нотлогдсон хэмжээнд хангагдвал зохих 21.898.308 төгрөгийн шаардлага дээр шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон автомашины хохирол 9.793.000 төгрөг, мөн үнэлгээний төлбөр төлсөн 412.000 төгрөгийг нэмж 32.103.308 төгрөг гарсанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.А нь 25.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Хэргийн шүүгдэгч Г.А нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан Mercedes Benz маркийн 0858 УБС улсын дугаартай автомашин нь Д.Ц-ын эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар мэдүүлсэн баримттай, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрснөөр шүүгдэгч нь осол болох тухайн цаг хугацаанд жолоодон явсан нь тогтоогдсон тул Д.Ц-ыг /хэргийн 1-р хавтас 106х/ 2020 оны 01 сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтыг зөрчөөгүй, хуулийн үндэслэл бүхий байна.  

“Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан тул уг зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Аад шилжүүлэн өгсөн иргэний хариуцагч Д.Ц- нь хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх тул 7.103.308 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Мөн талийгаачийн 2012 оны 9 сарын 19-ний өдөр төрсөн охин А.А-гийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 350.000 төгрөгөөр тогтоогдсон, тэтгэмжийн зөрүү 223,025 төгрөгийг хасаж тооцсон зөрүү 126,975 төгрөгөөр тооцож, 18 нас хүртэл буюу 120 сараар тооцож /тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр/ нийт 15,237,000 төгрөгийн шаардлагын хувьд хэрэгт ирүүлсэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэрт бичилт хийгдсэнээс харахад өөр өөрөөр бичигдсэн /2020 оны 2 дугаар сард 301,724 төгрөг, 3 дугаар сард 350,000 төгрөг/, улмаар 3 сараас хойшхи тэтгэмжийг авсан эсэх нь тодорхойгүй, бичилт хийгдээгүй байгаагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт хангалттай цуглаагүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаалгахаар “...хххх улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн хурдыг бодитой зөв тогтоох шаардлагатай, мөн хохирогч эргэлт хийхдээ дохио өгсөн эсэхийг шалгах шаардлагатай, энэ нь гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг тогтооход ач холбогдолтой, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй, хэт нэг талыг барьж нотлох баримтыг цуглуусан, мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан, прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулаагүй, хүчинтэйд тооцуулахаар мөрдөгч санал гаргахад хүчинтэйд тооцоогүй атлаа зөвшөөрөл олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд байгаа учир арилгуулах саналтай...” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зөрчил байгаа /прокурорын зөвшөөрөлгүй хийсэн ажиллагааг хүчинтэйд тооцоогүй ч зөвшөөрөл олгосон тухай шийдвэр/ нь хэргийг прокурорт буцааж, дээрх ажиллагаануудыг хийлгэх үндэслэл болохгүйн дээр дээрх ажиллагаанууд нь шүүгдэгч Г.Аын гэм буруутай үйлдэл болон түүнд холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа алдах, хэргийн оролцогчийн /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ хуулиар олгогдсон зарим эрх хөндөгдөхөөр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Н овогт Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Г.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-ад оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.А-ад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч Д.Ц-аас 7.103.308 /долоон сая нэг зуун гурван мянга гурван зуун найм/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-т олгож, У.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагааас 3.098.461 /гурван сая еөн найман мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг түүнд тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Г.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.А-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР