Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 05

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар 

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр 

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 173000070014 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 15 нас 9 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б 

 

Б.Б нь 15 нас 1 сар 23 хоногтой байхдаа С.Ттай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 07-ны хооронд 5 удаагийн үйлдлээр Мөнххаан сумын төвд оршин суух М.Э, С.Д, Ш.О, О.Э, Ц.Б нарын гэрээс эд зүйлс хулгайлж,  9516000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тус аймгийн Прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор:  Өсвөр насны шүүгдэгч Б.Бийг С.Ттай бүлэглэж, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бийг 2 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны ялтан Б.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны ялтан Б.Бт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны ялтан Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өсвөр насны ялтан Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирлууд нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: ... Эрүүгийн хэрэг 

хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 15 настай, Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Хүүхдийн гэнэн томоогүй, хайхрамжгүй зангаасаа болж, анх удаа гэмт хэрэгт холбогдож, цөөнгүй хугацаагаар цагдан хоригдоод байна. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг өөрчлөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч өсвөр насны хүүхэд болох Б.Бийг С.Ттай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх  4 удаагийн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасныг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн дүгнэлт нь  үндэслэлтэй байна. 

Харин шүүгдэгчийн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Дийн хашаанаас “Dayung”  маркийн мотоциклийг хулгайлах гэмт хэрэгт холбогдож, бие даасан нэг гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байхад түүнд ял шийтгэл оногдуулалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэх заалтыг зөрчжээ. 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин 

хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өмгөөлөгч Т.Хүдэрийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолд энэ удаагийн шүүх хуралдаанаас үнэлэлт, дүгнэлт өгөхгүй боломжгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг: Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 173000070014 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд  буцаасугай.

 

Хоёр: Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Гурав: Шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдсугай. 

 

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                 Б.ДЭНСМАА

                                                          О.БААТАРСҮХ