Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     М.Х-ы нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.А-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.А

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч М.Х

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: “М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 110/2021/0063/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7

 

дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлд заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1.“...Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” мөн зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж тус тус заасан байдаг.

2.2. Нэхэмжлэгч М.Хы хувьд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 2 жил 4 сар нь Баян-Өлгий аймгийн Монголын мусульманы нийгэмлэгээс ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн 37 код буюу лам санваартны төрлөөр бүртгэгдэж нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагчаас төлсөн хугацаа орсон байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд малчнаар ажилласан 15 жилийн болзлоо хангаагүй тул малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдалтай юм.

2.3. Гэтэл нэхэмжлэгч М.Х эдгээр нөхцөл байдлуудыг мэддэг мөртлөө өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж Ногооннуур сумын Цанааннуур тосгон хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид нөлөөлж, улмаас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 4/1 дугаар хууль бус шийдвэрийг гаргуулсан байна.

2.4. Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтаар энэхүү зөрчлийг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр илрүүлж, Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, зөрчлийг арилгуулж, хариуцлага алдсан нийтийн албан тушаалтны албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон, хуурамч нотлох баримт үйлдсэн, нотлох баримт хууль бус гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн болно.

2.5 Анхан шатны шүүхээс тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

2.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хянахад зарим нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анхан шатны шүүх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаар шийдвэрээр тогтоогдоогүй, М.Хы “1995-2000 он дуустал мал маллаж байсныг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэг буюу Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2021 оны 4/1 дүгээр тогтоол, холбогдох баримтыг иргэний хэргээс хуулбарлан авч үнэлэхдээ хэрэгт авагдсан Тэтгэврийн хувийн хэрэгт 1996-1998 оны мал тооллогын А дансны хуулга хавсаргасан, харин 1999, 2000 оных байхгүй буюу Зөвлөлийн тогтоолд туссанаас зөрүүтэй байхад тухайн тогтоолыг гаргасан газраас энэ талаар лавлагаа, 4/1 дүгээр тогтоолын үндэслэл болсон баримтууд, хуралдааны тэмдэглэл зэргийг гаргуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тус тус заасанд нийцээгүй байна. 

4. Хариуцагчийн давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “тухайн ... Зөвлөл нь М.Хы өргөдлийг буцаасан, малчнаар ажилласан жил тогтоосон буюу өөр агуулгатай 2 шийдвэр гаргасан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул холбогдох газарт нь албан тушаалтнуудыг шилжүүлсэн” гэж тайлбар гаргаснаас үзэхэд уг орон тооны бус Зөвлөлөөс дээрх зөрүүтэй байдлыг тодруулсан тохиолдолд тухайн нөхцөл байдал нь тогтоогдох боломжтой байсан гэж үзэхээр байна. 

5. Шүүх нэхэмжлэгч М.Хы малчнаар ажилласан гэх тухайн Зөвлөлийн тогтоолоор тогтоосон хугацааг үнэлж “... 12 жилийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр, 6 жилийг Зөвлөлийн тогтоолоор тогтоосон, нийт 18 жил малчнаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй” гэж, мөн Зөвлөлийн 4/1 дүгээр тогтоол нь “хууль журмаар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байгаагаас гадна” гэж, мөн хариуцагчийн маргаж буй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хассан ч малчнаар ажилласан 15 жил 8 сарын хугацааны шимтгэлийг төлсөн” гэж Зөвлөлийн тогтоолоор тогтоосон хугацааг тооцсоны үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

6. Түүнчлэн “иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр мал маллаж малчнаар ажилласнаар тогтоосон 12 жилийн “2 жил 4 сар”-д нь лам санваартан гэх кодоор нийгмийн даатгалыг шимтгэл төлсөн нь ... хуульд заасан ... 15 жил малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн гэдэгт хамаарахгүй” гэж хариуцагчийн маргасан хэсэгт анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;” гэж заасан.

Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг;” гэж зааснаас үзвэл  дээрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан “малчин” гэдэг нэр томьёог мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор байна.

8. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дээрх хуулиудыг хэрэглээгүй бөгөөд “Б.Хуанганыг 2008.01.01-2019.12.31-нийг дуустал мал маллаж малчнаар ажиллаж байсныг тогтоосон” нь дээрх хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасныг тогтоох үндэслэл болох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

9. Өөрөөр хэлбэл мал маллаж малчнаар ажиллаж байхдаа өөр ажил давхар эрхэлж шимтгэл төлж байсан иргэн нь тухайн хуульд заасан “малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн” гэх болзлыг хангаагүй талаар хариуцагч маргасан тул энэ талаар зайлшгүй дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагатай.

10. Дээр дурдсан үндэслэлүүдээр нотлох баримтыг зохих журмын дагуу цуглуулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2022/01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ