Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 133

 

Ж.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05759 дугаар шийдвэртэй, Ж.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй, Г.Байгалтуяад холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 418 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийн гэх хашаа байхгүй, өр толгойлсон эмэгтэй, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2013 оны 6 дугаар сард Г.Байгалтуяа гэдэг эмэгтэй газар зарах гэж байгааг мэдээд, түүнтэй уулзаж Норвеги улсын иргэн миний амьдралыг дэмжих гэж байгааг хэлсэн. Г.Байгалтуяа нь миний амьдралыг ойлголоо гээд Улиастай 3 в-ийн 776 тоот хашааг 2 хувааж талыг нь өгье, мөнгөө бэлнээр өг, хямдхан хашаа гээд 6 000 000 төгрөг бэлнээр өгвөл газрыг нэр дээр минь болгож өгнө гэсэн. 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нотариатаар гэрчлүүлэн 6 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан.

Хэд хоногийн дараа ирж газраа заалгаж авахад далантай газар байсан тул 250 000 төгрөгөөр түрүүлж тэгшилж, газар дээрээ хашаа барьж 1 418 000 төгрөгийн зардал гаргасан. Блок 350 000 төгрөг, 6 шуудай цемент 48 000 төгрөг, 1 машин элс 70 000 төгрөг, 12 ширхэг шон 48 000 төгрөг, банз 240 000 төгрөг, машины хөлс 100 000 төгрөг, 3 хүний ажлын хөлс 360 000 төгрөг болсон. Хашааг барьчихаад хэд хоноод очиход хашаа минь алга болчихсон байсан. Хашаанд Г.Байгалтуяагийн хамаатан айл байсан. Хэдэн блок үлдчихсэн байхаар нь түүнээс асуухад мэдэхгүй гэсэн.

Ингээд намайг зальдаад байгааг мэдээд 2013 оны өвлөөс 2014 он хүртэл олон сар мөнгөө буцааж авъя гэж олон удаа нэхээд өгөөгүй учир цагдаад өргөдөл гаргасан. Баянзүрх дүүргийн Прокурорын газар 2014 оны 2 дугаар сарын 28-нд иргэд хоорондын маргаан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон тул 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандаж, 6 000 000 төгрөг, хашаанд гарсан зардал 1 418 000 төгрөг, нийт 7 418 000 төгрөгийг Г.Байгалтуяагаас нэхэмжилснийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Байгалтуяа би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 в хэсэг улиастайн 776 тоот газрыг хажуу газартай нь хамт тойруулаад модон хашаа барьсан байсан. Тухайн үед илүү газрыг эзэмших хүсэлтээ өгч амжаагүй байсан ба нөхөр маань бөөрний дутагдлын улмаас яаралтай мөнгөний шаардлага гарсан тул уг газрыг зарах болсон. Ингээд 2013 оны 6 дугаар сард Норвегийн иргэн эмэгтэй Ж.Цэрэндолгорын хамт ирээд газрыг худалдаж авах болсон. Тухайн үед газар эзэмших зөвшөөрөл аваагүйг хэлэхэд бид хөөцөлдөөд зөвшөөрлөө авна гээд кадастрын зургийг өөрийн нэр дээр гаргуулан, модон хашааг буулган блокон хашаа босгосон.

Тэгээд надад гадаадын эмэгтэй 6 сая төгрөг өгсөн. Гэтэл хашаагаа босгочихоод Ж.Цэрэндолгор амьдраагүй, 2013 оны 12 дугаар сард ирээд тэрээр “гадаадын эмэгтэйн өгсөн 6 сая төгрөгийг өгчих, мөнгө хэрэгтэй байна” гээд гуйгаад байсан. Би буцааж өгч чадахгүй, нөхрийнхөө эмчилгээнд хэрэглэсэн, газраа хөөцөлдөөд авна гэсэн яасан бэ гэхэд наад газар дээр чинь амьдрахгүй гээд явсан. Ж.Цэрэндолгор 2014 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст залилсан гэдгээр шалгуулсан. Гэтэл 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө авна гэж байгааг зөвшөөрөхгүй.

Би Ж.Цэрэндолгороос 6 сая төгрөг аваагүй. Тэрээр өөрийн мөнгөөр хашаа бариагүй, уг газар зөвшөөрөлгүй гэдгийг мэдэж байсан. Уг газар дээр Ж.Цэрэндолгор амьдардаг гэсэн, хороонд бүртгэл кадастрын зураг хийлгэсэн байсан. Энэ талаар хорооны хэсгийн ахлагч мэднэ. Ж.Цэрэндолгор нэн ядуу гэж гадаадын хүнээр газар авхуулж хашаа босгуулаад замаас нь мөнгийг авах гэж кадастрын зураг гаргуулчихаад, газрын зөвшөөрлөө хөөцөлдөхгүй шүүх цагдаад хохирсон мэтээр нэхэмжлэл гаргаж байна.

Хэрэв гадаад иргэн надаас мөнгөө нэхэмжлэх юм бол би өгнө. Нэхэмжлэгч бид нарын хооронд бол гэрээ хийгдээгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан. Хашаанд 1 418 000 төгрөгийн зардал гаргасан тухай бичгийн нотлох баримт ч байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг баримтлан, хариуцагч Г.Байгалтуяагаас 6 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 418 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Байгалтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Байгалтуяа нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 776 а тоот хашааны газрыг Ж.Цэрэндолгорт 6 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Учир нь дээрх хаягтай хашааны газар худалдаагүй. Мөн нэхэмжлэгч газар эзэмших гэрчилгээ байхгүйг мэдэж байсан, өөрөө кадастрын зураг зуруулаад зөвшөөрлөө аваагүй байж газрыг тэгшилж, блокон хашаа босгосон зардлыг Норвеги иргэний мөнгөөр хийлгэсэн.

Нэхэмжлэгч эрхийн доголдолтой талаар гомдол гаргаагүй татгалзаагүй нь газрыг доголдолтой гэдгийг мэдэж байсныг нотолж байгаа, нэхэмжлэгч мөнгийг буцааж авах зорилгоор гадаадын иргэнд эрхийн доголдолтойг хэлж ойлгуулаагүй, надаас бичиг авахдаа “мөнгийг бэлнээр тооцно” гэж бичүүлсэн, мөнгө хүлээлгэн өгсөн баримтгүй, Норвеги иргэн мөнгийг тоолж өгсөн байтал шүүх мөнгө бэлнээр тооцсон тухай баримтаар тогтоогдож байна гэж буруу дүгнэсэн.

Нэхэмжлэгч газрыг үзээгүй, би нэр дээр нь шилжүүлэх үүрэггүй энэ талаар худлаа тайлбарласан, өөрөө шилжүүлж авна гэсэн учраас 2014 оноос хойш 2 жил шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор нь хариуцагч Г.Байгалтуяад холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 6 000 000 төгрөг, бусад зардлын 1 418 000 төгрөг, нийт 7 418 000 төгрөгийг буцаан шаардсан нэхэмжлэл гаргасныг, шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.

 

Гэвч зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх үүрэг тайлбарлах, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа бүрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар шүүгч гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагааг шүүгч хэлбэрийн хувьд баримтжуулсан байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

/хх 10-12 дахь тал/

 

Мөн шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар явагдаагүй. Тухайлбал хэргийг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарахаас өмнө буюу хуралдаан хэзээ, хаана болохыг товлоогүй атлаа хариуцагчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангасан, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар талуудын мэтгэлцэх боломжийг олгосон гэж үзэхгүй.

/хх 19-21 дэх тал/

 

Хэргийн 18 дахь талд авагдсан Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ЕШ2016/05091 дугаартай захирамж нь тухайн хэргийг шийдвэрлэх, шүүх хуралдаан даргалагч шүүгчийг томилсон захирамж биш байна.

 

Зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт өгөх хүсэлт гаргасныг, шүүх хэлэлцээд хэрэгт хамааралгүй гэж дүгнэж хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан атал уг захирамж хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1. “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүгч захирамж гаргана” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ хариуцагч  биелүүлээгүйгээс уг гэрээнээс татгалзаж түүний үр дагаварыг шаардаж байгаа эсхүл гэрээний хохирол шаардаж байгааг буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулснаар эрх зүйн харилцааг зөв тодорхойлох боломжтой болох юм. Үүнээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт шүүх хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Г.Байгалтуяа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05759 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Т.ТУЯА