Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01610

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00496 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1400 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.Б

         Хариуцагч: НШШГГт холбогдох        

         Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21-6 тоот  2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 177.1-р НШШГГ талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ аваагүй шинжээч томилсон. Уг хөрөнгийг Д.Б 2016 онд 114,260,000 төгрөгөөр худалдаж авсан байхад 54,040,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг үндэслэн, түүний 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь миний  хөрөнгийг үнэгүйдүүлж, би хохирч   байна. Иймд Баян модот ХХК-ийн 2018-02-12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-10-02-ны өдрийн 184/ШЗ2017/09884 дүгээр захирамжаар Д.Баянмөнхөөс 21,939,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21-6 тоот орон сууц барьцаанд бүртгэлтэй нь тогтоогдсон тул битүүмжлэн хурааж, үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй. Иймд шинжээч томилон үнэлгээ хийхэд 54,040,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/00496 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1400 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/00946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Иргэний хуулийн 177.1-д албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талуудын хооронд харилцан тохиролцуулах арга хэмжээ авах талаар заасан.Гэтэл Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 06 тоот орон сууцны үнэлгээний талаар талуудын хооронд үнэ харилцан тохиролцуулах ямар ч арга хэмжээ аваагүй. шууд шинжээч томилсон. Гэтэл  шүүх  Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг зөрчигдөөгүй гэж үзсэнд гомдолтой байна.  Д.Б өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн бодит үнэ ханшийг үндэслэн 114,260,000 төгрөгөөр үнэлэх саналыг бичгээр гаргаж хариуцагчид хүргүүлсэн. Гэтэл шинжээч 54,040,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг зөрчиж,  хохирол амсах байдалд хүргэж байна. Хариуцагчийн зүгээс шинжээчийн үнэлгээ бодитой болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад  нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэсэнд гомдолтой байна. Шүүгчийн шийдвэрт  төлбөрийг Д.Бийн орон сууцнаас гаргуулах талаар заагаагүй байтал төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа огт хийгээгүй. Иймд шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.Б 2018-02-19-ний өдөр НШШГГт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2018-02-12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна. /хх 1-2/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-10-02-ны өдөр 184/ШЗ2017/09884 дүгээр захирамж гаргаж, /хх 5, 29/ Д.Б нь 21,909,600 төгрөгийг 2017-11-20-ны өдрийн дотор төлөх талаар МТС Финанс ББСБ ХХК-тай тохирч гэрээ байгуулсныг /хх 5-6/ баталжээ.

      Төлбөр төлөгч мөнгийг тохирсон  хугацаандаа, сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн /хх 7, 28/ байна.

      Хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа 2017-12-08-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 21-р хороолол, 21-6 тоот орон сууцыг битүүмжлэн /хх 8/, 2018-01-10-ны өдөр хураасан /хх 9/ байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх энэ ажиллагаатай холбоотой гомдлыг төлбөр төлөгч гаргаж байгаагүй тул “...захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй...” нь   нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 45, 56, 57/, Төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2018-01-31-ний өдрийн 7/17271495 дугаар тогтоол /хх 36/ зэргээс үзвэл хариуцагч нь төлбөр барагдуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу явуулжээ.   

         НШШГГ төлбөрт хураасан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. 

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00496 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1400 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                             ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ