Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 809

 


 

 

 

 

 

 

   2020            9          09                                     2020/ШЦТ/809

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Жавхлан            хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч Ч.П-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 01-нд Баянхонгор аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин захад мах шулагч ажилтай, ам бүл 0 эхнэр 0 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны 00 дугаар гудамжны 00а тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

2004 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, /РД:ГИ00000000/, Өмөд овогт Ч.П-холбогдох эрүүгийн 2005024181285 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Ч.П-нь согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин захын дотор биллъяардны байран дотор иргэн Б.Б-хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим болон цээжинд цус хуралт" гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.П-мэдүүлэхдээ: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би мөрдөн байцаалтад үйлдсэн хэргийн талаар мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

         Хавтаст хэргээс:

         Хохирогч Б.Б-мөрдөн байцаалтад“...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хархорин зах дээр байрладаг өөрийн ажиллуулдаг биллъяардад байж байтал орой 17 цагийн орчимд махны зах дотор’лангуу ажиллуулдаг П- гэх залуу гэнэт согтуу орж ирээд та нар мөнгө төгрөг нэхдэг. Хэзээ ийм болсон юм бэ гээд шууд толгой нүүр рүү гараараа цохисон...тэрүүгээр явж байсан нэг хүн П-г надаас салгаад явуулсан...1 цагийн дараа П- буцаж орж ирээд чамайг ална гээд цамцаар минь боож унагаад толгой руу цохисон ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 7-11-р хуудас/,

       Гэрч С.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад“...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчим манай нөхөр П- над дээр согтуу ирээд гэр лүүгээ харилаа гээд гараад явсан...араас нь унааны мөнгө өгөх гээд гараад П-г хаана байгааг хүмүүсээс асуухад биплъяардан дээр байгаа гэсэн... яваад очтол П- биллъяард ажилдуулдаг ахыг заамдан зогсож байхаар нь би салгаад аваад явсан...нөгөө хүн нь чи наад нөхрөө аваад зайл наадах чинь намайг зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 15-16-р хуудас/,

      Шинжээч эмч Т.Сэлэнгээгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 8820 дугаартай: “ Б.Б-ын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим болон цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Ч.П-согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин зах доторхи биллъяардны байранд  Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим болон цээжинд цус хуралт" гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

       хохирогч Б.Б-ын ”...П- гэх залуу гэнэт согтуу орж ирээд та нар мөнгө төгрөг нэхдэг. хэзээ ийм болсон юм бэ гээд шууд толгой нүүр рүү гараараа цохисон...тэрүүгээр явж байсан нэг хүн П-г надаас салгаад явуулсан...1 цагийн дараа П- буцаж орж ирээд чамайг ална гээд цамцаар минь боож унагаад толгой руу цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-11-р хуудас/, гэрч С.Оюун-Эрдэнийн “...П- биллъяард ажилдуулдаг ахыг заамдсан зогсож байхаар нь би салгаад аваад явсан...нөгөө хүн нь чи наад нөхрөө аваад зайл наадах чинь намайг зодчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, шинжээч эмчийн “Б.Б-ын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим болон цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлт / хх-ийн 21-22-р  хуудас/ зэрэг шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас Ч.П-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Ч.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ч.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.П-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.П-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.П-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

         Хэрэгт хохиролтой холбогдох нийт 600.000 төгрөгийн баримтууд авагдсан байх ба шүүгдэгч Ч.П-нь хохирлыг хүлээн зөвшөөрч хохирогч Б.Б-ад нөхөн төлсөн байна. /хх-ийн 54-р хуудас/

 

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Ө овогт Ч.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг буюу төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

            

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ