Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 789

 


 

 

 

 

 

 

   2020            9          03                                     2020/ШЦТ/789

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Жавхлан            хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч П.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эфес” худалдааны төвийн гадаа хохирогч М.С- зодож, түүний биед ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ч- мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хохирогчийн нэхэмжилсэн 2.824.200 төгрөгийг би төлнө.  Прокурорын хэлсэн ялын саналыг би зөвшөөрч байгаа гэв.

 

         Хавтаст хэргээс:

         Хохирогч М.С-ын мөрдөн байцаалтад“...би 2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед эхнэр Хаш-Эрдэнийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын “Эфес” худалдааны төвийн урд байх авто зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгслийг байршуулаад замаар зам хөндлөн гарч байсан. Тэгтэл 64-48 УБВ улсын дугаартай хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч цонхоо буулгаж надад хандаж “гөлөг минь холдооч” гэж орилохоор нь би түүнд хандаж “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд би тус тээврийн хэрэгслийн толь руу нь гараараа цохисон. Би эргэж хараад цаашаа явж байтал тэр эрэгтэй гөлөг минь, банди минь байж бай гэж орилж ирээд намайг үгийн зөрүү үгүй заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь миний хацар руу гараараа нэг удаа цохисон. Хажуугаар явж байсан үл таних 3 залуу ирж салгасан...миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлүүдийг хар өнгийн приус-30 маркийн автомашины жолооч П.Ч- миний биед учруулсан..." гэх мэдүүлэг /хх- ийн 7-9-р хуудас/,

 

Гэрч Б.Х- мөрдөн байцаалтад“...би нөхөр Сансарын хамт 2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед 10 дугаар хорооллын “Эфес” худалдааны төвийн авто зогсоол дээр автомашинаа байрлуулаад бид 2 зам хөндлөн гарч байсан. Манай нөхөр Сансар зам хөндлөн гарч байсан чинь хар өнгийн приус-30 маркийн автомашины жолооч манай нөхрийг хурдан гараач гэж хэлээд хараагаад байсан. Манай нөхөр тэр залуутай маргалдаад байхаар нь би нөхөртөө хандаж хүрээд ирээ гэсэн чинь манай нөхөр хүрээд ирсэн. Бид 2 цаашаа явж байсан чинь маргаж байсан хар өнгийн машины жолооч машинаа зам дагуу тавьчхаад бид 2-н араас гүйж ирээд манай нөхрийн нүүр рүү цохисон. Тэгээд тэнд байсан 3-н залуу салгасан. Удалгүй манай нөхрийн хамраас цус гарсан...манай нөхөр цохиогүй, барилцаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч С.Г- мөрдөн байцаалтад: “...би машин дотроосоо харж байхад манай нөхөр үл таних эрэгтэй 2 бие биеэ заамдсан байсан. Манай нөхөр зүүн гараа үл таних залуу руу далайж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

            Яллагдагч П.Ч-ын мөрдөн байцаалтад“...Тэгэхээр нь би машинаас буугаад тус эрэгтэй хүн дээр очоод заамдаж аваад зүүн гараараа нүүр хэсэгт нь цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 8826 дугаартай “...1. М.С-ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Яллагдагч П.Ч- мөрдөн байцаалтад: “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн гэмтэл нь би цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Ч-  2020 оны 7 дугаар сарын 31-ний шөнийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эфес” худалдааны төвийн гадаа хохирогч М.С-тай таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зодож, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

       хохирогч М.С-ын “...намайг үгийн зөрүү үгүй заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь миний хацар руу гараараа нэг удаа цохисон. Хажуугаар явж байсан үл таних 3 залуу ирж салгасан...миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлүүдийг хар өнгийн приус-30 маркийн автомашины жолооч П.Ч- миний биед учруулсан..." гэх мэдүүлэг, /хх- ийн 7-9-р хуудас/,

     гэрч Б.Х- “...гүйж ирээд манай нөхрийн нүүр рүү цохисон. Тэгээд тэнд байсан 3 залуу салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 8826 дугаартай “М.С-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/, яллагдагч П.Ч- мөрдөн байцаалтад: “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн гэмтэл нь би цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас П.Ч-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос П.Ч-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Ч- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.Ч-ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

         Хэрэгт хохиролтой холбогдох нийт 2.824.200 төгрөгийн баримтууд авагдсан байх ба шүүгдэгч П.Ч- нь хохирлыг хүлээн зөвшөөрч хохирогч М.С-т нөхөн төлөхөө илэрхийлж  харилцан тохиролцсон байна. /хх-ийн 55-56/

 

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт П.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

       3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шүүгдэгч П.Ч- хохиролд 2.824.200 төгрөгийг хохирогч М.С-т  нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдсугай.

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ч-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

            

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ