Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

   2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/00110

        Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9, өөрийн байранд оршин байгаа, “Жи мобайл” ХХК /рд:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж, 22-р байр, 14 тоот хаягт оршин суух, Цэрэнпунцаг овогт Буянхишигийн Зоригбадрах /рд:УУ92042998/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 522,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Зоригбадрах нь манай компанитай 2015 оны 3 сарын 10-ны өдөр 1206187 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн 388,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40,000 төгрөг төлж, 12 сарын хугацаатай сар бүр 29,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч Б.Зоригбадрах нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 348,000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно. Анх шүүхэд гар утасны үлдэгдэл төлбөр 348,000 төгрөг, алданги 174,000 төгрөг, нийт 522,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Одоо алдангиас 87,000 төгрөгийг татгалзаж, нийт 435,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Зоригбадрахад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 348,000 төгрөг, алданги 174,000 төгрөг, нийт 522,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 87,000 төгрөгөөр багасгасан болно. 

 

Хариуцагч Б.Зоригбадрах нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12 сарын 16-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Б.Зоригбадрахыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.

 

Талууд 2015 оны 3 сарын 10-ны өдөр “Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, Б.Зоригбадрах нь 388,000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утсыг урьдчилгаа 40,000 төгрөгийг өгч, 12 сарын хугацаанд сар бүр 29,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч “Жи мобайл” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагч Б.Зоригбадрахын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Зоригбадрах нь худалдагч “Жи мобайл” ХХК-д хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иймд нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь үлдэгдэл төлбөр болох 348,000 төгрөгийг хариуцагч Б.Зоригбадрахаас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-т нийцсэн байна.

 

Хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх боловч нэхэмжлэгч нь 87,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Саруулд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-т заасныг баримтлан хариуцагч Б.Зоригбадрахаас 435,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай. 

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Зоригбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид 13,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.НЯМБАЗАР